МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Дархад дууны цоморлог”

  

 “Дархад дууны цоморлог” хэмээх энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргалаа

     Энэхүү номын гол онцлог нь хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж шингээх хийгээд эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн юм.

     Дархад дууны талаар цөөнгүй бүтээл гарсан байсан. Тухайлбал, “Хөвсгөл ээжийн хөг эгшиг” түүврийн оршилд Ж.Бадраа “Х.Цэрэнсодном гуайн дархад дууны хөг, ая ноотын талаар бичсэн тодорхойлолтод хэл найруулга нэр томьёоны будлианаас гадна учир утгын ээдрээ, буруу дүгнэлтийн зүйл байгаа нь илэрхий” хэмээн шүүмжлэн тэмдэглээд, хөгжмийн онолд суурилсан судалгаа монгол дуунд болон дархад ардын дуунд яаж тусгалаа олсныг тодорхойлон бичжээ. (“Хөвсгөл ээжийн хөг эгшиг” эмхэтгэсэн Г.Баасанжав, О.Пүрэв, редактор Ж.Бадраа, Г.Бирваа УБ 1983)

     1960-аад оны үед МУИС-ийн багш Ц.Шархүү гуайн нутгийн зон олноос бичиж авч хараахан нийтийн хүртээл болгож амжаагүй “Аман аялгуу дархад судлал”-ын докторын ажлын нэгээхэн хэсгээс дээж болгож нэг зуун дууг орууллаа.

     Энэ ажил нь Ц.Шархүү агсны амьд ахуй цагтаа докторын зэрэг хамгаалахаар зэхэж байсан эх тул тусад нь ном болгон гаргавал С.Бадамхатан докторын судалгааны дараа орох жинтэй бүтээл болох юм.

     1970 оны үед К.Н.Яцковская дархадын уртын болон ардын 115 дууг бичиж авч орос хэлээр өмнөтгөл бичиж, 1978 онд Москвад “Дархад Г.Даваажийн зуун дуу” нэрээр ном болгон хэвлүүлжээ. Иймд бид эл 115 дууны албан ёсны зөвшөөрлийг шинжилгээний ангид хамт оролцсон Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болдоос авч мөн эмхэтгэлд орууллаа.

     1990 оны үед Унгар улсын  Өтвөш Лораандын нэрэмжит  Шинжлэх ухааны их сургуулийн монголч эрдэмтэн Бирталан Агнеш, Хэл зохиолын хүрээлэнгийн шинжилгээний ангийн хамтаар дархадын сумдаар судалгаа хийсэн байна. Энэ ангийн эрдэм шинжилгээний тайлан, соронзон хальснаас бид нэлээд хэдэн дууг сонгон авч нийтэллээ.

     2016 онд бидний багийн хамтаар Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн зохиолчид Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Хатгал сумдын нутгаар орж, дуу хуурын бичлэг цуглуулсан юм. Эдгээр дууг өмнөх судалгаа хийсэн шинжилгээний ангийн тайланд багтсан дуутай тулган зэрэгцүүлж харьцуулсан судалгааны хэрэглэгдэхүүн болгон  хамтад нь хэвлүүлж байна.

     Энэ ном нь өмнөх хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт (нийт 825) эмхэтгэн “Цоморлог” болгон та бүхэндээ хүргэж байна.

     Дархад дууны найргийг судалж, үнэт сайхан санаа, мэргэн саналаа дэвшүүлэн, уран зохиол судлалын ухааны урлахуй арга барил, бэлгэдэл зүй, судалгааны арга зүйн үүднээс шинжлэн тайлж бичсэн судлаачдын туурвил дүгнэлт, дархад ардын дууны яруу найргийн сэдэв, агуулга, үйл явдалтай уялдсан түүхэн учир тохиол, нийгмийн харилцааны өөрчлөлт, төрөл зүйлсийн хувьсал хувирал, эрхлэх аж ахуйн өвөрмөц хийгээд дэлгэр үйл ажиллагаа, хэв ёс, зан заншил, мөргөл бишрэл, мал маллагаа, ан гөрөө, нүүдэл суудал, дадал зуршил тэргүүтнийг судалсан угсаатны зүй, хүн судлал, угсаа хэл шинжлэл, бөө мөргөл, түүхийн судалгааны баялаг хэрэглэгдэхүүнээс дархад зоны эдийн хийгээд оюуны соёлын үнэт баялгийг судалсан эрдэмтдийн зарим судалгааны үр дүн, тайлбар сэлтийг хавсарган эмхэтгэж, дархад нутгийн аялгууны үгсийн тайлбар хийж товч тайлбар толь үйлдэн оруулсан болно. 

                                                                                                                                                                                                                                                          ХБҮЗ-ийн Ажлын алба

Top