МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа

Хэлний бодлогын үндэсний зөвлөл

www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа.

     2017.03.21-нд БСШУСЯ-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөл www.nairuulga.mn цахим хуудсыг танилцуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

     Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор Ж.Баянсан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Галаарид болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.

     Монгол хэлний тухай хуульд заасан төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах, эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийнхээ хүрээнд иргэдийн найруулан бичих чадварыг сайжруулахад мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор найруулгын цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

     Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян: “Энэ цахим хуудсаар дамжуулан эрдэмтэн, судлаач, багш нар бүх нийтийн эх хэлний боловсролд зориулан нээлттэй зөвлөгөө өгөх боломжтойгоос гадна иргэдийн бичгийн боловсролд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн бол МСНЭ-ийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Энэ сайтыг нээж байгаа нь манай сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн алдаа оноогоо дүгнэх, бусдаас суралцах, яруу сайхан найруулах, утга төгөлдөр ярих урлагт сурахад чухал үүрэгтэй. Сэтгүүл зүй өөрөө эх хэлний манаачийн үүрэг гүйцэтгэдэг онцгой салбар. Харамсалтай нь  өнөөдөр сэтгүүл зүйн найруулга болоод хэл ярианы түвшин хүссэн хэмжээнд хүрч чадахгүй доголдолтой байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ дутагдлыг засахад харилцан бие биенээсээ суралцдаг чөлөөт талбар хэрэгтэй байдаг. Энэхүү сайтаас шилдэг найруулгатай мэдээ мэдээлэл, нийтлэлийг тавьж бусдад жишээ болгохоос гадна алдаатай, буруу найруулгатай, сургалтад ашиглаж болох жишээгээр алдаан дээр нь дүгнэлт хийж харилцан санал солилцох талбар бий боллоо” гэж үнэлэв.

     Энэхүү цахим хуудас нь найруулгын төрөл зүйл (уран зохиол, албан бичиг, шинжлэх ухаан болон нийтэлгээний найруулга) хаяг, тэмдэглэгээ, зөвлөмж, мэдээ гэсэн бүтэцтэй ба иргэдэд найруулгын тухай ерөнхий ойлголт өгч, найруулан бичих чадвараа дээшлүүлэхэд мэдээлэл, арга зүйгээр хангах, эрдэмтэн, судлаач, багш нарын санал зөвлөмжийг хүргэх, нийтэд буруу хэвшсэн найруулгын алдааг яагаад буруу болоод байгаа учир шалтгааныг тайлбарлан мэдээлэх, энэ чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж, олон нийтэд мэдээлэл хийдэг судлаач болон байгууллагуудтай хамтран ажиллах, эх хэлний зохистой хэрэглээгээр нийтэд манлайлж буй байгууллага, хувь хүнийг дэмжих, сурталчлахын зэрэгцээ зэргээр цаашид хөтөлнө гэдгийг ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл онцлон хэллээ.

                                                                                                                                            ХБҮЗ-ийн АА 

Top