МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Олон улсын эх хэлний өдөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тохиож байна. “2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна” хэмээн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей илгээлтдээ дурдсан байна.

Энэхүү өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хүүхдийн ордон, Монголын Олон нийтийн телевиз хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын монгол хэл-уран зохиол, түүх нийгэм судлал, бага боловсролын 700 багш, 200 сэтгүүлч, сэтгүүлчийн ангийн 200 оюутныг хамарсан “Монгол хэлний зөв бичих дүрэм”-ийн сургалтыг Монголын Хүүхдийн ордны хурлын танхимд зохион байгууллаа.  

Сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа хөтлөн явуулав. Энэ удаагийн сургалтад оролцогчдоор богино хэмжээний цээж бичиг бичүүлэн, алдсан үгэн дээр тайлбар хийж, багш нарыг самбар дээр ажиллуулан, үг бичүүлж, хамтран тайлбар хийн алдаа оноог хэлэлцсэнээрээ сонирхолтой боллоо.

Алдаагүй зөв бичиж, зөв тайлбар хийсэн багш нарт Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бэлэглэв. Онол дадлагыг хослуулсан өвөрмөц сайхан сургалт болсон талаар багш нар санал бодлоо илэрхийлж байв.

Top