МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Зарим дагаврын хэрэглээ

          Монголчууд эрт дээр үеэс эхлэн бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн угсаатныг нэрлэхдээ –чууд, чүүд, –ууд, -үүд гэсэн олон тооны дагавар залгаж хэрэглэсээр ирсэн билээ. Жишээлбэл: оросууд, солонгосчууд, америкчууд, энэтхэг[ч]үүд, хятадууд гэхчлэн хэлж нэрлэдэг. Харин аль нэгэн улс орны дотоод дахь аймаг, хошуу, хот балгадын оршин суугчид буюу нутаг нугынхныг олон тоонд хамаатуулан нэрлэхдээ –хан, -хон, -хөн, -хэн гэсэн арай бэсрэг тоо хэмжээг илэрхийлсэн дагаврыг хэрэглэж ирсэн уламжлалтай. Жишээлбэл: хотынхон гэхээс биш хотчууд гэдэггүй, манай нутгийнхан гэхээс манай нутагчууд гэдэггүй, Баянхонгорынхон, Хөвсгөлийнхөн, Дорнодынхон, Булганыхан, Архангайхан, Бээжингийхэн, Парисынхан, Лондонгийнхон, Сайн ноён ханыхан, Жонон бэйлийнхэн, Баянбулагийнхан, Улаанбаатарынхан гэх мэт. Гэтэл өнөөгийн монголчууд бид Улаанбаатарчууд (Улаанбаатарынхан), Төв аймагчууд (Төв аймгийнхан), Бээжинчүүд (Бээжингийнхэн), Дарханчуул (Дарханыхан) гэх мэтээр олон тоонд хамаатуулах нь “орос хэлнээс монгол хэлнээ уламжлагдсан гаж хэллэг юм”. Өнгөрсөн зуунд монголчууд оросын соёл, иргэншилд живж байхдаа боловсрол нимгэн, ухвар мөчид хурган, бяруун дарга нар, сэхээтний нэр зүүгсэд дээдэстээ долгинож ая тал засахдаа орос хэлний “москвичи” гэсний –чи, “ленинградцы” гэсний –цы, иркутяны гэсний –яны зэрэг олон тоонд хамаатуулах дагавруудыг монгол хэлний –чууд, -чүүд, -ууд, - үүд гэсэн олон тооны дагавартай шууд тулган хэрэглэсээр хойч үеийнхээ хүүхэд залуучуудад засах, залруулахад төвөгтэй гай чирсэн нь энэ. Үүнээс болоод улс орон, аймаг хошуу, хот суурин, нутаг нугынхнаа олон цөөн, цар хүрээгээр нь ягштал ялгадаг дагаврууд хоорондоо холилдон бантан зутан болсон ажгуу. Энэ бол ичмээр, шоолмоор зүйл төдийгүй он жил улирах тусам монгол хэлийг минь бохирлох хорт “нян” өсөн үржихийн муу цондон гэдгийг тунгаан бодож цаг алдалгүй засаж залруулах учиртай билээ. Үүнтэй яг ижилхэн хувь заяатай болсон өөр нэгэн дагавар бол өхөөрдөх, багасгах утгатай –хан, -хон, -хөн, -хэн дагаврууд болно. Монгол хэлнийхээ зүй жам ёсоор бол тэмдэг нэрийн дараа голдуу ордог дагаврыг өнөөдөр нэр үгэнд залгасаар байгаад бас л мөнөөх орос хэлний нэгэн хуулбар үүсгэжээ. Орос хэлний “столик” гэдэг үгийг “ширээхэн” гэж орчуулсан нь үүний нэгэн жишээ бөгөөд монгол хэлнээ “жижиг-хэн ширээ” гэж хэлбэл зохистой юм сан. Энэ нь Оросын зохиолч, Петр Ершовын “Конёк-Горбунок” гэдэг үлгэрийг “Бөхтэй морьхон” гэж орчуулснаас ихэнхдээ үүдэлтэй гэж бодогдоно. Зүй нь бол “Бөгтрөгтэйхөн морь” гэвэл яг сайхан дүйх байсан юм. Монгол хүний ухаарлаар тэмээнд л бөх байхаас моринд бөх байх нь үгүй. Харин бөгтрөг маягийн зүйл бол адуунд байж болдог. Тэгээд “Морь” гэдэг нэр үгэнд нь биш, “Бөгтрөгтэй” гэдэг тэмдэг нэрийн дараа тэр өхөөрдөл багасгалын дагавраа залгадаг ёстой. Монгол ардын “Могжоохон даагатай Жогжоохон хүү” гэдэг үлгэрээ бодоод үзээрэй. Дээрх хуулга орчуулгын ёсоор бол “Могжоо даага-хантай, Жогжоо хүү-хэн” гэх нь байна шүү дээ. Энэ үлгэрт гардаг “шулданхан зурам” гэдгийг “шулдан зурам-хан”, “дарданхан зам” гэдгийг “дардан зам-хан”, “шулуухан нүх” гэдгийг “шулуун нүх-хэн” гэх нь л дээ. Ер нь энэ болоод байгаа ярианы үнэн худлын шалгуур нь манай ардын аман зохиол, бичгийн сонгодог уран зохиол юм шүү дээ.

Доктор (Sc.D), профессор С.Дулам

Top