МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Амьсгал боосон “-лт” хэмээх хаалт

Амьсгал боосон “-лт” хэмээх хаалт

             Хүнээс элдэв дуу чимээ, үнэр танартай янз бүрийн хий гардаг. Гарах ёстой замаараа гарч байгаа эсэхээс хамаг юм шалтгаална. Доторх эрхтнүүдээ доргиулж, хавийн хүмүүсийг цочоож, пажигнан пижигнэж, харжигнан хэржигнэж гадагшлах хий анхнаасаа л таагүй бөгөөд аль нэг эрхтэн тавгүй болсныг хэлнэ. Тодруулбал, ханиах нв уушги, найтаах нь хамар, зогьсох нь хоолой, эвшээх нь мэдрэл, хэхрэх нь ходоод тавгүйтсэний тэмдэг. Харин аргил, баргил өнгөөр дуугарч, багтаж ядан гараад, эвгүй үнэр цацаж, эзнээ ичээх гэмтэй ч тав тух бэлэглэн, тайвшруулан одох доошоо гардаг тустай нэгэн хий бий.

             Аль нэг эрхтнийг зовоолгүй амны хөндийгөөр гардаг уушгинаас ундаргатай хийг харин  АВИА гэнэ. Замд нь элдэв саад таарсан эсэх, таарсан бол ямар ямар эрхтнийг хэр их хүчээр хаагуур нь хэрхэн яаж шүргэсэн, дайрсан, давснаар нь энэ хийг урт, богино, хос эгшиг, хатуу, чанга гийгүүлэгч гэж нэрлэнэ. Үүнийг элсний нүүдэл шиг чимээгүйхэн урсдаг Завхан голоос эхлээд том том үхэр чулуутай Ховд, Богдын гол, 25 метрээс хүрхрэн буух Улаанцутгалангийн дуутай зүйрлэж болох юм. харин энэ гол, горхинд хаалт хашлага хийвэл наанадаж л хөг аялга нь өөрчлөгдөж, хавийн хог цуглардгийг хэн хүнгүй мэднэ.

             Авиан урсгалд ч учир жанцанг нь мэдэлгүй босгосон –ЛТ дүртэй хаалт хашлага бий. Орос хэлний нэршүүлэх арга, ялангуяа англи хэлний “-ing, the” бүрийг –ЛТ –ээр орлуулснаас болж аясаараа урсах авиаг гацаасан “хүргэлт үнэгүй, сонголт хийх, шахалт үзүүлэх, хананы хагаралт үүсэх, өвдөлт өгөх” гэдэг үгс үүсээд байна. Монгол хэлний ёсоо барьж үйл үг шиг харагдах ч нэрийн шинжтэй цагт нэрийн шинжтэй цагт нэрийн –Х –ээ санаж ажилд оруулбал “үнэгүй хүргэх, сонгох шахах хана хагарах, өвдөх” болж амьсгал боосон хаалт хашлага нурж хийх, үзүүлэх, үүсэх, өгөх гэсэн хэлний хог урсан одно.

             Цаашлаад “... нэг саалтаар 20 л сүү саадаг, эдгэрэлтийг түргэсгэнэ” дөрвөн хүний нэг нь бөөрний өвчлөлттэй байдаг, тамхидалт урагт нөлөөлдөг гэсэн үгсийн –ЛТ хаалтыг авбал “нэг удаад 20 л сүү саадаг, хурдан эдгэрнэ, дөрвөн хүний нэг нь бөөрний өвчинтэй (бөөр муутай), тамхи урагт нөлөөлдөг” болж огьж цогиулсан –ЛТ –үүд үгүй болж, амьсгал боохоо болино.

             Социализмын үед орос, ардчиллын үед англи хэлийг даган үерлэн орж ирээд, урсан одолгүй үржин төлжиж, хавийн хогийг хамж цуглуулаад байгаа –ЛТ –ийг үндсээр нь цэвэрлэцгээе! Гэвч хэрэгтэй, зөв газарт нь “-ЛТ” –ийг хамгаалахаа мартаж болохгүй.

Б.Ариунтуяа. Егөөтэй 99 тайлбар. Уб., 2015 он. 88 дахь тал.

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Top