МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

М.Саруул-Эрдэнэ: Гадаадад амьдардаг эцэг эхчүүд хүүхдийнхээ эх хэлээ сурах тэмүүллийг нь бий болгох ёстой

Хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Конгрессын номын сангийн монгол мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

-Таны сайн мэдэхээр нь Вашингтоны талаар асуултаа эхэлье. Вашингтонд хэчнээн монгол насанд хүрэгчид болон хүүхдүүд амьдарч байна вэ?

-Яг төд өд гэсэн тодорхой тоо байхгүй. АНУ-ын хүн амын тооллогын тандалт мэдээллээр бол 2017 он гэхэд тус улсад нийт 28 мянга орчим монгол хүн аж төрж байна гэсэн статистик тоо бий. Үүний таван мянга орчим нь Вашингтон Ди си орчимд амьдардаг байж болох юм.

-Таван жилийн өмнө танаас ярилцлага авахад Вашингтоны монгол хүүхдүүдээ монгол хэлний зуны сургалтад хамруулдаг байсан. Энэ үйл ажиллагаа нь хэр өргөжсөн бэ?

Зөвхөн Вашингтоны хүүхдүүд биш, угаасаа Америк дахь монгол хүүхдүүдэд зориулсан зуслан л даа. Таван жилийн өмнөхтэйгөө харьцуулахад өргөжсөөн өргөжсөн. Нэгд, нэг биш хоёр ээлж хичээллэдэг боллоо. Хоёрт, АНУ дахь Өвөр Монгол хүүхдүүд, мөн Канадын монгол хүүхдүүд ирж амардаг, сурдаг болсон.

-Хүүхдүүдийн монгол хэл сурах хүсэл тэмүүлэл хэр байгаа талаар та үнэнийг өгүүлээч. Саяхан америк явчихаад ирсэн эрхэм “тэнд байгаа монгол хүүхдүүд монгол хэлээр ярих нь бүү хэл өөрийгөө монгол гэж хэлэхээс ч ичиж байна. Харахад өндөр боловсролтой монгол хүн мөн боловч дотоод сэтгэлээс нь бид тэднийгээ алдчихсан юм биш байгаа гэх бодол төрлөө” гэж ярихыг сонслоо.

-Ганц хоёр зүйл залруулалгүй горьгүй нь. Хүүхдүүд өөрийгөө монгол гэж хэлэхээс ичиж байна гэдэг ташаа мэдээлэл байна. Судалгаа, үндэслэлтэй ярих хэрэгтэй. Би ноднин Америкт төрсөн 83 монгол хүүхдээс судалгаа авсан юм. Хэл соёлтой холбоотой асуултууд байсны дээр “өөрийгөө хэн гэж үздэг” тухай асуулт байсан юм. Бүгд Америкт төрсөн боловч далаад хувь нь өөрийгөө зөвхөн монгол гэж, хорь гаруй хувь нь “монгол, бас америк” гэж, ердөө гуравхан хүүхэд “америк” гэж тодорхойлсон байв. Тантай ярилцсан тэр хүн магадгүй тэр гурван хүүхдийн нэгтэй нь таарсан байж болох юм. Ганц хүүхэд ичиж байгаа нь бүгдээрээ ичдэг гэсэн үг биш л дээ.

Гэхдээ тэр хүний “монгол хэлээрээ ярьж чадахгүй байна” гэж шүүмжилсэн нь бол үнэн. Тэр нь хүүхдээс гэхээсээ илүү эцэг эхээс нь шалтгаалж байгаа хэрэг. Бага жаахан хүүхдэд монгол хэл суръя гэсэн тэмүүлэл өөрөө цаанаасаа төрөхгүй шүү дээ. Учир нь хэл бол нийгмийн үзэгдэл, цуснаас шалтгаалахгүй. Тэр тэмүүллийг эцэг эх нь төрүүлж өгөх ёстой юм. Үгүй бол хүүхэд том болоод эцэг эхдээ гомдоно. Би олон тийм хүнтэй таарч байсан. Саяхан нэг серби гаралтай америк бүсгүй бас л тэр тухай ярина лээ. Өвөө нь Сербиэс ирэхдээ аавыг нь дагуулж ирсэн юм гэнэ. Аав нь сербиэр зүгээр ярьдаг, серби хүн мөртлөө охиноо огт сургаагүй аж. Охин нь тэгээд том болсон хойноо “Та намайг энэ сонирхолтой хэлээр яриад сургачихгүй яав аа? Үнэгүй бас ямар ч зовлонгүй сурах байсан ш дээ, би” гэж аавдаа гомдоллосон гэнэ. Нээрээ бяцхан хүүхэд юугаа мэдээ аж дээ.  

-Хүн сурсан зүйлдээ уусдаг гэсэн таны яриаг хүмүүс төдий л сайн ойлгохгүй байх шиг. Гадаадад амьдарч байгаа томчууд маань эх орноо гэсэн сэтгэл нь бий. Харин тэдний хүүхдүүд, тэдний ач, зээ нарт тийм сэтгэл байх болов уу? Тэр сэтгэлийг хэрхэн бий болгох вэ. Бид үнэхээр тэднийгээ алдчихаж байгаа юм биш биз дээ?

-Эцэг эхчүүд нэг юмнаас айгаад байдаг юм. Монголоороо яриад байвал англи хэл нь муудаад, үеийн америк хүүхдүүдээсээ хоцорчих вий гэж. Үнэн хэрэгтээ тэр хэлээр яг зэрэг ярьж өссөн хүүхдүүд ганц хэлтэй хүүхдүүдээс оюун ухаан, амьдрах чадварын хувьд хавьгүй илүү байгааг судлаачид хэдийн тогтоочихсон шүү дээ.

-Таван жилийн өмнөх ярилцлагад та “манай төрийн бодлого үнэхээр жулдаж байна” гэж ярьж байсан. Америкт олон улс орны иргэд амьдарч байгаа. Бусад улсуудын төрийн бодлого хэрхэн илэрдэг юм бэ?

-Төр засгаа “муулахаасаа” өмнө үр хүүхдийнхээ монгол хэлийг хадгалах гол хариуцлагыг эцэг эхчүүд үүрэх юм шүү гэж ахин нэг сануулъя. Хариуцлага хүлээх дэс дарааллаар нь “муулах” нь зөв биз.  Эцэг эхчүүд угаасаа чадахгүй нь тодорхой байхад төр засаг юм бодох ёстой юм. БНСУ-ын туршлагын талаар би өөрөө дэлгэрэнгүй өгүүлэл бичсэн учраас энд давтан нуршилгүй, ганцхан зүйлийг л хэлье. Гадаад суурьшихаар хүн гараад явахад Монгол улсын засгийн газар юу гэж үзэх ёстой вэ гэхээр нэг хүнээ алдлаа даа, нэг хүнээр цөөрлөө дөө гэж биш нэг нутаг нэмж байна даа, нэг алхам тэллээ дээ гэх ёстой юм. Монгол хүний байгаа газар бүхэн Монгол улсын эрх ашиг хамт явж байдаг байх ёстой. Түүнийгээ дагаад монгол соёл, монгол хэл дэлхий нийтээр түгж байх ёстой.

-Манай төрөөс, БСШУЯ-наас юу хийгээсэй гэж та хүсч байна вэ?

-Сүүлийн үед нэг их юм хүсэхээсээ илүү элдэв үймээн самуун, хэрүүл уруул болж ажил хийхэд саад битгий болоосой л гэж боддог болж байна шүү. Суугуул улсын төр засаг үймээнтэй, эх нутгийн засаг төр самуунтай байгаад байхаар ажлын үр бүтээлд муу нөлөөтэй байх юм. Тиймээс би сүүлийн үед нийтийн сүлжээгээр орох цагаа эрс багасгасан. Ер нь гэхдээ БСШУЯ, Гадаад Яам хоёр гадаадад байгаа иргэддээ хандаж юм хийх нь ч хийгээд байгаа юм шүү. 

-Гадаадад байгаа хүүхдүүдэд Монголд байгаа хүүхдүүдээс өөр арга, агуулгаар заах ёстой гэж та хэлж байсан. Яаж заах ёстой юм бэ?

-Эцэг эх, гэр бүлийнхээ хэлээс өөр хэлтэй улсад сурч байгаа хүүхдүүдэд эцэг эхийнх нь хэлийг заана гэдэг нь өдгөө тусгай шинжлэх ухаан болон хөгжиж байна. Даяаршлын эрин үед шинээр үүсэж байгаа ухаан гэх үү дээ. Тийм хүүхдүүдийг Өв хэлтэн гэнэ. Өв хэлтнүүд эх хэлээ эх нутагтаа сурч байгаа хүүхдүүдээс их өөр, бас аливаа хэлийг харь хэл болгон сурч байгаа улсаас ч өөр. Шинэ ухаан учраас тогтсон жор одоогоор гараагүй, багш сурган хүмүүжүүлэгчид янз бүрээр өөрсдөө зааж үзэн, илүү үр бүтээлтэй аргыг тодорхойлж байна. Судалгаа, туршилтынхаа үр дүнгээс удахгүй хуваалцана аа. 

Төр засгаас юу хийх ёстой вэ гэсэн асуултуудын хариу болгоод baabаr.mn сайтад нийтэлж байсан богино өгүүллээ хуваалъя.

Гадаад улсад хэл соёлоо үл алдах бодлого:

Солонгос улсын жишээгээр

Социализмын үед нэг ийм онигоо байсан юм. ТАСС-ын мэдээ: “АНУ нь манай ЗХУ-ын дотоод хэрэгт бүх дэлхий даяар оролцож байна” гэж. “Дотоод хэрэг” гэсэн атлаа “бүх дэлхий даяар” гэж буй нь хачирхалтай учраас онигоо болжээ. Үнэн хэрэгтээ бол энэ хоёр их гүрний “дотоод хэрэг” гээч нь “дэлхий даяар” оршиж байдгийг цаагуураа айхтар хэлж байгаа хэрэг л дээ. Даяаршлын өнөө үед их бага гэлтгүй, дэлхийн бүхий л улс орнуудын “эрх ашиг” дэлхий даяар тархаж байна. 

Бас нэг мэдээ сонирхуулъя. Орос-Украйны асуудал хурцдаж, Крымыг ОХУ өөртөө нэгтгэхэд АНУ болон Барууны бусад улсаас хавьгүй түрүүнд, хамгийн хатуу хоригийг Оросын талд тавьсан улс Канад байлаа. Яагаад тийм болсныг судлаад үзвэл украйнчууд Канад улсад 1890-ээд оноос хойш олноороо цагаачлан, суурьшсан бөгөөд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн хоёр том давалгаагаар ахин нэн олноороо дүрвэн очсоноос хойш өдгөөг хүртэл үр сад нь нэгд, украйн хэл соёл, үндэс угсаагаа мартаагүй, хоёрт, тэр том гүрний гадаад бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн нь тэр аж. 

Үүний адилаар монголчууд ч гадаадын улс орнуудад олон цөөнөөр оршин суух боллоо. Бид  дэлхийн бүх тивд хөл тавьж, байгаа байгаа газраа улс орноо сурталчлах, эрх ашгаа ойлгуулах хэмжээнд нэгэнт хүрчээ. Үнэндээ бол монгол хүн байгаа газар бүрт Монголын эрх ашиг буй хэмээн ойлгож болно. 

Эхний үеийн цагаачид ямагт амьдралын хатуу хүтүүг үүрэн, ихэвчлэн үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг бол тэдний үр хүүхэд буюу хоёр, гуравдахь үеийнхэн тухайн улсын иргэдийн хүүхэдтэй адил нөхцөлд сурч хүмүүжин, ижил гараанаас эхэлдэг тул, бас эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг харж мэдэрдэг тул илүү хол явж, амжилтад хүрэх магадлал өндөртэй байдаг аж. Тиймээс гадаад дахь монголчуудын үр хүүхдээс шинжлэх ухаан, урлаг соёлын алдартнууд, улс төрийн зүтгэлтнүүд төрөх нь тодорхой, тухайн байгаа улсынхаа бодлогыг тодорхойлогчид болох нь ч тодорхой, харин гагцхүү тэр цагт тэр ХҮН монгол хэл соёлоосоо огт харь хөндий хүн болсон байх уу, 100 жилийн өмнө Канадад очсон украйнчуудын адил Украйн улсаа хэмээн харсаар суудаг ХҮН байх уу гэдэг өнөөдөр та биднээс, эцэг эхчүүдээс, төр засгаас шалтгаалах амин чухал асуудал болоод байна. 

Гадаад дахь монголчуудын хэл соёлын асуудал хэмээн олон жил ярьж байна. Чухам юу хийх вэ гэдэг дээр санаа оноо өгөх үүднээс БНСУ-ын туршлагыг танилцуулъя. АНУ-д гэхэд л солонгос иргэд анх зуу гаруй жилийн өмнөөс ирж суурьшсан, өдгөө гурав дахь үеийнхэн нь аж төрж буй боловч солонгос хэл соёлоо огт мартаагүй буй. Мартуулахгүйн тулд БНСУ-ын засгийн газраас шат дараатай арга хэмжээ явуулдаг ажээ.

Улсын санхүүжилттэй хоёр байгууллага

Анх АНУ-д Солонгос сургууль 1906 онд байгуулагджээ. Ингээд 100 илүү жилийн дараа буюу өнөөдөр гэхэд АНУ-д нийтдээ 1200 Солонгос сургууль ажиллаж, 60 мянган хүүхдэд эх хэл соёлоо зааж байна. Үндсэн хичээлийн дараа болон сайн өдрүүдээр хичээллэдэг. Ихэнх сургууль нь Христийн сүмийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг, учир нь АНУ дахь нийт Солонгос цагаачдын 75 хувь нь Христийн сүмд явдаг гэсэн тооцоо бий. 

Эдгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжин, чиглүүлж өгдөг, улсын санхүүжилттэй хоёр байгууллага буй. Үүнд:

NAKS - National Association for Korean Schools буюу Солонгос Сургуулиудын Үндэсний Холбоо

KSAA - Korean School Association in America буюу Америк дахь Солонгос Сургуулиудын Холбоо

NAKS нь 1981 онд Вашингтон хотноо байгуулагдсан, 14 өөр улс дахь Солонгос сургуулийн Зөвлөл болон 1000 гаруй Солонгос сургуулийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь:

  • Жил тутмын хурал
  • “Солонгос Боловсрол” сэтгүүл
  • Солонгос хэлний SAT II сурах бичиг
  • Солонгос хэлний хичээлийн хөтөлбөр
  • SAT II Солонгос хэлний шалгалт.

KSAA нь 1982 онд байгуулагдсан, 182 Солонгос сургуульд ажиллаж буй 1839 багш, 14435 сурагчийг хариуцсан байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь:

  • Хичээлийн хөтөлбөр боловсруулах
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Солонгос хэлээр үлгэр домог ярих тэмцээн
  • Солонгос бичгийн тэмцээн
  • Han-Eol хэмээх сэтгүүл
  • SAT II -т бэлдэх шалгалт (жинхэнэ шалгалтыг нь NAKS авдаг)

Улсын санхүүжилтээр ажиллаж буй энэ хоёр байгууллагын үйл ажиллагааг харахад гадаад улсад амьдарч буй Солонгос иргэд, Солонгос сургуулийн багш нарт хэчнээн тустай болох нь тодорхой. Тухайлбал, заах хичээлийнх нь хөтөлбөрийг бэлдэж өгдөг, сурах бичгийг нь гаргаад өгдөг, тийм хөтөлбөр, сурах бичгээр хэрхэн заах тухай мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг, багш, сурагчдад зориулсан сонин сэтгүүл байдаг, ур чадвараа сорих тэмцээн уралдаан явуулдаг, эцэст нь хэлнийхээ мэдлэгийг албан ёсоор үнэлүүлэх шалгалтын тогтолцоо байдаг аж. 

Гадаад дахь солонгосчуудад зориулсан тэтгэлэг

БНСУ-ын Боловсролын Яамны “Гадаад дахь Солонгосчуудад зориулсан тэтгэлэг” хэмээх хөтөлбөрийг товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнуудад амжилттай ажиллаж, суралцаж буй солонгосчуудаа олж таних, тэднийг Солонгос эх нутагтай нь холбох, хэл соёлыг нь заах, сайжруулах, ирээдүйд боловсрол мэдлэгийг нь Солонгос улстаа зориулах зорилготой хөтөлбөр юм байна. Зөвхөн хүүхдүүд төдийгүй үр бүтээлтэй ажиллаж буй насанд хүрэгчдийг Солонгосын их дээд сургуулиудад авчран, мастер, докторын сургалтад хамруулна. Гурван шатны сургалт буй. Үүнд:

  • Сурагчдад зориулсан зуны, намрын, өвлийн хэлний курс
  • 25 хүртэлх насныханд зориулсан бакалаврын сургалт
  • 40 хүртэлх насныханд зориулсан мастер, докторын сургалт.

Жилд бакалавртаа 40, мастер, докторын сургалтдаа 40 хүнийг сонгон, тэтгэлгээ олгоно. Тэтгэлэгт сургалтын төлбөр, бүх ном хэрэглэгдэхүүний үнэ, сарын 900 воны стипенд, даатгал, ирэх буцах онгоцны зардал орно. Сургалтын төлбөрийн хувьд тус хөтөлбөрт багтсан гадаад дахь солонгос хүнийг их дээд сургуулиуд нь төлбөрөөс чөлөөлөх гэрээг Боловсролын яамнаас сургуулиудтайгаа хийсэн байдаг аж. 

Энэхүү тэтгэлгийн зорилгыг ажиглавал, мөн зорилгоо үнэхээр амжилттай биелүүлсээр буйгаас нь үзэхэд тодорхой зөв зорилго тавиад, түүндээ дүйцэх тохиромжтой арга хэмжээ авч чадвал үр дүнд даруй хүрдгийг харж болно. Тухайлбал, 

  • Гадаад улс орнуудад амжилттай ажиллаж, суралцаж буй солонгосчуудаа олж таних 
  • Тэднийг солонгос эх нутагтай нь холбох 
  • Хэл соёлыг нь заах, сайжруулах, 
  • Ирээдүйд боловсрол мэдлэгийг нь Солонгос улстаа зориулах

Манайд харин эсрэгээр, гадаад руу зугтсан, хаяад явсан гэх мэт хандлага ялангуяа нийтийн сүлжээгээр ихэд түгээмэл, тэр нь зөвхөн өнөөдрөө харж буй харалган бодлого юм гэдгийг Солонгос, Хятад, Польш, Литва зэрэг олон улсын жишээ үзүүлж байна. 

Дүгнэлт

Гадаад дахь монгол эцэг эхчүүдэд үр хүүхдээ сургах хэрэгцээ шаардлага нь байна. 

Шаардлагыг нь хангах сургууль, багш нар байна. Эхлүүлчихсэн хичээл, тавьчихсан суурь байна. Багш нар нь идэвх санаачилгатай, ном сурах бичгээ өөрсдөө бичээд хэвлүүлсэн туршлага нь байна. 

Одоо харин төр засгаас “санаачилга гаргаад ирвэл дэмжинэ” хэмээн ерөнхий зүйл ярих биш хөрөнгө мөнгө, зохион байгуулалтаар бодтой дэмжээд өгөх л хэрэгтэй байна даа. Бид үүгээр бололцоогоороо л хөдөлж байна, гэлээ гээд Орос, Хятад, Солонгос, Унгарын бодлого, хөрөнгөтэй яаж өрсөлдөх вэ дээ? 

Одоо л хөдлөхгүй бол оройтож мэдэх, эргэж хэзээ ч ирэхгүйгээр одчихож мэдэх зүйл байдаг юм шүү, энэ хэл гэдэг.

 

Эх сурвалж: news.gogo.mn

Top