Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2020 оны 7 дугаар сард Рашаан хадны нутагт буй бичиг үсгийн дурсгалын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, зураг авч баримтжуулан цаашид энэхүү дурсгалыг холбогдох байгууллагуудтай хамтран хамгаалах, сэргээн засварлах боломж бололцоог судлав.
Рашаан хад хэмээх газар нь түүх дурсгалын ариун өвтэй газруудын нэг ба Монгол орны зүүн бүс, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн нутагт байдаг. Рашаан хад түүний ойр орчимд олон төрлийн өөр өөр цаг үеийг хамрах бичээс байхын сацуу чулуун зэвсгийн суурин, эртний булш, хадны зураг, тамга тэмдгийн дурсгал, буган чулуу, хүн чулуу, эртний хэрмэн хана (өглөгчийн хэрэм) зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгал арвин бий. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд зааснаар Рашаан хад нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамаардаг. Энэхүү дурсгалт газар нь зөвхөн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар төдийгүй тухайн бүс нутагт амьдарч буй буриад зон олны өвөрмөц соёл, дуу хуур, ёс заншил, ахуй орчин, уламжлалт арга ухаан зэрэг Соёлын биет болон биет бус өвийн уламжлалыг тээж агуулсан бүс нутаг гэж тодорхойлж болохоор байна.
Уг дурсгалыг хэдийгээс сонирхон судалж шинжилсэн эсэхийг хайж үзэхэд 1920-иод оны үед энэ нутгийн эртний дурсгалыг сонирхогч Хайдавданзан гэх хүн Рашаан хадны тухай мэдээллийг тэр цагийн Судар бичгийн хүрээлэнд анх ирүүлж байжээ. Рашаан хад, тухайн газрын эргэн тойронд дахь дурсгалыг академич Х.Пэрлээ гуай 1943 оноос сонирхон судалж улмаар тэр газрын хад чулуун дээр сийлэн үлдээсэн тамга, тэмдэг, дүрсийг шинжлэн 1968 онд нэг дор бөөнөөр сийлсэн тамганы дардастай чулууг нээн олж, 1976 онд “Монгол түмний гарлыг тамгаар мөшгин судлах нь” нэг сэдэвт зохиол бичиж, хэвлүүлж байсныг судлаачид юу эс андах билээ. Энэхүү бүтээлд Рашаан хадны дурсгалын орчимд байгаа хадан дээрх тэмдэг зурлагыг судлан нийт 400 гаруй тамга тэмдгийн дүрс, хадны зураг байгааг тогтоон эдгээр дүрс, тамга тэмдгүүдийг монгол нутагт зэрэгцэн оршиж байсан олон овог аймгийн хэрэглэж байсан болон Ази, Европ, Америк, Африк тивийн ард түмний дунд тархсан тамга тэмдэгтэй харьцуулан судалж, монгол овог аймаг, үндэстний тамганы талаарх мэдээллийг анхлан нэгтгэсэн байна. 1973, 1974 онд Гурван голын шинжилгээний анги, 1979, 1980-1981 онд МЗТСХЭ-ийн Чулуун зэвсгийн дурсгал судлах анги, 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хайгуулын анги, 1997-2008 онд Монгол-Солонгосын хамтарсан Мон-Сол төслийн судалгааны анги, 2005 онд Япон-Монголын “Бичээс” төслийн хүрээнд, 2006 онд МУИС-ийн МХСС-ийн багш доктор М.Баярсайханы удирдсан Эх бичиг судлалын анги болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид, 2008-2009 онд Соёлын өвийн төв, Япон Улсын Нарагийн Соёлын өв судлалын газар, Дошиша Их сургуулийн хамтарсан “Их Хэнтий” төслийн баг тус газарт очиж судалгаа хийж байжээ.
Академич Д.Цэвээндорж “Монголын эртний урлагийн түүх” номдоо Рашаан хадны зураг, тамга тэмдгийн дүрслэлийн он цаг, төрөл зүйлийн тухай, профессор Г.Гонгоржав “Монголчуудын чулуун өв соёл” номдоо Монголчуудын голомт нутаг- “Задын газар” буюу Рашаан хад орчмын эртний шүтлэг “Задын чулуу”-ны тухай, С.Бадрал “Монголын эртний чулуун баримал” номдоо Рашаан хадны дэргэдэх үхэр чулуун дээр хэдэн зуун тамга тэмдэг дүрсийг зурааслан цоолборлож дүрсэлсэн нь чулуун уран баримлыг бүтээх арга ажиллагаа хадгалагдсан болох тухай, доктор Ж.Саруулбуян, А.Даваасамбуу нар “Монгол адууны тамганы ойллого” номдоо Рашаан хаданд дахь морины дүрслэл нь монгол нутагт зурагдсан анхны морь дүрслэл болох тухай, Японы монголч эрдэмтэн Т.Мацүкава, монголын судлаач Ц.Баттулга нар Рашаан хаданд дахь монгол болон араб бичээс, доктор А.Очир, Л.Жамсран нар хятад, монгол бичээсийг уншин тайлж судалгааны бүтээлүүдэд нийтлүүлжээ. Мөн А.П.Окладников, Ш.Като зэрэг гадаадын эрдэмтэн судлаачид энэхүү дурсгалыг судалж, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад өөр өөрийн хувь нэмэр оруулжээ.
1996-1999 онд “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал” сэдэвчилсэн лавлах толь бичиг зохиох, хэрэглэгдхүүн цуглуулах хээрийн судалгааны үеэр зүүн бүс нутаг, ялангуяа Рашаан хад орчмын дурсгалыг аялал жуулчлалын чиглэлд хамруулж болох тойм судалгааг хийж байв.
Үүнээс хойш 2006-2008 онд Монгол-Японы хамтарсан “Зүүн Монголын чулуун зэвсгийн судалгаа” төсөл, 2011-2014 онд Монгол-Солонгосын хамтарсан “IU-SNU” чулуун зэвсгийн судалгааны төсөл, 2015 онд Соёл Урлагийн Их сургууль, ОХУ-ын Барнаулын Техникийн Их сургуультай хамтран “Орчин үеийн Сибирь болон Монголын дүрслэх урлагийн гарал үүслийн харьцуулсан судалгаа” төслийн баг зэрэг хэд хэдэн шинжилгээний анги ажилласан байна.
Энэ бүхнийг дурдсаны учир хэмээвээс Биндэр уулын ойр орчимд цогцлон буй чулуун зэвсгийн суурин, олон үеийн булшнууд, хадны зураг, тамга тэмдгийн дурсгал, монгол, төвөд, нанхиад, кидан, араб, түрэг зэрэг нийт 60 гаруй бичээстэй Рашаан хадыг тойрсон бичгийн дурсгал, буган хөшөө, хүн чулуун хөшөө, эртний бэхлэлт хэрэмний үлдэц зэрэг түүхийн урт удаан он цагт хамаарах олон төрлийн дурсгалууд нэгэн дор хадгалагдан үлдсэн байна. Гэвч одоогийн байгаа байдлыг харахад эдгээр дурсгалыг цаг алдалгүй хадгалж хамгаалах шаардлагатай байна.
Уг цогцолбор газрыг 2014 онд “хүн төрөлхтний түүх соёлын хосгүй үнэ цэнтэй өв мөн” хэмээн үзэж Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад “Тахилгат Биндэр уул түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар” нэрээр бүртгүүлсэн юм билээ. Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолын “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрт тусгаснаар “...Чулуун соёлын өв нь хүн төрөлхтний хөгжлийн түүхийн тодорхой цаг үеийн гэрч болон үлдэж, хүмүүсийн нийгмийн байдал, оюуны соёлын түвшин, зан заншил, шашин шүтлэг болон ахуй амьдралын улирч мартагдсан түүхийг нэхэн сэргээж ойлгох гол эх сурвалж болдог, дэлхий нийтийн үнэ цэнтэй дурсгал юм гэж үзсэн. Уг хөтөлбөрийг яам холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч гарын арван хуруунд багтах бичгийн гол дурсгалыг яаралтай хамтран хамгаалахгүй бол нүцгэн хад тэврээд хоцрох эрсдэл ойрхон буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд “Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” 181 дүгээр зарлигт хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсан байна. 2015 онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, тооллогын дүн мэдээгээр манай улсын нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрч гэмтсэн байна. Ялангуяа цаг уурын өөрчлөлт, уул уурхай, зам харилцаа зэрэг шинэ бүтээн байгуулалт, аялал жуулчлал, шашин шүтлэгийн нөлөөгөөр чулуун соёлын өвд хохирол учрах нь түгээмэл байна. Чулуун соёлын өвийг хамгаалахад өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн болон хүний нөөц, техник технологийн боломжид үндэслэн тодорхой дурсгалуудыг сонгон хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан арга зүйн дагуу гүйцэтгэх, дурсгалыг цаашид хэрхэн хамгаалах талаар хэтийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, гадаад, дотоодод сурталчлах зэрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай” гэж уг хөтөлбөрт дурдсан байдаг.
2008 оны 9 дүгээр сард Япон-Монголын хамтарсан “Соёлын өв олон улсын хамтын ажиллагааны консорциумын түншлэлийн судалгааг хийсэн байдаг. Уг судалгаанд Рашаан хад орчмын дурсгалуудын судалгааг хийн эдгээр соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах талаар 2007 онд байгуулагдсан Монгол Улсын үндэсний төлөвлөгөөнд оруулж хадгалах, нөхөн сэргээх, засвар үйлчилгээ, ашиглалтын төслийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлэхээр заасан боловч Монгол Улсад хадгалалт, сэргээн босгох хүний нөөц, технологи байхгүйгээс Япон улсаас дэмжлэг хүссэнийг Японы төслийн баг тайландаа дурджээ.
Рашаан хадыг хадгалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 303 тоот тогтоолын үндэсний хөтөлбөрт оруулсан боловч уг хөтөлбөр хэрэгжилгүй байсаар өдийг хүрлээ. Уг төлөвлөгөөнд Рашаан хадны ойр орчмыг цэвэрлэн тохижуулж жуулчдад болон ард иргэдэд нээлттэй зам нээн музей байгуулан тайлбар самбаруудыг байрлуулах шаардлагатай. Ингэснээрээ аялал жуулчлалын шинэ чиглэлийг бүрэлдүүлэн, судлаачдад болон аялагчдад илүү тав тухтай орчныг хүлээлгэн өгөх боломж бий болох юм. Төсвийн хувьд 100 сая төгрөгийн буюу 2008 оны 9 дүгээр сарын байдлаар арав орчим сая иенийг төсөвлөн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь буй. Японы судлаачид Рашаан хад орчмын дурсгалуудыг илрүүлэн нээх ажилд оролцсон тул Япон улсаас уг сэргээн засварлах ажилд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа 2008 оны судалгааны тайландаа илэрхийлжээ. Судалгааны хүрээнд төлөвлөсөн төсвийн хүрээнд Япон улсаас туслах хүсэлтэй байсан боловч Монгол улсын хувьд төдийлөн ач холбогдолтой хандаагүй бололтой. Төлөвлөгөөнд заасан сэргээн засварлах ажил хийгээгүй буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Рашаан хад болон бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэрэг хамгаалалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэж тогтоолд заасан байдаг ч өнөөдрийг хүртэл уг тогтоолын хэрэгжилт үр дүнд хүрээгүй хэвээр байна.
Рашаан хадыг Монгол дахь ариун усны хад хэмээдэг. Иймд нутгийн ард Биндэрийн эрүү хэмээх хадтай хошууны зүүн урагш харсан хаднаас шүүрч дусагнах дуслыг гартаа тосон авч “рашаан” хэмээн нүднээ шавшин хэрэглэж ирсэн гэдгийг биднийг судалгаа хийж байхад ирсэн нутгийн хүмүүс хэлж өгөв. Рашаан хадны дээд орой хэсгээс ус шүүрч дусалдаг нь уг бичгийн дурсгалыг зуны цагт чийг байнга нэвтлэх учир норсон биет дээрх бичиг балрах магадлал их юм шиг санагдав. Ингэлээ гээд нутгийн олны сүсэглэн ирж нүдээ шавшдаг рашааныг ад үзэлтэй биш. Рашаан хаданд дээр нутгийн иргэд рашаанаар нүдээ шавших гэж ирдгээс бичгийн болон тамганы дурсгалыг тэр бүр мэддэггүй бололтой. Биднийг байхад хэд хэдэн машин ирсэн боловч бичиг, тамга, бичээс байдаггүй хэн хэн нь мэдэхгүй байлаа. Яагаад рашаан хад гэж нэрлэх болсныг өнөөх дээрээс дусагнах рашаанаар нэрлэсэн гэж хэлж өгөв. 2009 оны байдлаар л сэргээн засварлах шаардлагатай гэж үзэж байсан дурсгалт газарт 2020 оны 7 дугаар сарыг хүртэл сэргээн засварлах, камертай болгох, хашаажуулах ажил хийгдээгүй байна. Монгол Улс Соёлын яамыг байгуулан өв соёлоо өвлүүлэн уламжлах, хайрлан хамгаалах санаачилга гарсан сайхан цаг үетэй таширлан Рашаан хадны дурсгал он цагийг өртөөлөн хэдэн зуун жилийг даван алсуураа арилж баларсан ч бас ч гайхаш тасарчихаагүй хэд хэдэн зүйлийн бичээсүүд энд тэнд армаг тармаг дурайн байна. Иймд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв хамтран ганц Рашаан хад гэлтгүй гарын арван хуруунд багтах хэдэн бичгийн дурсгалаа сэргээх, харуул хамгаалалттай болгоход чармайн ажиллаж, Соёлын яамны С.Чулуун сайдад тайланг илгээж зөвлөмж хүргүүлэн уламжлах болно.
Ашигласан материал:
https://www.legalinfo.mn/law/details/15067?lawid=15067
Ном зүй:
Даваацэрэн, Б., Цогтбаатар, Б., Анхсанаа, Г. Тахилгат Биндэр уул орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгал. Улаанбаатар: Соёмбо принтинг, 2019.
Х.Анужин