МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Уран зохиолын найруулгын онцлог

Уран зохиолын найруулгын онцлог 

            Уран зохиолын найруулга нь утга зохиолын хэлний найруулга дотроос хамгийн өвөрмөц шинжээр ялгардаг. Уран зохиолын найруулга нь хэлний дүрслэх болон яруу хэрэглүүрийг өргөн ашигладаг, уран дүрийг бүтээдэг, үгсийн сангийн бүхий л нөөцийг хэрэглэх боломжтой байдгаараа бусад найруулгаас ялгардаг.

            Үгийн сангийн онцлогоос.

  • Үг шууд утгаараа байх нь харьцангуй ховор, дүрслэн илэрхийлэх, сэтгэл хөдөлгөх шинжийг нээн үзүүлэх гол нөхцөл болсон үгийн шилжсэн утга зонхилно.
  • Зохиолын баатрын дүр, үг хэллэгнийн онцлогийг гаргах зорилгоос үүдэн хуучин үг хэллэг, нутгийн аялгууны үг, этгээд бүдүүлэг үг хэллэг, хар ярианы үг, гадаад үг, мэргэжлийн үг хэллэг зэрэг утга зохиолын хэлний идэвхгүй үгс уран зохиолын найруулгад орно.
  • Уран зохиолын найруулгын үгсийн сан арвин, ойролцоо үг, эсрэг үг, төсөөтэй үгийг сүүл, толгой холбох, өгүүлбэр, үг хэллэгийг тэнцүү хэмнэл хэмжээтэй болгох, яруу сонсголон нэмэх зэрэг өвөрмөц үүргээр сонгон найруулах нь элбэг.
  • Уран зохиолын найруулгад зүйр цэцэн үг, ардын аман яруу үг элбэг орно.
  • Дуу чимээ, дүр дүрслэл заасан дайвар үг уран зохиолын найруулгад зонхилон орно.
  • Уран зохиолын найруулгад өвөрмөц утга хэлбэртэй (зохиолын болон зохиолын баатрын) нэр элбэг тохиолдоно.

Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2012 он 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. 

Top