Олон тооны дагавар эс авах тохиолын тухай
Эх хэлнийхээ олон тооны дагавар хэрэглэх ёсыг мэдэхгүй хаа хандсан газраа найруулбал хэл найруулгад муу нөлөөтэй гэдэг нь мэдээж. ...Ерөөс олон тооны дагаврыг хэрэглэх нь үнэхээр бага уу, хэзээ хэрэглэвэл зохистой юм бэ, ямар тохиолдолд хэрэглэхгүй байх учиртай вэ гэдэг нь найруулга зүйн чухал асуудлын нэг мөн билээ.
Олон тооны дагавар илүү хэрэглэсэн алдаа нь олон тооны дагавраас хамаарах алдааны ихэнх (угтаа адил юм гэж үзэж болохоор байдаг) нь болохын зэрэгцээ ерөөс илүү хэлбэр хэрэглэсэн алдааны нэлээд хувийг эзэлдэг болох учир хэл найруулгад олон тооны дагавар эс хэрэглэх тохиолыг судалж үзэх нь чухал зүйл юм. Нөгөө талаар бид эрдэмтдийн судалгаанд дулдуйдан өгүүлэхийн хамт монгол хэлэнд олон тооны дагавар энэтхэг европ язгуурын хэлнээс маш бага монгол хэлний язгуурын хэлний олныг заах ёс өвөрмөц гэдгийг дэмжин байгаа дэмжин байгаа боловч монгол хэлний тооны ай ямар онцлогтой зэргийг хаман хавтгайруулалгүй зөвхөн олон тооны дагаврын найруулгын үүргийн талаас авч үзэхийг зорьсон юм.
Олон тооны дагавар эс авах тохиолдлын тухай үзье.
- Ямагт ганц тоотой байдаг нар, сар, дэлхий, алтан гадас, марал мичид гэх мэт үгс ерийн хэлэлцэх олон тооны дагаваргүй байна. Харин утга шилжүүлэн хэрэглэх тохиолдолд олны дагавартай найруулах боломж хааяахан байдаг. Жишээ нь: ширээн дээр байсан сарнуудыг үзэв үү гэх мэт. Энэ өгүүлбэрт од гарагийн сарны тухай биш цаас мэтээр үйлдсэн сарны тухай өгүүлж байгаа учир ийнхүү олон тоот хэлбэрт оруулж болж байна.
- Аливаа уул ус, улс орон, хүн амьтанд оноосон нэр олон дагавар авахгүй. Жишээлбэл: Москванууд, Хималайнууд, Бумцэндүүд, Архангайнууд гэж болохгүй. Хааяа нэгхэн тухайн нэр олширсныг егөөдөж хошигносны утгаар олны дагавартай хэрэглэх үлэмж явцуу боломж хүний нэрийн тухайд байж болдог. Жишээлбэл: Манай залуу зохиолчдын бүтээлд “Цэцэгмаанууд” их гардаг боллоо. “Та чинь Өвөрхангайн – Цоодолууд уу” гэх мэт.
- Хүний эрхтэн болон голдуу хосоор хэрэглэгддэг нэрийн зүйлийг хэлэлцэхэд олон тооны дагавар авахгүй. Жишээ нь: Тэд чинь чихээр сонсож, нүдээр үзэж, гараар барихаас нааш үнэмшдэггүй улс даг шүү. Энэ тэрэгний чинь арал нь нарийдаад дугуй нь томдсон харагдах юм гэх мэт. Заримдаа ганц олныг ялган заах боломж байгааг үгүйсгэж болохгүй.
- Олон тооны хэсгээс бүтэх боловч аж амьдралд тоо ширхгээр хэрэглэгдэггүй гурил, будаа, давс, хужир, сүү, тос, ноос, хялгас, элс, хайрга, шороо гэх мэт үгс ердийн хэлэлцэхэд олон тооны дагавар авахгүй. Мэдээж олон тоотой учир өвснүүд, шороонууд, үснүүд гэхийн хэрэг байдаггүй байна. Агуулж хадгалах сав хэмжих нэгжээр нь тоолон олон тооны дагавартай найруулах боломж байдгийн жишээг үзүүлбэл шуудайтай гурилнуудаа уснаас хамгаалаарай, энэ байшинд байсан ууттай нооснуудыг ачсан уу гэх мэт болно. Тодруулбал таван давс, арван шороо гэхгүй боловч таван шуудай давс, арван машин шороо гэж болох учир олны дагавартай найруулах боломж байгаа хэрэг юм.
- Байгаль орчинд орших хэлбэрээрээ тоотой хэрэглэгдэхгүй бүхэл бөөнөөрөө байдаг, голдуу байгалийн үзэгдлийг заах цас, бороо, агаар, хий, салхи, шуурга, манан, будан, ус, тоос, аянга зэрэг үгс ердийн хэлэлцэхэд олон тооны дагавар авахгүй.
- Нийгмийн хийсвэр ухагдахуун сэтгэлийн байдлыг зааж байдаг сэтгэл, зориг, буян, нүгэл, жаргал, уйтгар, зүүд, үнэ өртөг, жигүүр, сэрэмж зэрэг олон тооны дагаваргүй.
- Харьяалахын тийн ялгалын дагаврын дараа харьяат эзний олныг заасан –хан (-хэн, -хөн) дагавар орсон үгс олныг зааж байдаг тул олон тооны дагавар авахгүй. Жишээ нь: Хайрханныханууд, хотынхонууд, хөдөөнийхнүүд гэж болохгүй. Энэ хэдэн тохиолын олон тооны дагаврыг үл хэрэглэх тохиолын үгс нь хийсвэрлэсэн зэрэг утгаар орвол олон тооны дагавар авах явцуу боломж байдгийн заримыг дээр өгүүлсэн билээ.
- Өмнөө тооны нэртэй юм уу тоо хэмжээ заасан нэрийг олон тоотой байсан ч олон тооны дагаваргүй найруулна. Манай сургууль 1600 оюутнуудтай. Голын хөндийд хэдэн цагаан гэрүүд цайран үзэгдэнэ. Сумын төвд олон хүмүүс цугласныг үзвэл ямар нэгэн баяр юм уу хурал болсныг илтгэнэ гэхгүй. Манай сургууль 1600 оюутантай. Голын хөндийд хэдэн цагаан гэр цайран үзэгдэнэ. Сумын төвд олон хүн цугласныг үзвэл ямар нэгэн баяр юм уу хурал болсныг илтгэнэ гэж найруулна гэсэн үг юм. Нэгэнт олныг заасан үг орсон учир хэл шинжлэлийн хэмнэлтийн зарчимд нийцүүлж олон тооны дагаврыг хасан найруулах энэ боломжийг хайхралгүй олон тооны дагавар олшруулсан жишээ ялангуяа орчуулгын зохиолд тун элбэг байна. Автомашины 23 ажилчид ажил хаяж тэмцсэн хэвээр бөгөөд гэх мэт. Иймэрхүү орчуулгын алдаа орчуулгын бус зохиолд ч нэлээн түгээмэл байна.
- Уг нэрс нь олон тоотой байгаа боловч тоочин нэрлэж байгаа үед олны санаанд илрэх боломжийг ашиглаж олон тооны дагаваргүй найруулах тохиол байна. Жишээ нь: ширээн дээр ном, дэвтэр, үзэг, харандаа байна гэхэд олон юм байгааг заахын зэрэгцээ нэг ном, нэг дэвтэр, нэг үзэг, нэг харандаа байна гэж ойлгогдохгүй байна. иймэрхүү тоочиход тухайн байгаа юмны тодорхой тоог тодорхойгүй болох шинжтэй байдаг. Энэ боломжийг анхааралгүй олон тоотой найруулсан жишээг тодруулан үзье. “Уул уурхайн аж үйлдвэрүүд тээврийн байгууллагын ажилчдын тэмцэл хөдөлгөөн өрнөж эхлэв” гэсэн өгүүлбэрийн олон тооны дагаврыг хасахад найруулга улам эвтэйхэн болж байна.
- Монгол хэлний хоршоо үг олон тооны дагавар авахгүйгээр олны санааг илтгэж чадах учир олны дагавар эс хэлбэржинэ. Жишээ нь: хонь малуудаа сайн харж байгаарай гэлгүй хонь малаа сайн харж байгаарай. Анги тасалгаануудаа цэвэрлэ гэхгүй. Анги тасалгаагаа цэвэрлэ гэх мэт. Монгол хэлний хоршоо үгсийн олон тооны дагавар авдаггүй шинж нь түүний тодорхойгүй тоотой шинжээр илэрнэ. Адуу мал гэхэд зөвхөн адууг хэлсэн биш бусад мал ч багтах, аяга шаазангаа угаая гэхэд зөвхөн аяга шаазан төдийгүй халбага сэрээ ч орох учир тодорхойгүй олон тоотой байдаг. Эсрэг утгатай хоёр тэмдэг нэрийг хоршиход үүссэн хоршоо үг уг шинжийн дундыг заасан ганц тоот нэрийн утгатай учир мөн олон тооны зүүвэр авахгүй. Жишээ нь: халуун хүйтэн нь таарч гэвэл температур, хол ойрыг нь мэдье гэвэл зай гэсэн утгатай байна. Иймээс хоршоо үг олон тооны дагавар авахгүй гэж болно. харин охид, хөвгүүд, ноёд, лам гэх мэтийн олон тоот нэрээр хоршиж хэвшсэн үг байдгийг анхаарч найруулбал зохино.
- Тэмдэг нэрийг давтахад тухайн шинж тэмдэг нэрийн олныг заадаг учир давтан хэрэглэсэн тэмдэг нэрийн арын нэр үг олон тооны дагавар авахгүй. Жишээ нь: өндөр өндөр ууланд өнгийн буданд татна гэхэд олон өндөр уул буюу өндөр уулнууд цагаан цагаан зээрнүүд гэсэн утга тодорхой байна. Иймээс зузаан зузаан ном, шовх шовх оргил, сайн сайн багш гэх мэтээр тэмдэг нэрийг заах олны утга байдаг нь олон тооны дагавар хэмнэн найруулах өвөрмөц боломж байна.
- Жинхэнэ нэрийн ард бүр, бүхэн, бүгд, болгон гэх мэт нийтэд хамааруулах утгатай үг орвол тухайн нэр олон тооны дагаваргүй байна. Жишээлбэл: оюуны бүхний дагаж мөрдөх дүрмийг шинэчлэв. Хүн бүр гимнастик хийцгээе. Хүүхэд бүрийг тамирчин болгоё. Та бүхний сайн сайхны төлөө.
- Зарим үйл үг үгийн сангийн утгаараа олонд хамаарах учир захирч байгаа тусагдахуун нь олон тооны дагаваргүй байдаг. Иймд үгэнд өсөх үржүүлэх, хариулах, манах, адуулах, маллах, олшруулах, тараах, цацах гэх мэт үйл үгс орно. Жишээлбэл: адуу манах гэхэд олон адууг манах, хонь хариулах гэхэд олон хонь хариулах, бичиг тараах гэхэд олон бичиг тараах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэг юмыг тараахгүй нэг юмыг хураахгүй гэсэн үг бөгөөд маллах хариулах нь нэг юманд хамаарч болох боловч өгүүлбэрийн утгаас олны дагавар эс хэлбэржүүлэх боломж байж болно.
- Эцэст нь тэмдэглэхэд олон тооны дагаварт нэр үгсийн олон тооны дагавар давхарлан орохгүй. Хэлний зүйн хэлбэр бүхэн утгатай. Нэг утгыг гаргахад тухайн утга илэрхийлэх хоёр хэлбэрийн хэрэггүй болох нь монгол хэлний жишээ баримтаас тодорхой байна. гэтэл охин гэсэн ганц тоот үгийг охид гэсэн олон тооны хэлбэрт оруулсан хэрнээ охидууд болгохын хэрэг байна уу гэдгийг бодолгүй хэрэглэдэг жишээ элбэг байна.
Доктор, профессор Д.Отгонсүрэн. "Олон тооны дагавар эс авах тохиолын тухай" эрдэм шинжилгээний өгүүллээс
Монгол хэл бичиг XI. Довчингийн Отгонсүрэнгийн туурвил. Төрийн хэлний зөвлөл. Уб., 2011 он. 47-53 дахь тал.