Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулан
Доктор(Sc.D), профессор Л.Хүрэлбаатар
Сэдэв: Б.Явуухулан ”Би хаана төрөө вэ” шүлгийн задаргаа
Төрсөн санаа: зохиогчийн өөрий нь хэлсэнчлэн “Өөрийн бодол санааг төрж өссөн нутгийнхаа тухай бодлогошролоор гаргах гэж оролдсон юм”.
Шүлгийг бичсэн арга нь:
- ерөнхийгөөс тусгайг нь
- нийтлэгээс өвөрмөций нь
- үзэгдлээс мөн чанарыг нь
- бүхлээс хэсгий нь
- тоочихоос дүрслэхий нь нээж тэр нь эргээд ерөнхий нийтлэг, тодорхой хийсвэрээ нөхцөлдүүлэн нэхсэн, бясалган бодож төгс урлахын гүн үйл, сэтгэлгээний урын нарийн үйлдэл, сэтгэл шинжлэлийн гүнзгий эрдэм байсан нь бэлхнээ харагдаж байна.
Шүлгийн бүтэц зохиомж, бадгийн байгууламж
- Хөх манхан тэнгэрээс
- Цаст цагаан ууланд бууж
- Цаст цагаан уулнаас онгон цэнхэр талд хүрч
- Онгон цэнхэр талаас
- Мөрөн голын ус
- үнэр ялдам агь ганга
- зүүрмэглэгч хун шиг цагаан гэрт хүрч
- зүүрмэглэгч хун шиг цагаан гэрээс
- сайхан бүсүйн сэтгэлд шилжиж тэндээсээ
- Тэнхээт хөлгийн дөрөө
- Аадар хур бороо
- Солонгын долоон өнгө
- Цээлхэн дууны эгшиг
- Энэ бүхний эзэн болсон авхаалжит хүний биед шилжиж улмаар
- Энэ бүгдийг багтаасан хөх тэнгэрийн орныг урнаар дүрсэлжээ.
Энэ нь тэнгэрээс газарт бууж, газраас гэрт орж, гэрээс хүндхүрч агуулгын багтаамжийг сав ертөнцөөс шим амьтанд хурааж, хураах мөртлөө гурван цагийн утга, дөрвөн улирлын өнгөнд тэлж өгүүлэгдэхүүнийутгыг тус тусад нь өгүүлэгчийн үгээр хажиж, шүлгийн зохиомжийг дор дор нь бадгийн бүтцээр хашсан.
Шүлгийг “Би хаана төрөө вэ” гэж нэрлэсэн нь энэ бүх нарийн нэхээсний цаанаас нэг нэг утсаар сугарч гарах мэт, монгол ахуйн хөх тэнгэр, цаст уул, цэнхэр тал, мөрөн гол, агь ганга, цагаан гэр, сайхан бүсгүй, тэнхээт хөлөг, аадар хур, цээлхэн дуу, ер хүмүн заяаны хөх тэнгэрийн орны хаана ч байдаггүй хамгийн ховор гайхамшигт үзэгдэх тэр бүхэн, ур утга төгсөөр дээрх уран хандал яруу асуултын хариулт болж гарч ирэх юм.
1-р бадгийн задлан үзвэл:
- Бүтэц зохиомжийн ур:
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” гэсэн үгээр бадгийг хажиж бадаг нь дотроо санаа түлхэж “хөх манхан тэнгэрийн ерөнхий утгаас дотогшлон
- хөмсгөн сар
- холын хоёр од-нд шилжиж тэндээсээ бас санаа түлхэж
- тэрхүү сар одныхоо аялах аялсын алс тойрог
- тохиох бяцхан чөлөөг сугалан гаргаж цааш нь их хийсвэр утганд шилжиж
- Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд хүрч чингэсэн атлаа
- хөх манхан тэнгэртэйгээ эргэн товчоологдож, чухамдаа таталт сайтай дуран авайн тусгалд багтах юмсын дүрс мэт томорч тодорч тэр чинээгээрээ хүний сэтгэлийн оронд өөрийн зайгаа олж, амьд дүр дүрслэлийг үүсгэн үлдээж байна
“Өдөр төрөхөд од харагдвал сайн хүн болно” гэж хэлэлцдэг ба хоёр од тохиовол гэрэл нь улам ч хурц болон харагдах бөгөөд тэрхэн мөчид эхийн алтан умайгаас төрсөн азтай мөчийг ийнхүү хэлсэн нь ихэсгэсэн тойруулал болж байна.
Хөмсгөн сарын аялах алсын алс тойрогт…
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд гэсэн 2,4-р мөрүүд нь “хязгааргүй хол” гэсэн санааг ихэсгэсэн тойруулал болно.
- Утгын багтаамж нь:
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би” гэж шүлгийг эхэлсэн нь зөвхөн уламжлалын үүднээс гэхэд л утгын давхар задаргаа, дотоод санааны олон төрөгдлийг бодох сэтгэх хүнээс нэхнэ.
Юун түрүүн “хөх тэнгэр”, түүнээс “манхан тэнгэр” хоёрыг нийлүүлээд “хөх манхан тэнгэр” гээд утгы нь бодоход
- Чингис хааны язгуур, Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын домгийг
- “Мөнх Тэнгэрийн хүчин-дүр, хаганы суу залийн ивээл дүр… биширтүгэй аюутугай” хэмээгсэн Их Монголын далай хаадын алтан мөнгөн гэрэгэний бичиг тэмдгийн үгийг
- “Хийн тэнгэрийн орноосоо, хийсгэлэн үүлний газраасаа” буух бөө мөргөлийн аман яруу найргийг
- “Дээд тэнгэр ханы ахуй хийгээд дэлхий дэх хан богдсын газар” хэмээн эгшиглэсэн Цогтын хадны шүлгийн гүн утгыг
- “Урд хүний улан дороос, улайтал ганзагалуул, Манхан тэнгэр минь!...” гэж ангийн тэнгэрийн их хишгийг хурайлж дуудсан анчны зан үйлийн тахилгын шүлгийн мөр шадыг ч нэхэж болно.
Уран сайхны шинэчлэл
2-р бадаг “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг савсаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би” гэсэн бадагт өмнө нь Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн
“Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй оргил
Мөгөөрс нимгэн хоолойтны
Дуу нь хүрээгүй оргил” гэж уулын байдлыг дүрсэлсэн уран санааны энэ уламжлалыг уран сайхны ямар шинэчлэлээр нөхсөн бэ?
Ц.Дамдинсүрэн гуайн уран санааны нэг гайхамшиг бол ихэсгэлийн хүчийг туйлд гартал чангаруулж, уулыг өндрийг гаргасан Б.Явуухулан ихэсгэлийн хүчийг туйлд гартал унагаж, цаст уулын ян хүйтнийг гаргасан байна.
Энэ юу гэсэн үг вэ?
Мөчит дөрвөн хөлтний мөр, дуу гараагүй оргилыг бус монгол нүүдэлчдийн байгальдаа идээшсэн малын ахуйгаар нь дамжуулан сарлагийн бухыг, сарлагийн бухаар нь дамжуулан цаст уулын царцам хүйтнийг гаргаж тийм царцам хүйтэнд идээшсэн малын ахуйгаар нь эргээд монгол нүүдэлчдийн өлчир эрэмгийг холбож дүрсэлжээ.Үүгээрээ энгийн ахуйн далд гоо сайхны гайхмашиг бөгөөд тансагийг урнаар нээсэн хэрэг болно.
3-р бадаг
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би гэсэн бадагт Д.Нацагдоржийн алдарт “Миний нутаг” шүлэгт “Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд”, “Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд” гэсэн санааг энэ бадагт уран сайхны ямар шинэ арга, агуулгаар хөгжүүлэв?
Д.Нацагдоржийн хэлсэн сайхныг огт өөр, бүр эсрэг гэмээр өнцөгөөс харж, нэгэнтээ ярьж бичдэг явган зэрэглээ ч биш, усан зэрэглээ ч биш, уран зэрэглээ ч биш “орог саарал зэрэглээ” гэж хаврын хөндий талын зэрэглээнд өнгө өгч “Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндий”-н атар онгоныг нээж, түүгээрээ дамжуулан өнөө хэр далд нууцаа бүрэн нээгээгүй байгаа энэ орны эзгүй зэлүүдийг хэлэх мөртлөө “Орсон буурын шүд өвөл хангинах хоолой”-г хажууд нь зэрэгцүүлж, бас чингэсэн атлаа эрт галавын “Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан” онгон догшин байгалийг, тэрхүү онгон догшин байгалийг өдгөө хүртэл хадгалсан монгол үндэстний далд бахархлыг дуулсан юм.
Ингэж нэгийн санаанд нөгөөг хурааж, нэгийн санаанаас нөгөөг зулзагалуулах маягаар зүгээр нэг харагдах буурыг биш “орсон буурыг” зөвхөн нэг “орсон буурыг” биш “шүд нь хангинасан” тийм нэг амьд үйлдэл хөдөлгөөнтэй буурыг үг нь хөтөлсөөр, “орсон буурын шүд өвөл хангинах” гэхлээр энд хэлээгүй боловч нэгийн ил үйлээс нөгөөгийн далд үйл задран, толгойг хөөсөөр булж, хондлойг шээсээр шавсан орооны цагийн буурын тэр их сүр хүч, ид хав давхар нээгдэн гарч, улмаар тэрхүү буурын сүр хүч нь монголын өвөл цагийн нэгэн гайхамшигт үзэгдэж, тэр орсон буур, өвөл цаг хоёрын гайхамшгаар тэр нэг хөндий бас гайхамшигтай үзэгдэж байна. Ингэж үг бүрийг нэгийн санаанаас нь нөгөөг нэхүүлж, хааш нь ч хөдөлгөхийн аргагүй газры нь олж, уры нь төгсгөж, утгы нь гүйцээнэ гэдэг бол үнэхээр нарийн инжааны үйл мөн.
4-р бадаг
“Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө, би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морин туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө, би гэсэн бадгийн “Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгио” Энэ мөр бол юмыг яаж урнаар хэлэхийн сонгодог жишээ, ур дүр хоёрыг яаж төгс гүйцээхийн үлгэр мөн. Гэгээн сарнаас сүүдэр гаргаж, сар сүүдэр хоёрыг хэрэлдүүлж, “мөнгөн сарны сүүдэр” усанд гэрэл болж унаж, усны хөвөөнд толиорон хөвөх тэр торгон агшин, түүнээс үүдэгдсэн тэр нарийн мэдрэмжээр, монгол нутгийн ус мөрний ямар сайхан цэвэр тунгалгийг гайхалтай сайхан харуулсан байна. Ийм усаар “Миний өвөг дээдсийн морин туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан” гэсэн нь чухамдаа энэ мөр дээрээс бодох хүний сэтгэл, оюуны амыг хэдэн янзаар нээж, хэдий холд хүртэл ч дагуулан хөтлөх төгс утгад хүргэжээ.
5-р бадаг
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө, би
Үүр шөний завсар шүүдэр буух навчинд
Үрэл усан шүүдэрт нь одод гялбалзах дэлбээнд
Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө, би
Үүнээ эгэл жирийн, эрхэм сайхан хоёрыг мөргөлдүүлж, эгэл жирийн мэт боловч эрхэм сайхан, эрхэм сайхан мэт боловч эгэл жирийн чанарыг нээж бичсэн байна.
“Үнэр ялдам агь ганга” гэж хэлсэн нь агар занданг үнэрийн бэлгэдэлд эрхэмлэдэг монгол хүний нийтийн санаанд огт үгүйлэгдэмгүй мэт боловч, яруу үгийн шидээр амилуулаад, эгэл жирийний дотроос нээгээд гараад ирэхээр чухамдаа угуул монгол газрынхаа тэр нэг өвсний анхилуун сайхан үнэрийг, түүний үнэртэй сэрүүн сэвшээ салхийг сая олж үгүйлэх мэт болдог нь уран дүрээр бодитыг нээж, бодитын яруу сайхнаар уран дүрийг бүтээсний чухам жишээ мөн.
“Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг” гэсэн нь өөрийнд байгаа энгийнийг өрөөлийнд үзэгдэх гайхамшгаар нээхийн бас нэг жишээ мөн.
Энэ бол наран шингэх өрнө зүгт “эдельвейс” гэдэг, энэ бидний “цагаан уул” гэх монгол газар адууны хөлд гишгэгдэж байдаг цэцгийг сэтгэлийн хайртай хүндээ олж барих гэж ян сарьдаг, цас мөс, халил хавцгайд үйж унахаас наагуур халтирч гулсаж явж, зулгааж авч ирдэг домог түүхийг сонсоод, чухамхүү нэгийн эрхэм ховрын гачигдлаар, нөгөөгийн элбэг баяны санааг нээх шүлгийн уран санаа аяндаа төрөгдөж олдсон юм уу гэлтэй.
Цэцгийг ерөнхий харах нэг хэрэг, түүнийг бүр дотогш нь туурцаг цомог, дэлбээ, навч, ишинд нь хүртэл тулгаж харах ч нэг хэрэг Б.Явуухулан
- Үүр шөнийн завсар шүүдэр буух навчийг
- Тэрхүү буусан үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээг гаргасан нь хаана ч буудаг шүүдрийг, хаанаас ч харагдах одыг, хаа ч байдаг цэцгийг бичсэн мэт боловч монгол нутгийн эх байгалийн тийм цэвэр цэмцгэр, гоо тансаг, тунгалаг ариуныг гаргаж хэлсэнд л хэргийн гол нь байгаа юм.
Мөн үүнчлэн
- Тэнгэр нь амгалан учраас аянгын гялбаанд цочдогийг
- Агаар нь ариун учраас мөндөр нь цагаан ширхэгтэй
- Тал нь гэрэлтэй учраас солонго нь долоон өнгөтэйг гаргасан нь урьд урьд сайны нөхцөлөөс хойт хойт сайхны үр үүдэн боловсордогийг гүн ухааны санаанд хүргэж, уран сайхны утгыг нээсэн байна.
Д.Нацагдоржийн хэлсэн “Хүннү Сүннүгийн үеэс залгамжилж, Хөх Монголын цагт хүчирхэгжиж, шинэ Монголын үед улаан туг бүрхсэн орныг хүргээд орхисон санааг “Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон хөх тэнгэрийн орон” гэсэн нь дэлхийн түүх бол монголын түүх юм, монголын түүх бол дэлхийн түүх юм гэсэн их омгорхол багтсан гүн утга, уран санааг харж болно.
- үрчлээт магнай гэсэн нь өнө эртний “өвгөн” түүхтэй гэсэн санаа
- “өвгөн” түүх гэдэг нь зөвхөн Хүннү Сүннүгийн үе рүү бус түүнээс цааш “хөрст алтан дэлхий рүү” саравчилсан хэрэг болно.