Боловсролын хүрээлэнгийн ЭШАА, доктор (Ph.D),
профессор Д.Баттогтох
Эх зохиох эрдэмд суралцъя
Эх зохиож сурахын өмнөх бэлтгэл үе бол юуны түрүүн сонгодог сайхан найруулгатай эх бичвэр, зохиолыг сонирхон уншиж, улмаар тэрхүү эх бичвэрт задлан шинжлэл хийж сурах явдал юм. Үүнийг “эхийн задаргаа” буюу эх задлал гэнэ. Аливаа эхэд задаргаа хийхэд утга агуулгаас гадна хэл найруулгын задлалд анхаарах хэрэгтэй. Тухайн эхийн том жижгээс /эхийг хэмжээний хувьд бичил эх, дэлгэр эх гэж хуваадаг/ хамаарч хэсэгчилсэн ба бүрэн задлал хийнэ. Дэлгэр эхэд ихэвчлэн хэсэгчилсэн задлал хийнэ. Тухайлбал эхийн хэл найруулга, уран сайхны онцлог гэх юм уу эсвэл сэдэв, зохиомж, бүтцийн онцлог гэх мэтээр эхийн агуулгад хамаарах аль нэг сэдвийг сонгон задалж болно. Харин бичил эхэд бол эхийн бүхий л мэдлэг мэдээллийг багтаан тал бүрээс нь олон талтай нарийн шинжилгээ задаргааг хийнэ.
Уншсан эхийн гол санааг алдуулалгүйгээр хураан товчлох эсвэл дэлгэрүүлэх гэсэн 2 янзын дадлага ажлыг хийж гүйцэтгэх нь дараагийн зорилт бөгөөд үүнийг эхийн хувиргал гэж үзэж болно.
Мөн эхлэл өрнөл нь өгөгдсөн эхийн төгсгөлийг гүйцээж бичих эсвэл эхлэл төгсгөл нь бичигдсэн эхийн гол хэсгийг найруулан бичих дадлага ажил ч орж болно. Өмнөх үеийн монгол хэлний сургалтад энэхүү дадлага ажлыг найруулан бичлэг гэж үзэж, уншсан, сонссон зохиолынхоо гол агуулгыг товчлон бичих эсвэл дэлгэрэнгүй өгүүлбэрийг хураах, хураангуй өгүүлбэрийг дэлгэрүүлэх дасгал ажил хийдэг байсан нь тухайн үедээ шинэлэг дэвшилтэт бүтээлч чадварын сургалт байжээ. Тухайлбал:
Хураангуй эх /өгүүлбэр/-ийг дэлгэрүүлсэн жишээ:
1. Өвсний ёроолоос болжмор нисэж, эрвэн дэрвэн байж лимбэний дуугаар жиргэх нь уянгатай.
Өвсний ёроолоос болжмор шувуухай дэрвэсхийн агаарт тогтоод, эрвэн дэрвэн байж нарийн лимбэний дуугаар ая барин жиргэх нь чихэнд уянгатай яруу сонсогдоно.
Дэлгэрэнгүй эхийг хураасан жишээ өгүүлбэр:
2. Горхи булаг хоржигнож, гол мөрөн шуугин урсаж, нуур тойром, намаг, бүрд цэлийж, галуу нугас гадаа хөдөөгүй ганганалдан, уулын модонд уянгат хөхөө донгодож, чухамхүү байгаль ертөнцийн түмэн өнгө, мянган эгшиг бүрдэж билээ
Гол горхи хоржигнон урсаж, нуур цэлийж, нугас галуу ганганалдан, модонд хөхөө донгодож, ертөнцийн өнгө эгшиг бүрдэж билээ.
Өөрийн сайн мэдэх сэдвээр санаагаа бусдад ойлгомжтой, товч тодорхой, зөв сайхан найруулан бичих, эсвэл уншсан зүйлийнхээ утга агуулгын голыг алдуулалгүйгээр товчлон эсвэл дэлгэрүүлэн хувиргаж бичих дадлага дасгал ажлууд нь чухамдаа эх зохиож бичих сургуулилт юм. Ийнхүү өгсөн буюу чөлөөт, эсвэл сонгосон эх дээр ажиллах нь эх бичвэр, эх зохиол гэж юу болох, эхийн найруулга, үг хэлний онцлогийг мэдээд зогсохгүй эхийг хэрхэн яаж бичих арга замыг олж, улмаар төрөл бүрийн сэдвээр бие даан эх зохиож бичих эхлэн бичигчийн дамжаа болно. Найруулан бичиж сурах нь эх зохиож сурахын урьдач нөхцөл бэлтгэл бөгөөд эхлэн бичигчээс “эх зохиогч” болоход зайлшгүй дамжих ёстой дамжаа сургалт энэ мөн.
Найруулан бичих, эх зохион бичих нь хоёр өөр ойлголт, Найруулан бичих гэдэг нь уншиж, сонссон зүйлийнхээ тухай буюу хэн нэгний бичсэн бэлэн эхийн гол агуулга санааг алдуулалгүй өөрийн үг хэлээр тухайн эхийг товчлон буюу дэлгэрүүлэн бичихийг хэлнэ. Тэгвэл эх зохион бичих нь өгсөн сэдэв /гарчиг/-т тохируулан өөрийн санаанаас ургуулан бичих өөрөөр хэлбэл юу бодож сэтгэснээ үг хэлээр ойлгомжтой, товч тодорхой илэрхийлнэ гэсэн үг.
Уншсан, сонссон эхийн агуулгыг товчлон найруулж бичих, эсвэл санаанаас зохиож, урнаар өгүүлэн бичихэд утгыг зөв бөгөөд ойлгомжтой, товч хийгээд тодорхой, уран яруу ба айзам сонсголонтой бичихийг хичээн эрмэлзэх хэрэгтэй. Аливаа найруулгад эдгээр шаардлага тавигддаг.
Уг бичиж байгаа зүйлээ сайн мэдсэний үндсэн дээр бичвэл тэрхүү найруулга зөв бөгөөд ойлгомжтой болно. Эх бичвэрийг илүү дутуу үг нөхцөлгүй, нуршуу сунжруу биш бичвэл найруулан бичлэг товч тодорхой болдог. Найруулан бичихдээ уран дүрслэлийн арга /адилтгал, зүйрлэл, ихэсгэл багасгал, ёгтлол..гм/ болон яруу хэрэглүүр /давталт, яруу асуулт, яруу хандлага, яруу анхааруулга…/ -ийг хэрэглэн бичвэл найруулга уран яруу, сонсголонтой чимэгтэй сайхан болно.
Ижил нэг сэдэвтэй эхийг хүн бүр янз бүрээр бичсэн байдаг. Зарим нь тухайн зүйлийг тоочиж, аль эсвэл үйл явдлын өгүүлэмжээр хүүрнэн бас тайлбарлан бичсэн байхад зарим нь өөрийн үзэл бодол, байр сууринаас үнэлж дүгнэсэн, эргэцүүлэн бичсэн байдаг. Хүн хүний юмыг ойлгох ухаарах байдал өөр өөр байдагчлан бодол санаагаа хэлээрээ илэрхийлэх арга хэв маяг, найруулга, ур чадвар, авьяас нь өөр өөр байдаг. Ийм байдлаас үүдэн аливаа эхийн найруулга өөр өөр байх нь буйн учир хүүрнэмж, тоочимж, тайлбарламж, эргэцүүлэмж гэж хэлний эрдэмтэд 4 үндсэн төрөлд хувааж үздэг.
Эхийн найруулгын төрөл ялгаа:
Тухайн эхийн агуулга сэдвээс хамаарч ямар найруулгаар яаж бичих вэ? гэсэн найруулгын хэв маягийг сонгох ёстой. Найруулгын хэв маяг буюу бичлэгийн төрлийг найруулбар гэнэ. Үүнд: Тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн найруулгын 4 төрөл ялгаа буй. Эдгээр нь хоорондоо бичлэг найруулгын өнгө аяс, хэлний онцлогоороо тус тус ялгарч байдаг. Тухайлбал: тоочимж найруулга нь бичих зүйлийн агуулгыг гадна талаас нь буюу хэлбэр талаас нь тоочин бүртгэн мэдээлэх маягаар бичих бол хүүрнэмж найруулга нь агуулгыг илэрхийлэх үйл явдлын дэсийн дагуу хүүрнэн өгүүлж бичнэ. Харин тайлбарламж найруулга нь зохиогч /бичигч/ санаагаа уншигчдад ойлгомжтой товч маягаар тайлбарлан бичих бол эргэцүүлэмж найруулга нь зохиогчийн бодол, эргэцүүлэл, дүгнэлттэйгээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэн бичсэн байдаг онцлогтой.
Тоочимж /зөв, оновчтой/ Эргэцүүлэмж /товч, цэгцтэй/
Найруулбар
Хүүрнэмж /энгийн ойлгомжтой/ Тайлбарламж /уран, тодорхой/
Эх зохиож бичихийн дээд эрэмбийн эрдэм бол эсээ бичвэр мөн. Эсээ бүхэн эх мөн, харин эх бүхэн эсээ болж чадахгүй.
Эх сурвалж: Хэл бичиг сэтгүүл