МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Албан бичгийн хэл найруулгын онцлог

Албан бичгийн хэл найруулга

         Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл найруулга гэнэ. Албан баримт бичгийг ард түмний хэлний хамгийн боловсронгуй, дээд хэлбэр болох орчин цагийн монгол утга зохиолын хэлээр бичиж үйлддэг. Албан бичгийн найруулга нь тогтсон стандарт, хэв загварын дагуу бичдэг бөгөөд хувь хүний найруулгын онцлог харьцангуй бага туссан байдаг.

Албан бичгийн найруулга нь дараах онцлогтой байна. Үүнд: 

  • Тогтсон хэв загвартай
  • Утга санаа тодорхой
  • Яг таг зааж мэдэгдсэн шинжтэй
  • Захирсан хүссэн тушаасан өнгө аястай
  • Үгийг шууд утгаар хэрэглэдэг
  • Уран яруу хэрэглүүр хэрэглэхгүй
  • Сэтгэлийн өнгө аяс илрэхгүй
  • Хар ярианы үг, этгээд, бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үг хэрэглэдэггүй
  • Өөрийн гэсэн тогтсон үг хэллэгтэй

Албан бичгийн найруулгад дараах шаардлага тавигдана. Үүнд: 

  • Ойлгомжтой, энгийн, тодорхой байх 
  • Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримталж бичих
  • Дотоод агуулга үнэн зөв үйлдсэн байх
  • Хүний нэр, хаяг, он, сар зэргийг үнэн зөв бичсэн байх
  • Шилжсэн утгатай үг, далд утга хэрэглээгүй байх
  • Уран сайхны янз бүрийн арга зэрэг чөлөөт найруулгыг хэрэглэдэггүй 

 Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2012 он 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Top