МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Олон улсын эх хэлний өдрийг дэлхий нийтээр “хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэлээ

 

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр. 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассемблейн 30 дугаар хурлаас жил бүрийн 2 дугаар сарын 21-ний эл өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Улс орны өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон “эх хэл”-ээ хайрлаж хамгаалах нь улс орон бүрийн нэн тэргүүний үүрэг юм. Тиймээс ЮНЕСКО-гоос жил бүрийн энэ өдрийг өөр өөр уриа, нэгдсэн хөтөлбөрийн дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэж байна.

22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдөр ЮНЕСКО-ийн зүгээс эх хэлний нэгтгэх чадварыг онцлон тэмдэглээд зогсохгүй эх хэл нь тухайн хэлээр яригчдыг нэгтгэн ойртуулж хамтын хэрэглээний орчинд хөгжих боломжийг олгож, нийгмийн нэгдэл нягтрал, инновац, уран сэтгэмжийг бий болгодог. Цаашлаад эх хэл нь бүх нийтэд чанартай боловсрол олгох бидний хүчин чармайлтын чухал холбоотон болохыг илгээлтэд дурджээ. Чухамдаа, ЮНЕСКО-ийн судалгаанд уугал биш хэлээр боловсрол эзэмших нь суралцахад саад учруулах, тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг онцолжээ.Сүүлийн үеийн тооцооллоор дэлхийн хүн амын 40 хувь нь яг ийм нөхцөлд боловсрол эзэмшиж  байгаа аж. Сурагчдын хувьд уугал хэл дээр суурилсан хос болон олон хэлний боловсрол эзэмших нь тэдний суралцах, мэдлэг чадвар эзэмшихэд дөхөмтэйгөөс гадна бусадтай чөлөөтэй харилцан ойлголцоход тус дэм болдгийг ч илгээлтэд дурджээ. Өмнөх жилийн уриалгын агуулга болох уугал хэлийг хамгаалах нь мөн чухал юм гэдгийг сануулжээ. Энэ өдрийг Монгол Улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран улс оронд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим орчинд тэмдэглэн өнгөрөөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагаас санаачилга гарган “Хил хязгааргүй хэл” уриалгын дор цахим орчны хэлний судалгаа хийж цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй зөв бичиж хэвшихийг нийтэд хандан уриаллаа. Уриалгад Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын жүжигчин Г.Равдан, Ардын дуучин Б.Алтанжаргал, Дуучин Ч.Уранхолбоо, Жүжигчин, дуучин М.Мягмар, Монгол судлаач эрдэмтэд нэгдэв.

Цаашид санаачилга гаргасан байгууллагууд Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангахад нягт хамтран ажиллана. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд хамтран цахим орчинд монгол хэлний сургалтыг хийж, иргэд зөвлөгөө өгнө. 

 

Top