ТАЙЛАН
Төлөвлөгөө, даалгавар, үүргийг биелүүлэх талаар зохиосон ажил, түүний явц, үр дүнг илтгэсэн баримт бичгийг тайлан гэнэ.
Сонин, телевизийн нэрийн судалгааны товч тайлан
2016.06.17 Улаанбаатар хот
Ажлын албаны даргын өгсөн “Сонин, телевизийн гадаад нэр, телевизийн нэвтрүүлгийн гадаад нэр, сэтгүүлчдийн нас, хүйсийн судалгаа хийх” үүргийг 2016 оны 6 дугаар сарын 1-нд авч доор дурдсанаар биелүүлэв. Үүнд:
Нэг. Телевизийн судалгаа:
Судалгаанд “ТВ 7 хоног” сонины 5 дугаар сарын 16-аас 22, 6 дугаар сарын 6-аас 12-ны дугаарууд, “Zuragt.mn” цахим сэтгүүл дээр хөтөлбөр нь байнга гардаг нийт 31 телевиз, хөтөлбөрөө нийтэд байнга ил тод зарладаггүй, цацалт нь тогтмол бус, эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалттай 30 телевизийг хамруулав. Судалгааны дүнгээс харахад 2013 оныхтой харьцуулахад Улаанбаатар хотоос телевизийн нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо 82 хувиар нэмэгдсэн тул гадаад нэртэй телевиз, гадаад нэртэй телевизийн тооны өсөлтөд ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.
2016 оны 6 дугаар сарын байдлаар нийт 61 телевизийн 38 нь буюу 62,2 хувь нь гадаад нэртэй, 12 нь монгол нэртэй боловч нэрээ латинаар бичсэн, 56 нь таних тэмдэгтээ латин үсэг хэрэглэсэн байгаа нь Монгол хэлний тухай хуулийн 6, 19 дүгээр зүйлийн заалтуудыг зөрчиж байна.
Гадаад нэртэй нэвтрүүлгийн судалгаанд хамрагдсан нийт 31 телевизээс ердөө 3 нь л нэвтрүүлэгтээ гадаад нэр өгдөггүй, 1 нь нийт нэвтрүүлгийнхээ 30-аас дээш хувьд гадаад нэр өгдөг, 10 нь нэвтрүүлгийнхээ 20-оос дээш хувьд гадаад нэр өгдөг нь телевизийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийнхний дунд Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт дулимаг байдгийг баталж байна. Судалгаанд хамрагдсан 31 телевизийн 90,3 хувь нь нэвтрүүлэгтээ ямар нэгэн гадаад нэр өгөх зуршилтай болж байгаа аж.
Хоёр. Улаанбаатарт хэвлэгдэж олон нийтэд тараагддаг сонины судалгаа:
Судалгаанд “Монгол шуудан” ХХК-ийн “2016 оны №3 хэвлэл захиалгын гарын авлага”-ыг ашиглав. Хэвлэл захиалгад орсон нийт 60 тогтмол сониноос 12 нь өдөр тутмын, 3 нь 3 хоног тутмын, 13 нь 7 хоног тутмын, 12 нь 10 хоног тутмын, 8 нь 14 хоног тутмын, 12 нь сар тутмынх бөгөөд үүнээс 7 хоног тутмын 2 сонин л гадаад (Open door, Бизнес таймс) нэртэй байгаагаас үзэхэд телевизийн нэрстэй адил тэгтлээ айхтар аюул тулгараагүй байна.
Гурав. Сэтгүүлчдийн нас, хүйсийн ангилал:
Уг судалгаанд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2016 оны урьдчилсан судалгааг ашиглав. Телевизийн салбарт ажиллагчдын 45 хувь нь, сонины салбарт ажиллагчдын 44 хувь нь 30-аас доош насных, харин хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй сэтгүүлчдийн хувь телевизэд бараг тэнцүү, сонинд эмэгтэй сэтгүүлчид 20 орчим хувь илүү байдаг аж. Үүнээс үзэхэд, гадаад үгээр гангарах маяг залуу үеийнхэн дунд нэлээд түгээмэл болж байна.
Дөрөв. Дүгнэлт:
1. Хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын гадаад нэрээр гангарах гэсэн хэв маягийг 30-аас доош насныхан голчлон дээдэлж байгаа нь ажиглагдав. Түүнчлэн, яриад өнгөрдөг хэрэгсэл буюу телевизийн аман ярианд гадаад үг хэрэглэх нь түлхүү, харин цаасан дээр бичигдэн үлддэг материалдаа гадаад үг хэрэглэх нь арай бага байна.
2. Сүүлийн үеийн их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн сургалтын чанар дутмаг байгаа нь илт ажиглагдлаа.
Тав. Судалгааны мөрөөр хийх ажил:
Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, үндэсний хэл, бичгээ эрхэмлэх, дархлаажуулах ажлыг хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнууд, нэн ялангуяа 30 хүртэлх насныхны дунд эрчимтэй явуулах, эрх баригч, редакторуудад нь зөвлөмж хүргүүлэх, биелэлтийг нь шалгах, сүүлийн жилүүдэд монгол хэлэнд түрэн орж ирсэн гадаад үгсийн монгол оноолтыг хэлэлцүүлэн баталж олны хүртээл болгох зэрэг ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Урьд нь гарсан зөвлөмжүүд:
1.Төрийн Хэлний Зөвлөлийн зөвлөмж. 2007 оны 11 дүгээр сарын 29. Дугаар 07/10, Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл, найруулгыг сайжруулах тухай
2. Төрийн Хэлний Зөвлөлийн зөвлөмж. 2014 оны 3 дугаар сарын 24. Дугаар 5/1, Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хэл, найруулгыг сайжруулах тухай
"Монгол хэлний тухай хууль ба сэтгүүлзүй" чөлөөт ярилцлагад оролцогчдоос гаргасан зөвлөмж. 2015.05.06.
Судалгаа хийсэн: ХБҮЗ