Ромын эзэнт гүрний алдартай удирдагч Гай Юлий Цезарь (ЗТӨ 100-ЗТӨ 44) буюу Кесарыг мэндлэхэд анх эхийнх нь хэвлийг ярж эх барьж авснаас эхэлсэн кесарово хагалгааг бид “хийсвэр хийлгэх” гээд эвтэйхэн монголчилж чадсан юм чинь зураг дүрс, дууных нь үгийг харуулж байгаад дуулдаг караокег харуудуу гээд монголчлоход юу нь гарзтай байна аа. Миний аав ээж радиог араажав, киног хянуу, телевизийг зурагт гэж ярьдаг улс байлаа. Би багадаа араажаваар тэгж ингэж ярьсан гээд байхлаар нь “тэр Араажав гуай яасан их юм мэддэг хүн бэ” л гэж боддог байлаа. Энэ чинь л жинхэнэ монгол хэлний хууль жамаараа явж байсныг бид нэг их хоцрогдсон бүдүүлэг юм гэж ойлгоод боловсон болгож радио, кино, телевиз болгочхож, уг нь хэлний жам хуулиараа бол эхнийх нь зөв боловсон соёл байсан байхгүй юу даа. Монгол хэлний шинэ хэрэглээ гэж ярихдаа би зөв, буруу хоёр зүйлийн хэрэглээ байгааг дээрхчлэн ярих гэсэн юм. Харин монгол хэлээ “буруу хэлж зөв ойлгодог” гэж тайлбарлаад буруу хэлж, буруу ойлгодог болсон нь харамсмаар… Эхлээд хэлний анхдагч төвшин болох авиа зүйн асуудлаар ямар зүйлийн буруу хэрэглээ буйг аваад үзье. Монгол хэлний эгшиг зохицох ёсны хууль гэж нэг юм байдаг. Эр эгшгээр эхэлсэн үгнүүд нь эр эгшгээр төгсдөг, эм эгшгээр эхэлсэн үгнүүд нь эм эгшгээр төгсдөг хуулийг бага сургуулийн бүх сурагчид мэдэж байгаа. Гэтэл энэ хуулийг зөрчиж ярьдаг УИХ-ын эрхэм гишүүн байгааг та бүхэн зурагтаар ярихыг нь анхааралтай ажиглаад үзвэл тэр хүн нэгдугаарт гэсэн атлаа хоёрдүгээрт гэж ярьж байгаа. Өнөө монгол хэлний эгшиг зохицох хууль болохоор энэ хууль тогтоогчид хамаагүй ажээ. Энэ удаа монгол хэлээрээ буруу ярьж байгаагийн түгээмэл нэгэн жишээг хэлье. Манайхан ямар ч шаардлагагүй хэрнээ байнга хэрэглэх болсон “аймаар, аягүй” гэдэг хоёр үг бий. Энэ нь “аягүй сайхан”, “аймаар гоё” гэж ярих юм. “Аймаар зэрлэг догшин, харгис хуйхар”, “аягүй муухай үнэртэй”, “аягүй эвгүй юм болсон” гэж хэлэх ёстойгоос биш, аймаар аймааргүй хоёрыг, сайхан муухай хоёрыг нэг дор хутгалдуулан хэлж ярих учиргүй биз дээ. Дээрх үг хэллэгүүд манай зурагтын хөтлөгчдийн амны уншлага, “жижүүрийн үгс” болчихсон байна. Хөөрхөн юмнаас айх гэж байх уу, аягүй атлаа гоё сайхан юм гэж байх уу. Монгол улсын гавьяат цол хүртээд ёслолын танхимаас гарч ирж байгаа хүнээс сэтгүүлч сэтгэгдлээ хэлэхийг хүсэхэд “ёстой аягүй их баярлаж байна” гэж хэлэхийг мөн ч олон сонсох юм даа. “Аягүй” (тааламжгүй) байгаа мөртлөө “баярлаж байна” гэнээ. Яахав цол хэргэм нэмсэндээ баярлаж хөөрөөд түүнтэй мантай л байдаг байх. Гэхдээ л энэ бүхэнд эцэг эх, цэцэрлэг, сургуулиас эхлээд төрийн оролцоотойгоор хойч үеийнхээ үр хүүхдийг зөв хэлж ярьж сурахад нь бид өөрсдөө муу үлгэр болмооргүй байна. Манай сайд, дарга нар маань ядаж бага, дунд боловсролтой баймаар юмсан. Тооны ухаанд аливаа тоог нэгээр үржүүлэхэд уул тоо хэвээрээ гарна гээд заалгасан л баймаар юм. Гэтэл хоёр дахин гэж хэлэх юмаа “нэг дахин нэмэгдүүлнэ” гэж ярьцгаах нь үнэнээсээ мэдэхгүй байна уу, эсвэл хожим амлалтаасаа бултаж булзах гээд дамшиглаад байна уу. Хэдэн жилийн өмнө намайг УИХ-д суудаг байхад байнгын хорооны хурал дээр зам тээвэр хариуцсан сайд маань “мянганы замын босоо тэнхлэг, хэвтээ тэнхлэг” гэж ирээд л ярилаа. Тэр үед би сайдаас “за сайд минь бид эхлээд нутаг дэвсгэр дээрээ хөндлөн гулд замуудаа тавьсны сүүлээр л болдог юм бол тэр босоо замаа сар нар луугаа тавивал яасан юм” гэж хэлж сануулж байлаа. Тэр сайд ухаалаг хүн байсан учир тухайн үедээ хүлээн авсан боловч бусад гишүүд нь тоомсорлоогүй болохоор одоо хүртэл нар, сар, од мичид рүү “босоо зам” тавьсаар л байна.
Доктор (Sc.D), профессор С.Дулам