Ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлснээс хойш Монгол орны гадаад харилцаа өргөжихийн хэрээр ганц орос хэлний мэдлэг учир дутагдалтай болж, бусад гадаад хэл, тэр дундаа англи хэлний хэрэглээ шаардлага өссөөр байна. Сургуулиудын хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зайлшгүй судлах гадаад хэл нь англи хэл болсноор орос хэлийг үзэлгүй төгсөгчид олширч, ажилгүй болох шахсан орос хэлний мэргэжилтнүүд англи хэл судалж эхэлсэн нь саяхан. Орос хэлгүй бол боловсролгүй гэж тооцогдож байсан үе өнгөрч, англи хэл монголчуудын аж амьдралд эргэлт буцалтгүй бүр өдөр тутмын хэрэглээ болон түрэн орж иржээ. Аль ч байгууллагад ажилд авахдаа “Англи хэлтэй”, “Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй”, “Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай” гэсэн шаардлагыг тавьдаг болсон байна. Англи хэлгүй л бол ажил олдохгүй л гэсэн үг. Байгууллагын үйлчлэгч, хоолны газрын зөөгч хүртэл англи хэлтэй байх хэрэгтэй болж. Байгууллага бүрийн онцлог, ажлын байранд тавигдах шаардлага гэж байлгүй яах вэ. Гэхдээ ингэж нийтээрээ хэтэрхий туйлширч арай л болохгүй санагдана. Ардчиллын буянаар нээлттэй чөлөөтэй нийгмийн дунд аж төрдөг болсноор оффис (албан газар, ажлын өрөө), супер (онцгой), баар (уушийн газар), имиж (дүр төрх), элит (дээдсийн, шигшмэл), эко экологи (амь ахуй), мансард (давхарлиг, асарлиг), маркет (зах зээл), вакуум (хоосон зай, тусгаар орчин), памперс (живх үүхдийн, живхэнцэр хүүхдийн), монополь (онц эрх), схем (бүдүүвч), такс (татвар), рулет (хуйлмал бялуу), хаус (байшин, гэр угсаа), хотел (буудал), таун (хот, хороолол, chinatown - хятад хороолол), конштракшн (барилга байгууламж), энтертайнмент (цэнгээн, үзвэр, цэнгээнт нэвтрүүлэг мэтийн), лизинг (зээл түрээс), моргеж ([үл хөдлөхийн] барьцаат зээл), акци (ажиллагаа), аукцион- окшн (дуудлага худалдаа), меню (цэс), бойлуур (уурын тогоо, буцалгуур), интернет (цахим өртөө, цахимсүлжээ), интерьер (дотоод засал), экстерьер (гадаад засал), кайф (тайтгарал), канон (хувилагч), нотариат (нотолгоо, нотлох газар), PC game (цахим наадгай), мотел (дэн буудал, замын дэн буудал), гладиатор (мэсчин боол), рыцарь (хүлэг баатар), амазонка (бод эм)… гээд хөвөрч гарах бөгөөд нөгөө социализмын үеийн хэдэн орос үгнээсээ хэд дахин давсан гадаад үг хэллэг эх хэлэнд маань чимэг гэхээсээ согог нэмсээр байгааг яах сан билээ. Бид өнөөдөр лифтээр бууж, подъезоор гараад, автобусанд сууж, асфальтан замаар алхалж, интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, дисконд шоудаж, паб-д стрессээ тайлж, кайф аваад, караокедож хонодог… болоод удаж байна. Элэг сэтгэл нэгт монгол залуус аа, тэгвэл бид цахилгаан шатаар бууж, орцоор гадагш гараад, цардмал замаар алхлан, зөөврийн тэрэгт сууж, цахим өртөөгөөр халз ярилцаж, зах дэлгүүрт наймаа хийн, цэнгүүнд хөгжилдөж, уушийн газарт бухиндлаа сэгсэрч, сайхан тайтгарч аваад, харуудууд (харуулан дуулдаг газар) дуулж хоновол яаж байна. Хэлэхэд их хэцүү байна уу, эсвэл ойлгомжгүй байна уу? Шинээр бий болох зүйлийг тосгуулаад нэрийг нь бэлтгэж сурцгаая л даа. Дашрамд дурдахад, монгол хэлний “зөөх, тээх”, “зөөвөр, тээвэр” гэдэг үгс уул нь утгын хувьд ин ялгаатай бөгөөд хүн зөөх, ачаа тээх гэж амьтай амьгүйгээр нь ялгадаг юм сан, одоо болохоор хүн тээвэрлэх гэж яриад байгаа нь амьдын хар нүгэл буюу. Дээрх орчуулгын оноолтод орчин цагийн мэдлэг бүрэн шингэсэн байгаа шүү. Гагцхүү ад үзэхгүй бол монгол хэлээр л байгаа.
Доктор (Sc.D), профессор С.Дулам