Хэрэглээний бичвэрт асуулт зохиож сурагчдыг хөгжүүлэх арга зүй
“Эх хэлний найруулга зүй” бүлэг сэдвийн хүрээнд хэрэглээний бичвэрүүдэд асуулт зохиож сурагчдыг хөгжүүлэх арга зүйн туршлагаас
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/52 тоот тушаалаар “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийн хэрэгжилтийг биелүүлэх, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох үүднээс “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь туршлагыг хэрэгжүүлэх үндэслэл болсон билээ .
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд Монгол хэлний хичээлээр олсон онолын мэдлэгээ хэрэглээ болгох,шинэ орчин нөхцөлд бие даан хувиргах,багаар ажиллах, хамтран суралцах,өөрийгөө нээх, асуулт боловсруулах,ярианы найруулгыг бичгийн хэлэнд буулгах,үзсэн,сонсон, бодсон,ярилцсан сэдвээ эмх цэгц дэс дараалалтай найруулан бичих,эргэцүүлэн бүтээлчээр хэрэглэх,гадаад яриаг дотоод яриа болгон хувиргах зэрэг олон талын чадваруудыг эзэмшүүлэхийг МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛЫН СТАНДАРТАД гол зарчим болгон тусгасан билээ.
Иймд 11 ангийн Эх хэлний хичээлийн агуулгаар” Сонин нийтлэлийн найруулга” нь 7 хоногт 1 цагаар нийт 10 цагаар төлөвлөгдсөн ч сурагчдын үзэх хичээлийн агуулга их тул бие даан гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай , ярианы найруулгыг энэ сэдэвтэй холбон заах, сурагчдын найруулан бичих чадвар, ном унших нь багассан зэргээс дээрх туршлагыг хэрэгжүүлэх санаа төрсөн билээ.
Туршлагын зорилго нь сурагч нэг бүрийн авьяасыг нээж, хөгжүүлэх замаар тэднийг сурах арга барил эзэмших, нийтлэг арга зүйд сургахаас гадна тэдний үйл ажиллагаанд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулахад оршино,
Бэлтгэл үе
- “Өнөөдөр”, “Багш”, “Өдрийн” гэх мэт өдөр тутмын сонинуудад гарсан сурвалжилгуудыг цуглуулан солилцон унших
- “Сайн уу Сайнаа”, “Би”, “Та хариулахгүй ч байсан болно” зэрэг телевизийн нэвтрүүлэг үзэж сурвалжлагч хүний асуулт тавьж байгаа болон харилцааны мэдрэмжийг ажиглан судлах
- Сурвалжилгаар бүтсэн ном зохиолтой танилцах, унших,эргэцүүлэх дүгнэлт хийх
- “Сурвалжлагч”, “Багш” гэсэн хоёр мэргэжлийн онцлогийг судлах \хоёулаа хүнтэй харилцдаг гэх мэт\
Туршлагыг хэрэгжүүлэх алхмууд:
Алхам нэг: Хичээлээр онолын ойлголт өгөх
Хэл шинжлэлийн томоохон салбар ухааны нэг нь найруулга зүйн шинжлэх ухаан юм. “Найруулга зүй нь хэлний олон зүйл нэгжийг хэрэглэх, тухайн харилцааны зорилго нөлөөлөлтэй холбон, тэр учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжлэх, санаа бодол, юм үзэгдлийг хэрхэн яруу, тодорхой, чадамгай илэрхийлэх арга боломж болон түүний хэм хэмжээний хүрээнд хэрхэн үнэн зөв, цэгцтэй, товч тодорхой, бусдад ойлгомжтой, логик дэс дараалалтай ярих – бичих – сонсох чадвар дадлыг судалдаг ухааныг найруулга зүй гэнэ.Найруулга зүйг: Уран зохиолын, албан бичгийн, сонин нийтлэлийн, шинжлэх ухааны, ярианы гэсэн үндсэн 5 төрөлд хуваана
Сонин нийтлэлийн найруулга: Нийтлэлийн хэл найруулгад сонин, нийгэм улс төрийн сэтгүүл, суртал нэвтрүүлэг, радио телевизийн нэвтрүүлэг, баримтат киноны тайлбар, хурал цуглаан, баяр ёслолын арга хэмжээнд хэлэх үгийн найруулга хамаарна.
Сонин нийтлэлийн найруулгын төрөлд: Мэдээ, захидал, ярилцлага, лекц, өгүүлэл, аян замын тэмдэглэл, сурвалжилга, дурсамжийн үг, нийтлэл зэрэг багтана. Энэ нь олон түмэнд зориулагдсан байдаг учраас ард түмэнд үнэн зөв мэдээлэл дамжуулах, түгээх үүрэгтэй. Нөгөө талаар судалгаа шинжилгээний өнгө аястай, нийгмийн чухал асуудлыг хөндсөн, задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн, шийдэх арга замыг заасан үйл явдлын нягт уялдаатай, шинжлэх ухааны нэр томьёог өргөн ашигладаг зэрэг шинжээрээ шинжлэх ухааны зохиолын найруулгад ойр байдаг.
Сурвалжилга: Нийгэмд хамаатай чухал хэрэг явдал үзэгдэлд зохиолч өөрөө оролцсоны үндсэн дээр түүний гэрч болон дүрслэн мэдээлдэг нийтлэлийн төрлийг хэлнэ гэсэн онолын мэдлэгийг сурагчид олж авсан байна.
Алхам хоёр : Сурвалжилга хийх дараалал ярилцах
Сурвалжилга дахь цаг хугацаа, орон зай, хэрэг явдал, үзэгдлийг ялган тодорхойлох, найруулгын баймж санааг олох, сурвалжилга бичих (хэрэг явдлаа сонгох, сэдэв, гол санааг тодорхойлох, сэдвийн хүрээ хязгаарыг тогтоох, эхлэл төгсгөлийг тодорхойлох, тухайн сэдвээр асуудал дэвшүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх) зэргийг сурагчидтайгаа ярилцан тохирно.
Сурагчид онолын мэдлэгээ хэрэгжүүлэх үүднээс Монголын багш нарын баярыг угтаж хоёр хоёроор баг болон нэг багшийг сонгон харилцан ярилцаж сурвалжилга хийж ном бүтээх тухай тохиролцоно.
Алхам гурав: Сурвалжилга хийх багшаа судлах,асуултаа боловсруулах
- Багштайгаа уулзаж өөрийгөө танилцуулан зорилгоо ойлгуулж, судалгаагаа эхлэх
- Ярилцах сэдвийн хүрээ, орон зай, цаг хугацаа өргөн байна
- Оролцогчийнхоо дотоод сэтгэлийг нээж санал бодол, дүр төрхийг гаргахын тулд сайн ойлголцох
- Судалгаа хир сайн хийснээс гол асуултууд гарч ирнэ
- Багштайгаа хамт ярилцах чөлөөт цагаараа зааланд тоглох, номын санд суух, хоолны зааланд хамт хооллох, интернетээр аялах, автобусны буудал хамт явах , зэрэг олон аргуудыг хэрэглэж болно.
- Оролцогчийгоо бусдад таниулах, нээх, сурталчлах, бахархан дуурайх мэдрэмж төрүүлэх
- Чи өөрийгөө “сурвалжлагч” хэмээн ажил үүргийнхээ үүднээс хандаж байгаа гэдгээ сайн ойлгох
- Ойролцоогоор 20 гаруй асуулт боловсруулж хичээл заагч багшаасаа зөвлөгөө авах
Асуултууд маш оновчтой байхаас гадна оролцогчийг үйл явдалд хөтлөн оролцуулах сэтгэл зүйд нөлөөлөх сайхан мэдрэмж төрүүлэхээр байна.
- Хувийн, оновчгүй нуршсан асуултаас зайлсхийх
Алхам дөрөв : Сурвалжилга хийх
- Сурвалжилгын сэдэв гол санааг сайтар ойлгосон,бэлдсэн байх
- Ярилцах зүйлийнхээ хүрээ хязгаарыг тогтоох
- Эхлэл, төгсгөлөө төлөвлөх
- Ярьж байгаа сэдвээр асуудал дэвшүүлэх
- Түгдрэлгүй уран ярихыг хичээх
- Ярилцахын өмнө өөрийгөө сонсох
- Дууны өнгө, хөг аялга, зогсолтыг тохируулах
- Тайван тогтуун, утга төгөлдөр, энгийн,тодорхой ойлгомжтой байх
- Хэт дөвийлгөсөн, гоёж чимсэн хэллэгээс зайлсхийх
- Оролцогчтойгоо цаг боломж, сурвалжилга хийх газраа тохирон халуун дулаан яриа өрнүүлэх
- Дуу хураагчаа\утсаа\ эхнээс нь найдвартай хадгалагдахаар бэлтгэх
- Эцэст нь талархсан сэтгэгдлээ илэрхийлж, сурвалжилгаа бичигт буулгасны дараа зөвлөгөө авахаар тохирох
Алхам тав : Сурвалжилгаа бичигт буулгах
- Энэ алхам нь сурагчаас хамгийн их хөдөлмөр, цаг ,мэдлэг чадвар шаардсан хариуцлагатай үе
- Оролцогчийнхоо ярианы гол агуулгыг өөрчлөхгүйгээр бичгийн хэлэнд буулгана
- Ярианы хэлэнд бичгийн хэлэнд төдий л нийцэхгүй “хар яриа” -ны үг хэллэг байдгийг санах
- Үгийн баялагтай байхаас гадна хэл зүйн дүрмээ сайн мэдэх зөв бичгийн алдаагүй байх
- Үг хэллэгийг зөв сонгон найруулахаас гадна эерүүлэл, хүндэтгэлийн үгийг хэрэглэх
- Хэлц үг болон уран найруулгын арга ашиглан сэтгэлд нийцтэй бичих
- Өгүүлбэрийн бүтэц зөв дараалал, найруулгыг анхаараах
- Олон дахин засаж хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох аргуудыг хэрэглэх
- Хичээл заагч багшаас зөвлөгөө тусламж авах зарим үед хамтрах
- Ихэнх сурагчид сурвалжилгаа бичгийн хэлнээ буулгахдаа 5-10 удаа засвар хийж цаг их зарцуулж байж сайн болдгийг санах
- Ярилцсан багшдаа үзүүлэх хэвлэхэд зөвшөөрсөн гарын үсэг зуруулах
Алхам зургаа : Сурвалжилгаа ном болгох
- Номын эхийг бэлтгэх хоёр сурагчийг эхнээс нь сонгосон байх
- Сурагчид өөр өөрийн сурвалжилгаа хичээл заагч багшаар хянуулж эцсийн хувилбараа эх бэлтгэж буй сурагчдад мэйл-ээр явуулна.
- Үсгийн фонд, хэлбэр хэмжээ, зураг хүснэгтийг ижил байхаар тохирсон байна.
- Сурагчид хамтран, өмнөтгөл үгийг бичиж номын нэр, нүүр зураг, хэвлэх тоог тохирно.
- Эх бэлтгэгч сурагч ямар нэг засвар хийхгүй зөвхөн эх болгох учир сурвалжлагч сурагчид маш хариуцлагатай байна.
- Багшийн зөвшөөрч гарын үсэг зурсан материал эх бэлтгэгчид очно.
- Хичээл заагч багш хянаж хэвлэх үйлдвэрт өгнө.
- Хэвлэлийн үнийг “Шинэ Монгол” сургууль хариуцсан болно. Өөр олон хувилбарыг бодож олно, харин сурагчид мөнгө гаргах ёсгүйг анхаарах.
Алхам долоо : Бүтээлээ хүлээн авах, дурсгал болгох
- “Бидний эрхэм хүмүүс “ ном нь 228 хуудастай нийт 70 багшийн сурвалжилга багтсан. 11 ангийн 4 бүлгийн 116 сурагч, Багийн 5 багшийн хамтын хүчээр бүтэж байна.
Баярын хурал дээр багш нар болон эцэг эхдээ номоо бэлэг болгон өгөх
Туршлагын давуу тал
- Сурагчид онолын мэдлэгээ хэрэглээ болгох,багаар ажиллах, ном бүтэх ном уншихын давуу тал, бусдаасаа суралцах, багш болон сэтгүүлчийн хөдөлмөрийг мэдрэх, хамтын хүч, эвтэй байх ,цаг баримтлахын чухлыг ойлгох зэрэг олон давуу талууд ажиглагдаж байлаа.
БЗД- ийн “Шинэ-Монгол” дунд сургуулийн МХУЗ -ын багш Д.Аюушжав
(Эх сурвалж: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт)