МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол хаяг мандтугай!

Монгол хаяг мандтугай!

           Гадаадад шувууны мах идэж, гайгүй сайн орос, англи хэлтэй болсон нэгэн залуу халуун тогооны хоол идэхээр “НОТРОТ” хаягтай байшингийн хаалгыг татлаа. Хананд хоолны цэс биш Нотариатын гэрчилгээ, ширээн дээр аяга тавагны оронд үзэг цаас, тамга тэмдэг, ард нь хуульч бүсгүй мишээн угтлаа.

            “Халуун хоол” гэж хаяглачхаад цай ч үгүй, царай ч үгүй бүсгүй гэм хийсэн шинжгүй суугаад гэдэс нь өлссөн залуу дургүйцэж хоол нэхэж гарав. Бүсгүй “Хоол хийдэггүй, хуулийн дагуу баримт бичиг баталдаг нотротын газар байна!” гэв. Гадаад хэлэндээ гаргууд залуу “Тэр газрыг чинь нотариат” гэж 9 үсэгтэй бичдэгийг мэдэх үү? Байдаг “А-ИА” –г нь авчхаад, байх ёсгүй “О” –г олж тавиад “нотрот” болгодог нь хаанахыг ёс вэ? гэж дуугаа өндөрсгөнгүүт ходоод нь хоржигнож дуугарав. Бүсгүй “Нота-риат гэж хэлээ ядраамааргүй байна!  Чи ч гэсэн над шиг залхуурч нотрот л гэж байна даг!” гэж мөчөөгөө өгсөнгүй.

         Бүсгүй “нотариат” гэдэг үгийн хэл ядраасан эгшгүүдийг оросоор хэлэхээсээ залхуурч НОТРОТ гэж амарчлаад, хэлсэн шигээ кирилээр буулгаж, хаалга үүдээ хаягласан болж таарлаа. Хэл хугалсан “нотариат” –ыг “нотрот” болгож хэлж, бичсэн нь бүсгүйн буруу биш, хэлний ёс болохыг яавлаг болсон “яблока”, маруужинд хувирсан “морожение” ээр гэрчлэв.

        Залуу бүсгүйн залхуу хэлнээс төрсөн “НОТРОТ” –ыг гадаад хэлтэй залуу “хот пот” гэж англиар уншаад, уур нь савссан хоолны хамар цоргим үнэрийг сэтгэлдээ ургуулснаараа ч буруугүй. Гудамж талбайг чимсэн латин үсэгтэй гоё чамин хаягуудыг уншсаар байгаад дассан биз ээ, тэр.

         Хоёр залуу энэ мэт учир байдлаа хэлэлцэн өөр өөрийгөө хамгаалж хэсэг ном хаялцсан ч хэрэг хоёр тийш болсонгүй. Иймд хууль дүрэмдээ тулахад орос хэлний ёсыг дагалгүй монгол хүний дүрэм зохиосон залхуу бүсгүйн буруу болжээ. Заргач залуу “нотрот” гэж залхуурснаа марталгүй хэрэг заргыг дундаа хийж, бүсгүйн ширээн дээрх “бифштекс” гэх хоолонд “бивиштээгс” гэдэг залхуу нэр өгч хуваан идээд амар сайхандаа жаргажээ.

          Нээрээ л мээсэж уншиж, бичихийн тулд латин үсэг тогтоосон хүмүүс үсчин орох гээд “Hair salon” –ыг Хайр салон гэж уншчихаад хажуугаар нь өнгөрөөд байгаа юм даа. Харин гадаад үсэг гадарладаггүй өтгөс нялхас төөрч будилуулдаг  “гадаад” хаягаас төвөгшөөж, гадуур явахаасаа халширдаг гэнэ.

 

Б.Ариунтуяа. Егөөтэй 99 тайлбар. Уб., 2015 он. 77 дахь тал.

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. 

Top