Шинжлэх ухааны зохиолын гол үүрэг нь дэвшүүлсэн таамаглалынхаа үнэнийг батлахад оршдог. Тийм учраас хэлний хэрэгсэл нь шинжлэх ухааны зохиолын мэдээлэх ба нөлөөлөх гэсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг байна. Шинжлэх ухааны зохиолын нөлөөлөх буюу итгүүлэн батлах тал нь их байдгаараа сонин нийтлэлийн найруулгаас ялгардаг. Шинжлэх ухааны зохиолын хэлээр илэрхийлэгдэж байгаа тэр агуулга нь хэдий чинээ учир шалтгааны дараалалтай, тодорхой, оновчтой байх тусмаа нөлөөлөх тал нь дээшилдэг. Учир шалтгааны дараалалтай, тодорхой, оновчтой байх шаардлага ямар ч найруулгад байх ёстой боловч шинжлэх ухаан маань өөрөө тийм шаардлагатай учир найруулгад онцгой чухал болох нь мэдээж билээ.