МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Б.Элбэгзаяа: Оцмх-ний грек, латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь

Хэл бичиг судлаач, магистр Б.Элбэгзаяа

ОЦМХ-ний грек, латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь

     Монгол хэлний үгийн санд европ дахины олон хэлний үг хэллэг, нэр томьёо янз бүрийн цаг үед харилцан адилгүй хэмжээтэй нэвтрэн орсон байдаг. Үүний нэг тодорхой хэсэг нь грек, латин гаралтай үг хэллэг болно. Монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үг хэллэгийг зээлдэн авсан цаг хугацааны нь хувьд ардын хувьсгалаас 1990-ээд он хүртэлх үе, түүнээс одоог хүртэлх үе гэсэн 2 бүлэг болгон авч үзэх нь зүйтэй болов уу. Учир нь 1921 оноос өмнөх үеийн монгол хэлний ормол үгсийн дотор өрнө дахины хэлний үг хэллэг бараг төлөв байдаггүй хэмээн ойлгож болно.

     Эхний үе буюу 20-р зууны сүүлийн арван жилийнхээс урагших үед монголын бичиг зохиолын хэлнээ харь гаралтай үг хэллэг, түүний дотор грек, латин гаралтай нэр томьёо ямар зэргийн байр суурь эзэлж байсныг бид одоо судалгааны ном бүтээл, зарим толь бичгээс л шүүн үзэж, тогтолцоотой ойлголтыг авч болно.

     Тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн асан, эрдэмтэн Б.Шагж /1886-1937/ бээр 1926-1929 онд “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих” хэмээх монгол хэлний тайлбар толь бүтээжээ. Энэхүү толь бичгээс монгол хэлнийхээ бичгийн уламжлалт үгсийг сэргээн олноор мэдэж болох боловч бидний авч үзэж буй өрнө дахины гарвалтай үг бараг нэгийг ч олж эс чадна. Энэ нь монгол үгийн тайлбар толь учраас гадаад үгийг төдий л авч үзсэнгүй ажээ. Мөнөөхөн эрдэмтэн Б.Шагж гуайн өөр нэгэн бүтээл, 27000 толгой үг бүхий “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс эрхлэн 1937 онд хэвлүүлсэн байдаг. Харин энэ нь хэдийгээр үгийн тайлбар юм уу гаралзүйн толь бус боловч монгол цагаан толгойн дарааллаар жагсаасан хоёр түм гаруй үгийн дотор европ дахины үг хэллэгийг цөөн тоотой оруулжээ. Тэдгээр нь голдуу улс орны нэр, түүний том хотын нэрийг хамарчээ.

     Үүнээс хойш гарсан хамгийн нийтлэг, дорвитой толь бол Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” болно.

     Хэдийвээр монгол хэлний тайлбар толь нэртэй боловч уул номд төвд, нанхиад,  манж, санскрит зэрэг дорно дахины олон хэлний үг хэллэгээс гадна, мөн автобус, автономи, бактери, бригад, вакцин, витамин, гектар, генерал, геометр, гитар, дежур, декан, депутат, десант, диктатур, диплом, дивиз, пальто, палеонтологи, пионер, лагерь,  касс, капитал, календарь, категори, кино, километр, кокс, комисс, курс, лектор, лент, литр, марк, маршал, маршрут, масштаб, материал, машин, микрофон, монтаж, натурализм, облигаци, объект, парламент, партизан, паспорт, радиатор, радикал, радио, радиус, рапорт, район, рекорд, резин, ресторан, рентген, референт, редактор, санитар, спартакиад, спирт, спорт, станц, стратеги, стандарт, субъект, театр, телефон, теннис, техник, технологи, температур, факультет, феодал, ферм, фестиваль, физик, философи, фонд, фосфор, цемент, центнер, цех, цистерн, цирк, штаб зэрэг грек, латин гаралтай хэдэн арван үг хэллэгийг оруулсан нь эдгээр үг тухайн үед монгол хэлнээ орчуулгагүйгээр түгээмэл хэрэглэгдэж байсны гэрч болохын хамт өнөөгийн бид тэдгээрийн хэдийг нь,  хэрхэн орчуулсан хийгээд уг хэвээр нь хэрэглэсээр буйг харьцуулан судлах сонирхолтой боломжийг олгож байгаа юм.

     Эрдэмтэн Ж.Төмөрцэрэн “Монгол хэлний үгийн сангийн судлал” номдоо харь хэлнээс орсон үгийн талаар тусгайлан судалжээ. Тэрбээр “Европын хэлний үгсийн зарим нь нэлээд дээр үед монгол хэлэнд нэвтэрсэн байлаа гэж тэмдэглээд, грек хэлний ноомос-ном, диптэра-дэвтэр, статер-шижир гэсэн жишээ авчээ. /16. 65/. Мөн монгол хэлэнд орсон европын хэлний үгс гэсэн дэд 6 дахь бүлэг оруулж, хамгийн идэвхтэй бөгөөд өргөн дэлгэр нэвтэрсэн нь 1921 оны хувьсгалын дараахнаас эхэлнэ гэжээ.

     Тэрээр ОЦМХ-нээ орос хэлээр дамжиж нэвтэрсэн грек гаралтай үгийн жишээнд атом, геометр, кризис, практик, техник, хими, физик, музей, систем, телефон, бактер гэж тоочсон бол латин гаралтай үгсийн жишээнд материал, материализм, аспирант, градус, доктор, комисс, консул, машин, радио, трактор, феодал, колони, агент, акт, архив, комбинат эдгээрийг дурдсан байна.

     Аливаа хэлний үгийн сан бусад хэлний үзэгдлүүдтэй байнга уялдаа холбоотой байж, харилцан бие биеэсээ үг хэллэг, нэр томьёо зээлж авах, өгөх, нөхөн баяжуулах зэргээр хөгждөг бөгөөд үүнийг хэлний шинжлэлд ердийн үзэгдэл хэмээн тайлбарладаг. Тэр ч байтугай ийнхүү үг хэллэг зээлэх, солилцох үзэгдэл нь нэгэнт буй болсон хэлийг хөгжүүлэх баяжуулах төдийгүй шинээр тусгай хэл буй болгосон жишээ хүртэл  байдаг байна. Энэ тухайд академич Б.Ринчен бичихдээ: “Дэлхийн хэлнүүд бие биедээ нөлөөлж, харилцан үг утга авалцаад зогсохгүй зарим хэл, хэд хэдэн хэлний хутгалдан холилдсоноос ч үүсдэг...” гээд англи хэл герман, румын хэлний холилдон нийлснээс үүссэнийг жишээлэн дурджээ.

     Нэг хэлний үг хэллэгийг өөр бусад хэлэнд авч хэрэглэхдээ аман ярианы хэл буюу бодит хэрэглээний чиглэлээр, мөн бичгийн хэлний харилцаагаар буюу орчуулгын салбараар тус тус авч дамжуулдаг зүй тогтолтой юм. Харь үг хэллэг нэвтрэх замын хувьд шууд ба дам хоёр хэлбэртэй байна. Газар зүйн байрлалаас хамааран хил залгаа улс орнуудын үг хэллэгт тэдгээр хэлний үгс шууд буюу аман ярианы хэлбэрээр илүүтэй нэвтэрдэг бол алс хол байршилтай улс орны үг хэллэг, нэр томьёо голдуу бусад хэлээр дамжин бичгээр орж ирдэг зүй тогтол ажиглагдана. Монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үгсийн хувьд их төлөв орос хэлээр дамжин, бичгээр уламжлан ирсэн байна.

     Орчин цагийн монгол хэлний үгийн санд харь гаралтай үг хэллэг ихээр нэвтэрсэн тухайд эх хэлний мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын дунд зарчмын зөрөөтэй хоёр байр суурьт үндэслэсэн хуваагдмал байдал одоо ажиглагдаж байна. Энэ нь нэгдүгээрт, өмнө өгүүлсэнчлэн аливаа хэл бусад харь хэлнээс үг хэллэг зээлдэн авч, нөлөөлөлцөн хөгждөг нь жам ёсны үзэгдэл учраас орчин цагийн монгол хэлний үгийн санд харь үг хэллэг ихээр хэрэглэж буй байдал нь манай хэлний хөгжлийн л нэг үе шат, зүй тогтолт үзэгдэл бөгөөд монгол хэлээрээ ярьдаг, сэтгэдэг эзэн үндэстэн нь байгаа цагт монгол хэл бохиртох, устах мөхөх аюулгүй гэсэн аядуу тайван үзэл баримтлалтай хэсэг бүлэг байна. Хоёрдугаарт, эх хэлний үе үеийн мэргэд сэтгэгчдийн сургаж сэнхрүүлсээр ирсэнчлэн монгол хэлний мэргэжилтэн хүмүүс өөр өөрийнхөө үед эх хэлээ хайрлан хамгаалах учиртай, монгол хэлний өнөөгийн байдал бол харь үгийн эзлэх тоо хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үе бөгөөд энэ байдлыг даруй засаж залруулан, эх хэлээ эрхэмлэх талаар эрдэмтэн мэргэд төдийгүй төр засаг ч анхаарлаа хандуулж, цэгцтэй оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг үе болсон хэмээн нөгөө хэсэг нь үзэж байна.

     Эл хоёр зүйлийн зөрүүтэй байр суурийн голчийг олж, монгол хэлнийхээ зүй тогтол, хэвийн хөгжлийг хангах зохистой арга хэлбэрийг сонгохын тулд аливаа хэлний үгийн сангийн хөгжлийн зүй тогтлыг харгалзахын сацуу монгол хэлний хөгжлийн өвөрмөц онцлог, хамрах хүрээ, монгол хэлээр хэлэлцэгчдийн тоо хэмжээ, монгол хэлээ хөгжүүлж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалын талын аль алиныг нь тэгш харгалзах учиртай болов уу.

     Үүний тулд юуны, өмнө орчин цагийн монгол хэлний үгийн санд буй харь гаралтай үг хэллэгийн эзлэх хувь хэмжээг хэл шинжлэлийн ухааны үүднээс нарийвчлан гаргаж, өмнөх үеийн байдалтай нь харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх явдал чухал болно. Энэ чиглэлээр судлаач, эрдэмтэд зохих ёсоор анхаарлаа хандуулж байна.

     Эрдэмтэн О.Сүхбаатар агсан XX зууны монгол хэл шинжлэлийн түүхнээ анх удаа монгол хэлний харь үгийн толь бичиг зохиож нэрээ мөнхжүүлсэн билээ. Тэрбээр бүтээлээ 1990 онд Улаанбаатар хотноо “Монгол хэлний харь үгийн толь” нэртэй хэвлүүлжээ. Энэ ном хэл шинжлэлийн мэргэжлийн бус хэн хүнд монгол үг шиг ойлгогддог олон арван харь үгийг танин мэдүүлж, гарал, хувьслын нь онцлогийг тодруулж өгснөөрөө өнөө үеийнхэнд чухал ач холбогдолтой болсон билээ. Эл номд бидний сэдэвт хамаатай грек, латин гаралтай үг, нэр томьёо үлэмж байр суурь эзэлж байна.

     Доктор /Ph.D/ Н.Балжинням “Монгол хэлний гадаад үгийг ангилах нь” хэмээх шинжилгээний өгүүлэлдээ, монгол хэлнээ англи, араб, болгар, грек, герман, голланд, иран, испани, итал, латин, латви, литви, манж, нанай, орос, перс, санскрит, төвд, түрэг, уйгур, фини, франц, хятад, чех, слав, япон зэрэг дэлхийн 30 гаруй хэлний үгс орсон байна хэмээн тэмдэглээд, энэ нь монгол хэлний үгийн сан дутсандаа бус харин ч монгол хэл хөгжилтэй, интернационалч хэл байж, энэ хэлээр ярилцагч монголчууд өөрсдөө оюунлаг, өндөр боловсролтой хүмүүс болохыг харуулах нэг баримт хэмээн үзэх ёстой” гэж /4. 38/ үзжээ. Монгол хэлнээ орсон гадаад үгийн тоо хэмжээний хувьд 4000 орчим байна гэж эл судлаач бичжээ. Үүний 1350 орчим нь бидний эл сэдэвт хамаарах грек, латин гаралтай европ хэлний үгс ажээ.

     Судлаач бас “Монгол хэлний гадаад үгийн толь”-ийг судалж бэлтгэн, 3648 үгийг багтаан хоёр ч удаа хэвлүүлсэн нь харь гаралтай үгийн судлалд чухал байр эзлэх нь дамжиггүй.

     Доктор /Sh.D/, профессор Г.Бадамдорж “Монгол хэлний үгийн сангийн дархлаа” хэмээх өгүүлэлдээ, монгол хэлний үгийн бүрэлдэхүүнийг цөм ба ормол хэмээн хувааж, дэлхийн олон хэлнээс монгол хэлний үгийн санд орсон ормол үгс нь манай хэлний үгийн сангийн багахан бүрэлдэхүүн хэсэг болно гэж тэмдэглэжээ. /2. 17/

     Мөн доктор /Ph D/ Э.Пүрэвжав монгол хэлний үгийн санд буй харь гаралтай үг хэллэгийн хэмжээг зууны арван хувь орчим гэж үзсэн байна. /12/

     Эдгээр нь үнэхээр үндэслэлтэй бол байж болох тоо хэмжээ хэмээн ойлгож болохоор.

     Бидний хувьд өмнө нь, орчин цагийн монголын бичиг зохиолын хэлнээ шинэ тутам буюу ангиллын хоёрдугаар хэсэгт хамаарах үед орсон харь үгийн талаар тусгайлан судалгааны өгүүлэл бичиж, шинэ цагийн хот суурин газрын бие хүний эргэн тойрон дахь харь үгийн “хүрээллийг” гаргаж, гадаад байдал буюу шинэ үеийн хүний өмсдөг хувцастай холбоотой үг хэллэг, хоол хүнсний хэллэг, байр орон сууцны холбогдолтой үгс, унаа хөсгийн хэл хэллэг, гоо сайхны хэрэгслийн нэрс, хоол зоог, зочлох дайлахтай холбоотой үгс, дуу хөгжмийн холбоот нэрс, харилцах ярилцах хэрэглүүрийн нэрс, мэргэжил заасан үгс, сургууль оюутны холбоот үгс, улс төрийн хэл хэллэг, оноосон нэрс гэх мэтээр нарийвчлан ангилж авч үзсэн билээ. /21. 55-58/

     1990-ээд оноос хойш монголд улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор монгол хэлний үгийн санд ихээхэн хөдөлгөөн орж, харь гаралтай үг хэллэг, түүний эзлэх хувь хэмжээ, үүрэг хэрэглээ өсөн нэмэгдсэн байна.

     Бидний эл өгүүлэлд тухайлан авч үзэж буй грек, латин гаралтай үг хэллэг нь монгол хэлнээ дам буюу орос зэрэг шинжлэх ухаан, соёлын ойрын харилцаатай явж ирсэн  орны хэлээр уламжлан нэвтэрсэн нь дийлэнх ажээ. Орчин цагийн монгол хэлнээ, монголтой хил залгаа орны буюу орос хэлний үгийн сангаар дамжин ирсэн харь гаралтай үг цөөнгүй байна. Үүнд, латин хэлнээс гаралтай агент, аспирин, акт, архив, витамин, генерал, декан, донор, комисс, сектор, семинар, герег хэлнээс гаралтай атом, геометр, логик, музей, систем, стадион, тактик, физик, энерги, англи хэлний гаралтай бизнес, бизнесмен, бокс, брокер, дилер, диспетчер, клуб, комбайн, менежер, стандарт, трест, франц хэлнээс гаралтай арми, банк, дипломат, диспансер, компани, партизан, маршал, прокурор, рапорт, роман, талон, ферм, эстрад, герман хэлний аншлаг, бирж, лоозон, марк, факультет, фронт, офицер, цемент, штаб, голланд хэлнээс адмирал, брезент, данхраат, компос, итали хэлнээс балкон, валют, ломбард, концерт, опер, фирм, испани хэлнээс гитар, какао, мажар хэлнээс гуляш, чех хэлнээс робот, поланд хэлнээс сейм гэх зэргээр үг хэллэг зээлдэн авчээ.

     Үүнээс гадна дорно дахины олон оронтой монголчууд нэн эртнээс оюун соёлын харилцаатай явж ирсэн тул тэдгээрийн үг хэллэг манай үгийн санд олон буй. Энэ бүхнийг хамруулан тооцоолоход орчин цагийн монгол хэлний үгийн санд нийт харь үгийн эзэлж буй хувь хэмжээ арван хувиас ихгүй бол хэвийн хэмжээнд байна гэж үзэхэд буруудахгүй биз ээ. Харин үүнд хэт тайвширч, хэлэлцэгч хүн амын тоогоороо харьцангуй цөөхөн монгол үндэстний тусгаар тогтнолын нэгэн суурь болсон эх хэлээ хайрлан хамгаалах бодлогыг дан ганц хэлний хөгжлийн зүй тогтолд тохоон алмайрч бас болохгүй буй заа.

     Харин харь гаралтай үг хэллэгийг ийнхүү зохих тоо хэмжээнд нь байлгахын нэг үндэс нь түүнд хандах бүтээлч сэтгэлгээ, эх хэлнийхээ үүднээс хандах эх оронч сэтгэл болно. Үүнд, зарчмын хоёр баримтлал байх учиртай гэж үздэг.

     Нэгдүгээрт, монголд  урьд өмнө огт байгаагүй ухагдахуун, ойлголт шинэ тутам буй болсон бол түүнийг уг улс үндэстэн нь болон олон улсын хэмжээнд хэрхэн нэрлэж тэмдэглэсэн үгээр нь зохих хэмжээнд хэрэглэдэг түгээмэл ёстой байна. Жишээлбэл, монголд бирж, хувьцаа, бонд гэх мэт эдийн засгийн шинэ хэвшилтэй уялдсан гадаад гаралтай нэр томьёо сүүлийн үед түгээмэл болсон билээ. Харин шинээр зээлдсэн үг хэллэгийг яваандаа монголын онцлог, монгол хүний сэтгэх ёсонд тааруулан үгчлэн орчуулах, цаашид өөрийн үгээр хэвшүүлэх бодлого давхар явуулах учиртай.

     Хоёрдугаарт, монгол хэлнээ уг ухагдахуун ойлголттой нь дүйх, уугуул үг хэллэг нь бэлэн байгаа нөхцөлд түүнийг заавал харь гаралтай үг хэллэгээр тэмдэглэж нэвтрүүлэхийг хориглох зарчим баримтлах ёстой. Энэ нь монгол үндэстэн өөрийн хэл буюу түүний үндэс суурь болсон монголын онцлогтой сэтгэлгээгээ авч үлдэх алтан хайрцгийн бодлогод үндэслэнэ. Энэ бодлогыг омтгойрсноос аливаа улс үндэстний хэл сэтгэхүй эвдрэн гажуудах, харь хэлний нөлөөнд хэтэрхий автах, холимог хэлтэн болох, уг эх хэлээ бүрмөсөн алдан устгах явдал гардаг нь гашуун сургамж болно.

     Эх хэлээ гажуудуулах, харь үгийг хавтгайруулах явдал хэтэрвээс өнөөдрийн мэт байдалд хүрч болно гэдгийг номч мэргэд маань ч эртнээс мэдэрч, сануулж байжээ. Манай нэрт түүхч, ерөнхий сайд асан А.Амар гуай эдүгээгээс дал гаруй жилийн өмнө нийтлүүлсэн “Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв” хэмээх өгүүлэлдээ: “... Одоо үеийн албан хаагчид ба сурагчид шинжлэх ухааны зүйлүүдийг монгол хэлээр суралцах ба орчуулахад нэр чанарыг олж чадахгүй дэмий дур дураар элдэв адилгүй нэр зохиож бичих зэргээр утга чанарыг алдагдуулах нь буй дээр өөрсдийн үндэсний үгийн утга тайлбарыг үзэж мэдсэнгүй учраас аливаа бичиг зохиолын утга чанар суларч ухаж мэдэхэд бэрхтэй болсон ба аливаа хууль дүрмийн явдалд ч үгийн хүнд хөнгөнийг үл ялгаварлах учраас хүндэд хөнгөнийг хэрэглэх буюу хөнгөнд хүнд үгийг хэрэглэх ба эсвэл хүнд хөнгөн хоёулыг хольж хутган хэрэглэх зэргээр утга чанарыг алдагдуулах болжээ. Энэ мэт болж агсаар эцэстээ өөрсдийн үндсэн үг хэлээ мартан мартсаар гадаадын үг хэлэнд татагдан орох буюу утга чанар нь сулран суларсаар үг хэлээ гээх явдал гарч болно. Жишээлбэл аливаа нэгэн нэр томьёоны зүйлд өөрийн үндэсний нэр томьёог мэдэхгүй бол гадаадын нэрээр нэрийдэх бөгөөд энэчлэн хэрэглэсээр эрхгүй нэр бүрд гадаадын үгийг хэрэглэх болох ба мөн тэр мэтээр өөрийн үндэсний үгийн утга тайлбарыг мэдэхгүй бол бусад хэлээрх эрдэм ухааныг буулган авах аргагүй болж даруй үндсэн үгээ гээж орхих явдал гарч болно” /1/ хэмээн голыг нь олж хэлсэн нь өнөөгийн бидэнд зориулсан юм шиг сэтгэл төрүүлж байна.

     Аливаа хэлний үгийн сан дахь өвөрмөц хэлц зүй ( фразеология-орос, phraseology-грек: phrasis- илэрхийлэл, хэллэг, + logos: үг, сургаал ) /7.148/ бол шууд үгчлэн орчуулж болдоггүй, тухайн хэлээр хэлэлцэгч үндэстний хэлэх-сэтгэх ёсны өвөрмөц онцлогийг хадгалсан үгийн сангийнх нь онцгой хэсэг байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчууд, түүний дотор хот суурин газрын хүүхэд залуус зэрэг эх хэлний мэдлэг, сэтгэлэг нимгэнтэй давхаргынхан монгол хэлнийхээ шавхагдашгүй нөөцийг судалж, суралцахын оронд харь хэлний үгээр бэлэнчлэн ярьж хэлэлцэх явдал даамжирсанд шүүмжлэлтэй хандан буруушаах нь зүй ёсны хэрэг гэж бид үзнэ. Орчин цагийн хүмүүсийн хэлнээ харь үгийг дангаар нь, холбоо үгийн түвшинд “амны уншлага” болтол хэвшүүлэхээс гадна бүр, хамгийн цэврээр өвлөн ирсэн уламжлалтай өвөрмөц хэллэгийнхээ бүрэлдэхүүнд хүртэл оролцуулан “Араамандаа жайжганах”, “Нойлын ногоон тэг” гэх мэтээр хэлж ярилцдаг болсныг эрдэмтэн М.Базаррагчаа шүүмжлэн тэмдэглэснийг /17/ анхаарууштай байна.

Харь үгийг ийнхүү хэлцийн түвшинд хүртэл түгээмэл хэрэглэн туйлширч буй байдал улс төр, бизнес, урлаг, спортын салбарт ихэд идэвхтэй буйг доктор, профессор Б.Пүрэв-Очир мөн ажиглан судалж, “улаан фэн, “хүнд рок”,”поп хатагтай”,”эрос хатагтай”, ”супер хэрчигч”, “төрийн махны машин”, “но ихтэй”, “кадр тасрах”, “сонгуулийн шоу” гэх мэт олон жишээ дурдаад /13.168-179/, гадаад үг хэллэг, шинэ шинэ нэрлэлт, хэлцийг тас хорьж, харь үг хэллэгээр үгийн сан баяждаг зүй тогтлыг бүрмөсөн хязгаарлая гэсэн санаа биш, харин аливаа шинэ үг хэлцийг найруулгад хязгаартай, оновчтой хэрэглэе, зөв үүсгэж бүтээе, эх хэлнийхээ үг хэллэгийн уурхайгаас хүдрийг нь тунгааж, гадаад таримал үг хэллэгээр биш, монгол төрмөл үг хэллэгээр илүү их баяжуулъя гэсэн санаагаар хэлж буй юм гэж бичсэн байна. Эрдэмтний энд дурдсан улс төр, бизнес, урлагийн салбар болон дээр нь нэмэхэд, анагаах ухааны салбарынхан бол үнэхээр эх хэлээрээ сэтгэх ёсны дархлаа багатай, үгийн баялаг барагтай, харь хэлний орчинд илүү өртөмхий давхарга байдаг нь үнэн билээ.

     Дээрх, хоёрдугаарт бичсэн зарчмын заалтыг 2002 онд УИХ-аас батлан эдүгээ мөрдөж буй “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-д 2-р бүлгийн 5-р зүйлийн 18 дахь хэсэг болгон “Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг, нэр томьёо байхад гадаад үг, нэр томьёо хэрэглэхийг хориглоно” /Монгол Улсын хууль. 2002 оны 05-р сарын 15-ны өдөр. Улаанбаатар хот. “Төрийн албан ёсны хэлний тухай”. “Зууны мэдээ” сонин. 2003.06.30. №156 ( 1354 ) / хэмээн оруулсан нь сайшаалтай боловч, харамсалтай нь өнөөдөр эл хуулийн заалтыг нарийн мөрдөх хөшүүрэг, нийгмийн сэтгэлзүй ажиглагдахгүй байсаар байна. Хуулийг батлаад санаа амардаг алмай сэтгэлгээгээ халж, бодитоор хэрэгжих үндэслэлийг нь тодруулж, засвар оруулан нэмж зааж өгөх нь зүйтэй байна. “Төрийн албан ёсны хэлний тухай” гээд энэ хуулийн нэрээс нь болоод олон нийт, төрийн бус байгууллага, иргэд, бидэнд хамаатай бус, энэ нь төрийн байгууллагуудын л албан хэргийн бичиг харилцааны хэлийг зохицуулсан хууль юм гэж ойлгоход хүрч байна. Тиймээс хуулийн нэрийг “Эх хэлний хууль” гэхээс эхлээд өөрчлөн засууштай зүйлүүд ч цөөнгүй буй бололтой.

     Монголын ахмад үеийн мэргэд, эх хэлний их эрдэмтэд маань бидний тухайлан ярьж буй грек, латин гаралтай үг хэллэгийг орчуулах, зохистой хэмжээнд барих тухайд л гэхэд сэтгэж хөдөлмөрлөсөн, сэрээж сэнхрүүлсэн жишээ багагүй байна. Тухайлбал, академич Ц.Дамдинсүрэн “1933 онд бичсэн “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье” өгүүлэлдээ “... Одоо бид европ дахинаас феодал, автономи, музей, интернационал, пролетари, машин гэх зэрэг олон үг авсан, авч байна, авсаар байх учиртай. Гагцхүү түүгээр далимдуулан гадаадын үг хэтэрхий хэрэглэхийг эрс буруушаана...” хэмээн, баримтлах зарчмыг тодорхойлж байсныг мартах учиргүй юм.

     Академич Б.Ринчен 1960-аад онд, итали хэлний “торт” ( Ит. torta, ор. торт, англ. cake ) /6. 243/ хэмээх үгийг хэвээр хэрэглэж хэвшихээс цэрвэж “бялуу” хэмээн аялаг сайхан дуун хөрвүүлснийг өнөөдөр нэгэнт хэрэглэн хэвшүүлсэн бол түүний эрдэм билигт шавь нарын нэг, профессор Чой.Лувсанжав бээр “градус” ( лат. gradus ) /6. 68/-ыг “хэм” хэмээн хэлэх дуудах хийгээд бичих тэмдэглэхэд нэн ч хялбар, гуравхан үсэгтэй үгээр гайхам сайхан орчуулсан билээ.

     Харин одоо, манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ үгийг олон улсын дундын хэллэг гэсэн үүднээс нь “градус”-аар буцаан хэрэглэдэг болжээ. Энэ тухайд үгийн утгач Ц.Цэрэн-Очир “Үг эндүүрвэл хэл эвдэрнэ” өгүүлэлдээ, “Нэг өдөр цаг уурын мэргэжилтэнтэй тааралдсандаа олзуурхаж, яагаад буцаж “градус” гэх болсон тухай нь сонирхвол Я.Цэвэлийн толиос үзээрэй гэдэг юм байна. Я. Цэвэл гуай “Монгол хэлний товч тайлбар толь”-доо “градус”-ыг латин үг гэж заагаагүй нь ингэж цаг уурынхны зууш болжээ” гэж бичээд, хойшид толь зохиогчид харь хэлнээс орсон үгийг ямар хэлний уугуул үг вэ гэдгийг нь зааж өгч байхыг сануулсан /11.176/ нь бодууштай зүйл болжээ.

     Ер нь энд, аливаа харь хэлний, ямар ч үгийг монгол хэлээрээ орчуулах нь чухал гэдгийг эрмэлзэхийн зэрэгцээ, басхүү орчуулахдаа уг ухагдахуунд туйлын ойртсон олон бус, бүр болбол ганцхан үгээр л буулгавал хэлэх, хэвших тал нь төдий чинээ их байдаг нь бодит амьдралаас ажиглагддаг. Биднийг дунд сургуульд сурч байхад “Тооцоолон бодох электрон техникийн үндэс” гэдэг хичээл есдүгээр ангид заадаг байлаа. Энэ нь одоогийнхоор бол компьютерийн хичээл юм. Гэтэл ядахдаа, компьютер гээд ганц гадаад үгээр хэлчихэж болох зүйлийг орчуулах гээд, орчуулах биш бүүр олон гадаад үгээр олшруулж орхисон байна. Энэ олон үгийг хэн ч хэлэхгүй, бичгийн хэлнээ хэзээ ч хэвшихгүй. Гэтэл өнөөдөр компьютер гэдэг үгийг өөрийг нь “цахим” гэж ганц үгээр юм уу, эсвэл “цахим-оюут” гээд холбоо хоёр үгээр орчуулан хэвших хэмжээнд бидний сэтгэлгээ хүрсэн байгаа. Энэ нь цаг хугацаа улирах тусам тухайн харь үгийн илэрхийлж буй мөн утга, уг ухагдахууныг хүмүүс сайтар ухаарч аваад, шууд тэр дор нь бус аажимдаа түүнийг эх хэлээрээ буулгаж, харь үгийг нь түрэн гаргадаг нэг зүй тогтол монгол хүнд, манай хэлэнд л лав байгаагийн илэрхийлэл бус уу. Энэ үйлийг цаг цагийн монголчууд өөр өөрийнхөө үед эх хэлний сайн сэхээтэн, үндэсний сэтгэлгээний мэдрэмжтэй нэгнээрээ дамжуулан хийж бүтээж ирсэн байдаг билээ.

     Бидний хувьд,  хот суурин газрынхан голдуу хэрэглэдэг “нойл” ( Лат. nullus. Орос. ноль, нуль. Англ. nought, zero ) /6. 177/ хэмээх бас л латин, грек хэлнээс улбаатай, бие хөнгөжин ариусах газрыг нэрлэдэг үгийг “урсгуур” хэмээн монголчлох нь зүйтэй хэмээн үзээд олны сонорт хүргэсэн билээ /23. 271/. Хэвшүүлэх эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ. Эл үгийг бие засах газар гээд ухагдахуунаар нь нэрлээд орчуулж, ойлгож болдог. Гэвч утга зохиолын нийтлэг хэлний хэм хэмжээнд энэхүү олон үгээр илэрхийлсэн нь нэр томьёо болтлоо хэзээ ч хэвшиж “идээшдэггүй” жамтай билээ. “Баах, шээх” гэх мэт, үгийн сангийн хувьд шууд хэлж болдоггүй “Ичимдэг үг хэллэг”-т хамаардаг үг ухагдахууны үйлдэл болж байдаг тэрхүү “нойлын” газрыг ичимдэг бус үгээр, арай өөр талаас нь тусгаж нэрлэсэн соёлжуу үг, түүний дотор ганцхан л үгээр нэрлэж хэвшүүлбэл ончтой болно гэж өмнө дурдсан зарчимдаа үндэслэн тийнхүү “урсгуур” хэмээн оноосон билээ. Харин “нойл” гэдэг гадаад үгийг тоо хэмжээ заасан утгын нь талаас бол “тэг” хэмээн нэгэнт дуун хөрвүүлж хэвшүүлснийг өгүүлэх нь илүүц буй заа.

     Үүнийг бичигч мөн л грек, латин гаралтай харь үгэнд хамаардаг, одоо бидний орчуулахгүй хойш тавьж, хэвээр нь хэрэглэж буй хэдэн зуун үгийн нэг болсон “бассейн”-( Фр. bassin ) /6. 36/-ыг “шумбуур” гэж /23. 278/, орос хэлний гаралтай “пүрш” буюу “пүржин”-ийг “сунамхай” гэж /23. 117/ тус тус орчуулах санал дэвшүүлсэн билээ. Бас “стресс” ( Англ. stress-хүчдэл, бие болон сэтгэлийн хүчтэй хямрал ) /6. 229/-ийг “зовниц” гэж ганц үгээр орчуулах саналтай байна. Монгол хэлнээ, сэтгэл хямрахыг “зовох” гэж хэлээд, “сэтгэл зовох”, “санаа нь зовох” гэх зэргээр ярилцдаг ёстой. Энэ үгийн үндэс “зов-” гэдэгт “ни-” гэж удаан хугацаагаар буюу дахин дахин давтагдахын утга бүхий бүтээвэр залгаж, түүнийгээ үйлээс нэр үүсгэдэг, “ир-ирц, яв-явц, хий-хийц, уна-унац гэдгийн “-ц” дагавраар нэршүүлэн бүтээсэн үг. Ер нь “стресс” хэмээх ухагдахуун бол монгол хэл, монгол сэтгэхүйн үүднээс “Хураагдсан сэтгэл зовол” буюу зовнихын давтагдал, бөөгнөрөл юм.

     Түүнчлэн эл өгүүллийн сэдэвт хамаарах грек, латин гаралтай харь үгсийн тухайд гэвэл, эх хэлний профессор, яруу найрагч Т.Галсан абугай “сальфетка” ( Ит. salvietta. Орос. салфетка-хооловч, амны алчуур, ам цаас ) /6. 216/ гэдэг үгийг “салбайдаг” гэж монгол үг сэтгэхүй рүү буулгасан нь өнгөц харахад хошин инээдтэй мэт атлаан тогтуун бодвол үнэхээр л, нормогц салбаран салбайж унадаг цаасыг тийн нэрлэх үндэслэл оршиж байнам бус уу. Тэрбээр мөн, араб гаралтай, голланд хэлний “кофе-г “боргол” гэж, франц хэлний гаралтай спортын төрөл “билльярд”-ыг “ёворцог” гэж /Билльярдыг энэхүү ёворцог гэсэн нэрээр 2000 онд ШУА-иас гаргасан “Монголын нэвтэрхий толь”-д оруулсан байдаг / тус тус хөрвүүлжээ. Манай нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн гуай орос хэлний гаралтай “пиво”-г “исхүүн” хэмээн бүр ганцхан үгээр болгон буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.

     Ярианы хэл бол туйлын хэмнэмтгий “залхуу”, хасамтгай, яг оносон нэг л үгийг шилэмтгий хэл гэж хэлж болно. Тэр онцлогийг ухаарсан орчуулагч маань “Шар айраг” гэж хоёр үг бичсэнээс “исхүүн” гэж ганцхан үгээр хөрвүүлэх боломж байгааг зөв олж харсан байна. “Исэх”, исгэх, исгэлэн” гээд шингэн бүтээгдэхүүнийг боловсруулахын утга, түүний дээр нэгэнт буй болгосон, гараас гарсан, болц найрц нь таарсан хэмээх утга бүхий, “бүтээгдэхүүн”, “үйлдэхүүн”, “эзлэхүүн” зэрэг үгний бүтээвэр “-хүүн” дагаврыг залгасан нь төрөл үгний утга, үүрэг, үг бүтээх эх хэлний онцлогтоо яв цав нийцжүхүй.

     Үүнчлэн бид эл өгүүлэлд грек, латин гаралтай харь үг хэлний айд хамааруулсан итали хэлний “ломбард” хэмээх үгийг Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Данж” хэмээх үгээр утгыг нь тайлсан байдгийг анхаарахгүй өнгөрч үл болно гэж санана. Уг тольд, “Данж-юм зээлүүлэхэд барьцаалах юм, данж барьцаа; данж бариулах, данжийн пүүз ( данж барьж мөнгө зээлдүүлэн өгөх газар ) хэмээн бичсэн /18.187/ нь “Ломбард”-ыг “Данж”-аар монголжуулах боломж буйг харуулна бус уу. Харин гарлын хувьд нэмж хэлэхэд “данж” нь хятад хэлний гаралтай, өөрөөр хэлбэл, “данжаад” гэдэг үгний язгуур мөн бололтой. Дорно дахины олон хэлний үг өнөөгийн манай хэлнээ хэвшиж, монгол үг болтлоо хувирсан зүй тогтолтой юм.

     Доктор /Ph.D/ Г.Гэрэлмаа, бидний эл сэдэвт хамаарах грек латин гаралтай, орчин үеийн хэвлэл мэдээллээр түгээмэл хэрэглэж буй зарим нэр томьёоны талаар шүүмж бичиж, хэрхэн орчуулбаас зохих талаар саналаа дэвшүүлсэн байна. Үүнд, “интерьер”, “экстерьер”, “фасад”, “мансард”, “домофон” зэрэг сүүлийн үеийн барилга, орон сууцны загвар зохиомж, хийц бүтээцтэй холбоотой үгсээс гадна “комикс” хэмээх үгийг бас монгол ухагдахуунаар хэрхэн буухыг сэнхрүүлжээ. Судлаач бээр, “интерьер” /франц: interieur/-ийг “тасалгааны хийц”, “экстерьер” /латин: exterior, франц: exterieur/-ийг “гадна тохижилт”, “фасад” /франц: fasade/-ыг “нүүрэн тал”, “гадна тал” гэж, “мансард” /франц: mansarde/-ыг “давхарлаг”, “домофон” /дом: гэр, фон: грекээр phone буюу авиа/-ыг “дуут харилцуур”, “комикс” /англи: comic-хошин, инээдэмтэй, хөгтэй/-ыг “жижиг хошин зураг”хэмээн тус тус оноосон ( “Эрдэм”. МУ-ын ШУА-ийн сонин. 2005 он, №09 ( 89 ), 8-р нүүр ) байна.

     Судлаач Я.Бадамсүрэн худалдаа, үйлчилгээний салбар дахь нэр томьёог орчуулах, жигдлэх асуудлаар тусгайлан өгүүлэл бичиж, нэр томьёоны нийтлэг шинжийг олон талаар тодруулж, орчуулах боломжтой боловч орчуулгагүй хэрэглэсээр буй доорх нэр томьёог монголчлон жигдлэх талаар саналаа дэвшүүлсэн байна. Тухайлбал, hypermarket-үйлчилгээний төв, supermarket-өөртөө үйлчлэх их дэлгүүр, plaza-үйлчилгээний төв, holding, holding company-хувь нийлүүлсэн компани, receptionist-хүлээн авагч, printer-хувилагч, service-үйлчилгээ, DJ-хөгжим тохируулагч, sale-хямдрал гэж тус тус оноох санал гаргажээ /3. 144-148/. Гэвч, эдгээрийн доторх зарим нэр томьёог одоо нэгэнт орчуулсан хийгээд заримыг нь хэт олон үгээр буулгасан зэрэг оновчгүй тал ч ажиглагдаж байна.

     Энэ мэтээр харь хэлний үгсийг орчуулалгүй хамаа бусаар хэрэглэхээс зайлсхийж, эх хэлээрээ хөрвүүлэх, дүйлгэн буулгах, нийтээр хэрэглэж хэвшүүлэх талаар судлаачид, эх хэлний мэргэжлийн эрдэмтэд, дуун хөрвүүлэгчид маань зохих ёсоор санаа тавьж, сэтгэл зүтгэл, мэдлэг ухаанаа дайчилж буй жишээ бага боловч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

     Орчин цагийн монголын бичиг зохиолын хэлнээ, ялангуяа хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны хэлнээ түгээмэл хэрэглэж буй грек, латин гаралтай үгсийн дотор “топ” (Англ. top-шилдэг, дээд, хамгийн сайн) /6. 243/, “хит” (Англ. hit- нийтийн талархалт дуу) /6.262/, “супер” (Лат. super- дээд зэргийн чанартай буюу үйлчилгээтэй; илүү) /6.230/, “элит” ( Фр. elite- шилмэл, дээд зэргийн гэсэн утгатай. Ургамал, амьтан дээр гол төлөв хэрэглэгдэнэ) /6.291/, “бест” (Англ. best- дээд зэргийн, дээдийн зэрэглэлтэй) /6.37/ зэрэг тодочлох үг буюу угтан чимэх үгийг шууд хэвээр нь хуулан хэлж бичдэг үзэгдэл түгээмэл болжээ. Тухайлбал, “топ модель”, “хит дуу”, “супер шагнал”, “элит үр”, “бест оф Харанга”, “нью старс” гэх мэт. Энэ нь англи зэрэг гадаад хэлний хэрэглээний орчин урьд урьдынхаас илүү болсонтой холбоотой билээ. Гэвч уугуул монгол нутагтаа нүүдлийн соёл иргэншлээ шүтэн суугаа унаган хэлтэн монголчууд зар сурталчилгааны энэ мэт хэлийг төдийлөн ойлгодоггүй, таашаан хүлээж авдаг ч үгүй. Шилдэг, шинэ, шалгарсан, цолгорсон, шигшмэл, тунамал, тэргүүн, дээд, манлай, маш, машид, нэн, нээрэн, үнэхээр, үлэмж, үнэнхүү, гаргуун, гоц, онцгой, дэндүү, тун, гарамгай, аялаг, асар, даамай, давгүй, дажгүй, ёстой, жинхэнэ, зүйргүй, ижилгүй, зэгсэн, онхи, онц, овоо, таатай, тасархай, тоймгүй, тоогүй, туйлын, улам, үсэд, хамгаас, хамгийн, хэмжээлшгүй, хэтэрхий, хязгааргүй, цаглашгүй, чин, чухам, чухаг, чухал, энгүй, эрхэм гэх мэтийн орчин цагийн бичгийн хэлнээ хэрэглэж болох наад зах нь жар орчим угтан чимэх үг, хүч нэмэгдүүлэх үгсийн хэрэглээг /Үүнтэй холбогдуулан зохиогчийн “Аймаар гоё, аягүй хөөрхөн-өөс ангижрах 60 боломж” гэсэн өгүүллийг үзэж болно/ ийнхүү харь орны хуулбар үгээр шууд орлуулан чамирхаж буй нь харамсалтай хэрэг, эх хэлэндээ эзний ёсоор хандах сэтгэл төрдөггүйн гэрч юм.

     1990-ээд оноос хойш ийнхүү грек, латин гаралтай төдийгүй өрнө, дорнын олон хэлний хэдэн зуун үг манай монгол хэлнээ нэвтэрсэн нь нэг талаар соёл боловсрол, худалдаа, эдийн засгийн хувьд бидний харилцаа даяаршин өргөжиж, хуучин хаагдмал тогтолцоот нийгмийнхтэй харьцуулбал олон түнш, найрамдалт улс оронтой болсныг гэрчлэхийн хамт өөрийн үндэсний хэл соёлдоо хэр зэрэг ухаалаг, эх орончоор ханддаг эсэхийн нэг ёсны сорилт болж байна хэмээн хэлж болохоор байгаа юм.

     Төр засаг, яам газар, олон нийтийн байгууллагууд, соёл боловсрол, хэвлэл мэдээллийн салбар, хувь хүн гээд тал бүрийн хүрээнд эх хэлний гажуудлын тухай, харь үг хавтгайрсан тухай нэлээд ярьж хэлэлцэж, зарим үр дүнд ч хүрснийг үгүйсгэж болохгүй. Үүнд, Монгол Улс түүхэндээ анх удаа “Төрийн албан ёсны хэлний хууль”-ийг Үндсэн хуулийнхаа тулгуур заалтад үндэслэн боловсруулж, хэлэлцэн баталсан байна. Хууль тогтоох байгууллагад нэг ч гэсэн эх хэлний мэргэжилтэн гишүүн сонгосны давуу тал нь энэ үйл явдал болж түүхэнд үлдэж ч магадгүй юм.

     Манай улсын ууган тогтмол хэвлэлийн нэг “Үнэн” сонин бүр эрт 1988 оны 10-р сарын 19-ний өдрийн 251 дэх дугаараасаа эхлэн түгээмэл хэрэглэж буй харь хэлний үгсийг монголчлох “Таван үгийн толь” булан нээж байжээ. Уг булан тухайн үед нийт арав гаруй  удаа гараад тасарсан байсныг 1992, 2003 онуудад хэсэгхэн хугацаанд эргэж сэргээсэн байна. Тус сонин бас 2006 онд “Аялгуу сайхан монгол хэлээ аваръя” хэмээх асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлгийг орон даяар зарлан явуулсан нь цаг үедээ нийцсэн чухал сэдэв болсон юм. Уг хэлэлцүүлгийн судалгааны өгүүллийн цуврал буланд доктор /Ph.D/ Э.Пүрэвжав “Харь хэлний сэтгэлгээнд хэт баригдаад байна уу даа”, судлаач, магистр Б.Элбэгзаяа “Бие нь монгол боловч хэл сэтгэхүй нь харийнх” зэрэг судалгааны өгүүллээ хэвлүүлж, эрдэмтэн Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа, Г.Гантогтох, эрдэмтэн- зохиолч Д.Цэмбэл, утга зохиол судлаач, доктор Г.Галбаяр, зураач, үсэг зүй судлаач Д.Батбаяр, магистр багш Б.Булган нарын зэрэг хүмүүс эх хэлний хямралаас гэтлэх талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна.

     “Монголын лектор Төв”, “Өнөөдрийн монгол” сониноос хамтран 2007 онд “Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурцгаая” нэртэй уриалга гаргаж, “Эх хэл бидний соёл” эсээ нийтлэлийн уралдаан, “Эх хэлээрээ зөв ярьж сурцгаая” уриалгын уралдаан зарлаж, “Эх хэл ба тусгаар тогтнол” сэдвээр эрдэмтэн, судлаачид, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл Монголын Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэвлэл мэдээллийн газруудын хэл найруулга, үг хэллэгийн байдалд судалгаа хийсэн байна. МҮОНТВ “Үндэсний хэл бичиг соёл” теле сэтгүүлийг долоо хоног тутам бэлтгэн гаргаж, ойрмогхоноос, эх хэлээ эрхэмлэх сэдвээр “Тунгаамал” хэмээх уралдаант нэвтрүүлэг үзүүлж байна. Мөн арилжааны “C-1” телевиз “Миний монгол хэл” нэвтрүүлэг бэлтгэн явуулж иржээ.

     Энэ мэтээр харийн хэл соёлд хэт автахаас сэргийлэх, аялгуу сайхан монгол хэлээ төгс эзэмшиж, зөв зохистой ярьж бичих талаар гаргаж буй санаачилга, сайн үйлс мэр сэр байгаа боловч төр засгаас дэмжих хөшүүрэг дутагдсанаас далайцтай үр дүнд хүрч чадахгүй байна.

 

     Товч дүгнэлт:

1. Монголын орчин цагийн аман болон бичгийн хэлнээ грек, латин гаралтай үг хэллэг, нэр томьёог нэлээд дэлгэр хэрэглэж байгаа нь 1990-ээд оноос хойш манай улс гадаад ертөнцтэй нээлттэй, чөлөөтэй харилцдаг болж, нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд шинэ хэвшилд шилжсэнтэй зүй ёсоор холбоотой байна. 1990-ээд оноос хойш монгол хэлнээ нэвтэрсэн европ хэлний үг хэллэг нь 1921-1990 оны хооронд болон түүнээс өмнөх цаг үед зээлдэж авсан харь үгстэй харьцуулбал тооны хувьд харьцангуй олон боловч монгол хэлний нийт гадаад үгийн санд эзлэх байраараа хэвийн хэмжээнээс хэтийдсэн гэж яаран дүгнэх нь учир дутагдалтай гэж үзэхээр байна.

2. Орчин цагийн монгол хэлнээ, ялангуяа хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны хэл хэллэг, аман ярианд харь гаралтай үг, түүний дотор грек латин гаралтай европ дахины үг, нэр томьёог илүүтэй хэрэглэж байгаа нь тэдгээр улс орны хэлийг илүүтэй сурч судалдаг болсон нийгмийн эрэлт шаардлагатай нэг талаар холбоотой боловч, тэдгээрийг нэгэнт тэмдэглэсэн, тэмдэглэх боломжтой эх хэлнийхээ үгийн сангийн шавхагдашгүй нөөц баялгаас суралцах эрмэлзэлгүй, олон гадаад хэлний орчинд уусаж, эх хэлээрээ сэтгэх ёсоо мэдрэхгүй болох, бэлэнчлэх сэтгэлгээнд автсанаас голлон хамаарч байна хэмээн үзэж болно.

3. Цаашид, монгол хэлний үгийн санд өрнө, дорно дахины нийт харь үгийн эзэлж буй тоо хэмжээг хэл шинжлэлийн үндэслэл, арга зүйтэй, тогтолцоотой судлан ул суурьтай дүгнэн тогтоож, гарсан үр дүнг нь бүх шатны сургуулийн сургалтын агуулга, “Төрийн албан ёсны хэлний хууль”, “Хэвлэлийн эрх чөлөөний хууль”, “МҮОНРТВ-ийн тухай хууль”, “Зар сурталчилгааны хууль” зэрэг эрх зүйн гол гол баримт бичгүүдэд оновчтой тусган, эх хэлээ эрхэмлэж, зүй зохистой хэрэглэх талаар цаг алдалгүй арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж байна.

     Харь үгсийг монголчлон хөрвүүлэх, ончтой хэвшүүлэх талаар санаачилгатай, үр бүтээлтэй ажиллах нь эх хэлний мэргэжилтэн бидний эрхэм үүрэг мөн.

 

Summary

 

1.           Usage of Greece and Latin originated words and terminologies had become more popular in Mongolia since 1990 because international relationship of our country had become more open and unrestricted and social, politic, economic environment has been reshaping. According to the statistics foreign words which are being used in modern Mongolian since 1990 are considerably higher than those used in 1921-1990 and before. However it would not be appropriate to criticize that there is over usage of foreign words in lexis of Mongolian.

2.           Although foreign words such as Greece and Latin originated words in are used popularly in modern Mongolian particularly in media, advertisement and dialogue/conversation due to advanced need of foreign language as a requirement of modern society, those should not be used all the time. In one word we are ignoring rich resource of our own language.

3.           Furthermore proper actions should be taken promptly on proper usage of native language and its respective by running accurate research on western and eastern words in Mongolian lexis and its origin and percentage and reflecting its result on curriculum of all level of schools, “Law of Official Language”, “Law of Press Freedom”, “Law of Mongolian National Public Television and Radio” and “Law of Advertisement” precisely. 

Turning foreign words in Mongolian form and use those suitably and effectively are our priority as for native language experts.

Эш татсан эх хэрэглэхүүн

1. Амар. А “Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв”, “Зууны мэдээ” сонин, 2006. 11. 10. ¹268 (2404) /бүрэн эхээр/

2. Бадамдорж. Д “Монгол хэлний үгийн сангийн дархлаа” “Монгол судлал” ЭШБ, МУИС, МХСС. 2007 он, Боть XXVII ( 285 )

3. Бадамсүрэн. Я “Худалдаа, үйлчилгээний салбар дахь Нэр томъёоны орчуулгын асуудалд” “Монгол судлал” ЭШБ, МУИС, МХСС. 2007 он, Боть XXVII ( 285 )

4. Балжинням. Н “Монгол хэлний гадаад үгийг ангилах нь”, “Монгол судлал” ЭШБ, МУИС, МХСС. 2004 он, Боть XXIII ( 238 )

5. Балжинням. Н “Монгол хэлний гадаад үгийн толь” УБ., 2005 он, I хэвлэл

6. Балжинням. Н “Монгол хэлний гадаад үгийн толь” УБ., 2008 он, II хэвлэл

7. Баянсан.Ж, Одонтөр.Ш “Хэл шинжлэлийн нэр томьёоны зүйлчилсэн тайлбар толь” УБ хот, 1995 он

8. Гэрэлмаа.Г “Театрын ложа-ийг гуа давхарлаг хэмээн нэрлэсэн байдаг. Иймээс бид мансардыг...”. “Эрдэм”, МУ-ын ШУА-ийн сонин, 2005 он, №09 ( 89 ), 8-р нүүрт

9. Дамдинсүрэн.Ц “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье” УБ., 1933 он

10. “Монгол хэлбичиг”. Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл. V боть. УБ хот, 2007 он

11. “Монгол хэлбичиг”. Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл. VII боть. УБ хот, 2008 он

12. Пүрэвжав.Э “Харь хэлний сэтгэлгээнд хэт баригдаад байна уу даа”, “Үнэн” сонин. “Аялгуу сайхан монгол хэлээ аваръя”, 2006 он. ¹

13. Пүрэв-Очир.Б “Үг, өгүүлбэрийн амьдрал араншин эрчим энерги, соёл хэрэглээ” УБ., 2009 он.

14. Ринчен.Б “Марк Твений минь махы нь идэж дээ..!”, УБ., 1991 он

15. Сүхбаатар.О “Монгол хэлний харь үгийн толь” УБ., 1990 он

16. Төмөрцэрэн.Ж “Монгол хэлний үгийн сангийн судлал” УБ хот, 2001 он

17. “Үнэн” сонин, “Аялгуу сайхан монгол хэлээ аваръя” хэлэлцүүлэг, 2006 он,

18. Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар толь” УБ., 1966 он

19. Шагж найруулан зохиов “Монгол үгний тайлбар толь” -Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих. Монгол Улсын Соёлын сан. Дундад Улсын Үндэсний хэвлэлийн хороо. 1994 он

20. Шагж найруулан зохиов “Монгол үсгийн дүрмийн толь” 2 дахь удаагийн хэвлэл. Монгол Ард Улсын Соёлын сан, Монгол бичгийг сэргээх олон улсын сан. Улаанбаатар хот 1996 он, Хөх хот 1997 он

21. Элбэгзаяа.Б “Бичиг зохиолын хэлэнд харь үгийг зохистой хэрэглэх асуудалд” “Монгол судлал” ЭШБ, МУИС, МХСС. 2003 он, Боть XXI ( 220 )

22. Элбэгзаяа.Б “Бодол хөрвөжих цаг” УБ., 2006 он

23. Элбэгзаяа.Б “Ижийдээн бичсэн захидал” УБ., 2009 он

                                                                                                                                   Эх сурвалж: Монгол хэлбичиг цуврал, 12 боть, 94-110 тал 

Top