ИЛГЭЭЛТ
Төр, засгийн удирдлагаас Монголын төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үзэл, бодол, байр сууриа илэрхийлэх буюу байгууллага, хамт олонд тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж явуулсан баримт бичгийн илгээлт гэнэ.
“Хүмүүн бичиг” сонины хамт олон, уншигчдад
Үндэсний монгол бичгээр дагнан гардаг “Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон мянга мянган уншигчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсэж, хамгийн сайн сайхныг ерөөе.
Монгол бичиг бол мөнх тэнгэрээс ирэл гарвалтай, хөх толботой монгол үндэстний оюун соёлын гайхамшигт бүтээл, ухаан билгийн дундаршгүй ундарга, хүмүүн төрөлхтний эрдэнэсийн санд өргөсөн нүүдэлчдийн нэгэн шижир эрдэнэ билээ.
Монгол Улс ардчилал шинэчлэлийн замаар замнаж буй сүүлийн 20 жилийн түүхийг Монгол бичгээр гардаг цорын ганц хэвлэл-”Хүмүүн бичиг” сонин дагнан мэдээллийн байр сууринаас, товч боловч голч нуруутай бичиглэж, монголчууддаа үндэснийх нь бичгээр өвлүүлж ирснээрээ бахархалтай, түүхэн гавьяатай юм.
Тус сонины бүтээлч хамт олон зөвхөн сонин гаргах байнгын үүргээ тасралтгүй биелүүлээд зогсохгүй ерөөс Монгол бичиг соёлоо авран хамгаалах, өвлүүлэн сургах талаар төр засагтаа туслахдаа тусалж, зөвлөхдөө зөвлөж, алгуур хойрго хандаж буй үед “чихнээс нь уясан хонх” болж ирсэн гэхэд хилс эс болох билээ.
Хорин жил бол их түүхийн хувьд ахар богинохон хугацаа боловч манай улс Монгол бичиг соёлоо сэргээх, сурах орчин бүрдүүлэх, төр олон түмнээрээ хэрэглэхийн хувьд, өнгөрсөн зуунд тасалдсан он жилүүдийнх нь бараг хагастай дүйцэх асар урт хугацаа юм. Тус сонины хорин жилийн ой бол Монгол Улс үндэсний бичигтээ шилжилгүй алгуурлаж буйг нийгэм нийтэд сануулан сэнхрүүлсэн он жилүүд гэж бас ойлгож болно. Монгол бичигтээ элгэн хайртай үе үеийн ажилтнууд нь ч ийм бодол тээж явдгийг миний бие Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа болон төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш тус сонинд уригдан сайхан бичгийн уралдааны аваргуудад шагнал гардуулахдаа мэдэж мэдэрсэн.
“Хүмүүн бичиг” сонины хамт олон “Монголын сайхан бичигтэн” хэмээх уралдааныг орон даяар зарлан улсынхаа шилдгүүдийг шалгаруулж бас 15 жилийн түүхээ тэрлэжээ. Энэ бол Монгол бичгийн гайхамшгийг, түүнийг сурч мэдсэнийхээ ид шидийг үзүүлэхэд нь уншигч олон, нийд ард иргэддээ тусалж буй буянтай сайн үйлс юм.
Миний бие төрийн тэргүүний хувьд, энэхүү үйлсийг дэмжихэд санаа сэтгэл нэгтэй байдаг бөгөөд 2010 онд “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргаж, засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I, II”-ийн зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгохыг холбогдох байгууллага, албан тушаалтанд чиглэл болгосон билээ.
Зарлигийн дагуу эдүгээ Монгол Улс гадаад харилцаандаа Монгол бичгээ хэрэглэж хэвшлээ. Мөн дотоод хэрэглээгээ ч орхих учиргүй ээ. Бүх шатны сургуулийн диплом, боловсролын үнэмлэх, түүнчлэн гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ зэрэг ард иргэддээ төрийн нэрийн өмнөөс олгодог албан ёсны баримт бичгүүдийг Монгол бичгээр хадмаллан олгодог болж байна. Энэ бүхэн Монгол бичигтээ шилжин орох алхмыг шат шатаар ахиулж, цаг түүхийн тавилангаар холдон алсарсан, оюунт дээдсийн маань мөхөшгүй амьтай үзэл санааны илрэл болсон агуу соёлыг маань өнөө цагийн бидэнд алгуурхнаа эгүүлэн авчирч байна.
Энэхүү буянтай үйлсэд “Хүмүүн бичиг” сонин ямагт манлайлах байртай явж ирснийг түүхэн ойн нь эл өдөр бахархан тэмдэглэхийн хамт ирэх он жилүүдийнх нь соён гэгээрүүлэх их үйлсэд улам их амжилт, сонины ажилтнуудад эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн онгод, хамгийн сайн сайхныг дахин ерөөе.
Мөнх тэнгэр шүтээнт монгол түмний маань босоо заяат бичиг соёл улам бүр мандан бадраг!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ