МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Удахгүй “идэгдсэн хоол” (хоол аяндаа хүний хоолой, ходоод руу орчиxсон юм шиг) ... болох нь л дээ

          Өнөөгийн хэвлэл мэдээллийн бичгийн болон ярианы хэлэнд “УИХ дээр хэлэлцэгдэж байна, хөрөнгө оруулалт хийгдэж байна, ажил зохиогдож байна, хүндэтгэл үзүүлэв, барилдаан үзүүлэв, тоглолт хийгдэв, зохиогдов... “ гэх мэт үйл үгийн идэвхгүй хэв голлосон өгүүлбэр олширсоор байна. Байшин өөрөө баригддаггүй атал “баригдсан байшин”, ажил өөрөө явдаггүй атал “явагдсан ажил” гэж ярьсаар байвал удахгүй “идэгдсэн хоол” (хоол аяндаа хүний хоолой, ходоод руу орчиxсон юм шиг), “уугдсан ундаатай” болох нь л дээ. Бэртсэнийг бэртэлт авах, өвдсөнийг өвдөлт өгөх, бөмбөг давуулахыг бөмбөг давуулалтад оруулав, хүчтэй цохив гэдгийг хүчтэй цохилт хийв, ялагдаж, дийлдсэнийг буулгаж авав гэж ярих болж, “уступил” гэдэг орос үгийг орчуулж байгаа нь тэр. Бууж өгнө гэдэг чинь дайн тулааны үед тэмцэлгүй, тэмцээгүй аргаа барж, гараа өргөөд, хэлээ гаргаад, цагаан тугаа мандуулаад ялагдсанаа хүлээхийг хэлдэг биз дээ? Нударган зодоонд гэдэс рүү нь цохихыг, “гэдсэн дээр нь ажиллаад өг!” гэж дасгалжуулагч тамирчдадаа зөвлөж байх юм. Мөн газар хөдөлснийг газар хөдлөлт болов, битүү цастай гэхийг цасан бүрхүүл их байна, уулаараа шамаргатай гэхийг нойтон цастай /мокрый снег гэсэн орос өгүүлбэр/, хүүхэд хуурайлахыг нойллох хэмээн ярих болжээ. Мэдээллийн хэрэгслийн албатууд бол эх хэлээ цэвэр ариун байлгах үйлсийг үлгэрлэн манлайлах үүрэгтэй, тиймээс экс ерөнхийлөгч Багабанди (уул нь ерөнхийлөгч асан, нас барсан бол ерөнхийлөгч агсан), спикер Энхболд (уул нь их хурлын дарга), генсек Эрдэнэбат (ерөнхий нарийн бичгийн дарга), пост социализмын (социализмын дараах), сюрприз барина (гэнэтийн бэлэг, гайхам бэлэг), шопинг хийнэ (юм авна, наймаа хийнэ) гэх мэтээр чамирхан ярьж бичихээ боливол яасан юм, зөвхөн эдгээр үгийг гэхэд л монголоор юу гэдгийг нь та бүхэн бүгдээрээ сайн мэднэ, монголоор нь олон түмэн ч түвэггүй ойлгоно. Хамгийн урхагтай нь хараахан эх хэлний хөрс суугаагүй мэдлэг нимгэн багачууд, сурагчид, оюутан залуучуудын чихэнд эдгээр үг хоногшиж, тэд юуны ч учрыг ололгүй сохроор даган дуурайж гаж буруу ярьж бичдэг болж байгаад оршино. 

                                          Доктор (Sc.D), профессор С.Дулам

Top