МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

 

“Хэл бол бидний үндэстнүүд хэмээн нэрийддэг улс төрийн болон түүхэн мөн чанарын хил хязгаарыг давсан асар уудам орон зайн зүй тогтнол юм” хэмээн Октавиа Паз утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал гардаж авахдаа хуваагдлыг нэгтгэх хэлний сүр хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Эх хэлний олон улсын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдөр ЮНЕСКО-ийн зүгээс эх хэлний нэгтгэх чадварыг онцлон тэмдэглэж байна. Эх хэл нь тухайн хэлээр яригчдыг нэгтгэн ойртуулж хамтын хэрэглээний орчинд хөгжих боломжийг олгон нийгмийн нэгдэл нягтрал, инновац, уран сэтгэмжийг бий болгодог. Түүнчлэн соёлын олон талт байдлаар амьдралыг тэтгэж энх тайвныг цогцлоох арга хэрэгслийн үүргийг гүйцэтгэнэ.
Цаашлаад эх хэл нь бүх нийтэд чанартай боловсрол олгох бидний хүчин чармайлтын чухал холбоотон болно. Чухамдаа, ЮНЕСКО-ийн судалгаанд өөрийн биш хэлээр боловсрол эзэмших нь суралцахуйд саад учруулаад зогсохгүй тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг гэсэн ба хамгийн сүүлийн үеийн тооцооллоор дэлхийн хүн амын 40 хувь нь ийм нөхцөлд байдаг гэдгийг харуулжээ. Сурагчдын хувьд өөрийн эх хэл дээр суурилсан хос хэлний буюу олон хэлний боловсрол эзэмших нь тэдний суралцахуйн явцыг дэмжихээс гадна бусадтай чөлөөтэй харилцан ойлголцоход тус дэм болдог.
ЮНЕСКО-ийн зүгээс 2020 оны олон улсын Эх хэлний өдрийг “Хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхдээ эх хэлийг оролцуулан бүх хэлний соёл хоорондын харилцан яриа болон энх тайвныг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай. Үнэндээ, дэлхий даяар олон орнуудад хэрэглэгдэж буй хэл тухайн хэлээр ярьж буй хүмүүст бэрхшээл үүсгэхийн оронд улам ойртуулж тэдний хооронд гүүр буй болгож байна.
Дэлхий дээр хамгийн ихээр тархаж буй хэлний нэг нь 120-150 сая яригчтай суахили хэл бөгөөд энэ нь Өмнөд Африк, Арабын орнууд, Европ болон Энэтхэг улсын хэлнүүдийн нөлөөллөөр саармагжсан хэл юм. Суахили хэл нь Бүгд Найрамдах Танзани Улсын үндэсний бөгөөд албан ёсны хэл, Ардчилсан Конго болон Кени улсын үндэсний хэл төдийгүй Бурунди, хойд Мозамбек, Уганда, өмнөд Сомали улсуудын нийтлэг хэл, мөн Малави, өмнөд Судан, Замби зэрэг улсад тодорхой хэмжээгээр ашиглагддаг байна.
Тухайн бүс нутгийн соёлын олон талт байдлын илэрхийлэл болж олон орнуудад хэрэглэгддэг хэл нь Латин Америкт мөн баялаг байна. Тухайлбал, эртний Инкагийн эзэнт гүрний хэл болох куча нь Аргентин, Боливийн олон үндэстний улс, Чили, Колумби, Эквадор, Перу зэрэг улсад 8-10 сая хүмүүсийн ярьдаг уугал хэлний гэр бүлд багтдаг.
Василис Алексакис өөрийн Эх хэл (La Langue maternelle) номондоо “хаа нэгтээ бага эсвэл их хэмжээгээр язгуур байдаг гэдгийг бүх хэл бидэнд заадаг” хэмээн дурджээ. Учир нь хэл бол олон талт байдал, энх тайвны арга хэрэгсэл юм. Иймээс эх хэлийг нэн ялангуяа уугал хэлийг хамгаалах нь чухал юм. Энэ ч утгаараа 2019 онд олон улсын уугал хэлний жилийг ЮНЕСКО-оос тэмдэглэсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон талт байдлыг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх боломжийг олгосон билээ.
Энэ жилийн олон улсын Эх хэлний өдрийг тэмдэглэхдээ шинэ хуудсыг нээж байна. ЮНЕСКО-ийн төв байранд зохион байгуулж буй хэд хэдэн дугуй ширээний ярилцлагаар эх хэл болон олон орнуудад хэрэглэгдэж буй хэлнүүд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хэрхэн тус дэм болох талаар хэлэлцэж байна. Иймээс олон улсын Эх хэлний өдрийг тэмдэглэхдээ хүн төрөлхтний агуу баялаг хэлийг бүх хүн мэдэрч тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалж байна.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей

 

Top