МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ж.Баянсан: Зүйрлэсэн сэтгэлгээ, түүний утгыг тайлахын төлөөнөө шүлэгчийн санааг цайлганаар “гүтгэх” нэг эрэлхийлэл

Зүйрлэсэн сэтгэлгээ, түүний утгыг тайлахын төлөөнөө шүлэгчийн санааг

цайлганаар “гүтгэх” нэг эрэлхийлэл

     Уг цувралын үүний өмнөх хоёр дугаарт монгол хэлний зарим зүйрлэсэн хэллэгийн утгыг зөв тайлж, зөв ойлгохтой холбоотой зүйлийн талаар өгүүлсэн билээ. Энэ удаа бид монгол шүлэг найргийн утга санааг ойлгох зарим боломжийн талаар жишээлэн өгүүлэхийг зорьж байна.

     Шүлэг найраг бол тэр чигээрээ адилтгал зүйрлэлээр бүтдэг учраас зүйрлэлээс ангид шүлэг найргийн тухай хэлэлцэх боломжгүй юм. Иймд зүйр цэцэн үг зэрэг зүйрлэсэн хэллэгээр илэрхийлэх утгыг тайлах аргыг шүлэг найрагт хэрэглэх бүрэн боломжтой гэж үзнэ. Үүнийг Б.Лхагвасүрэнгийн нэгэн шүлгээр жишээлэн авч үзье.

Сэмхэн цагаан үүл

Их үдийн халуунд аахилан тэнгэрт зогсох

Ишгэн цагаан үүл хур дуудан майлна

Ихэр хөх нуурын минь толионд

Ийш тийшээ хөвж, хөлхөж тоглоно

Туулайчлан ирэх салхинд хөгжсөн ишгэн үүл

Тургилан дэгдээс сүүлээ годгонуулан уул давна

Сэмхэн цагаан бас нэгэн үүлэн нуурнаас гарч

Сүүдэр болон уул илж, хойноос нь дагана

Хар цагаан хоёр ишгэн үүл

Газар тэнгэр хоёроор зэрэг тэнэнэ.

     “Үүл”-ний тухай өгүүлэмжтэй шүлэг гэвэл олон байх биз. Тэдгээрээс ганцыг л цухас харьцуулж ажиглая. Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” гэдэг найраглалын дотор "Үүл” хэмээх шүлэгт:

Ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа ч юм шиг

Арслан барс хоёр ноцолдож байгаа ч юм шиг

Араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа ч юм шиг

Хурмастын цагаан үүл, хувилгаан цагаан үүл

Хоромхон зуур хувилж хурын ус болно хэмээн тэнгэрт байгаа үүл байгалийн өөрийнх нь нөхөцмөл шалтгаан үйлээр хүний нүдний өмнө янз байдал нь маш хялбархан хувиран өөрчлөгдөж байгааг, нээрээ л тийм байдаг даа гэж өөрийн эрхгүй санаанд тодрон үзэгдтэл зураглан өгүүлжээ.

     Монгол хэлэнд үүлийг “хурган үүл” хэмээсэн адилтгал түгээмэл байдаг нь хурганы үсний аржгар буржгар байдалтай төслүү шинжээр нь ийн нэрийдсэн бололтой. Тэгвэл “Сэмхэн цагаан үүл” ямар онцлогтой юм бол?

     Уг шүлгийн өгүүлэмжийг өнгөцхөн харвал хаа нэгтээ байх, ихэр гэх ч юм уу, холбоо гэх ч юм уу, нуурын дээгүүр хөнгөн сэвшээнд янз янзын хэлбэр дүрсээр хувиран хувилан, нүүж өнгөрөх үүлийг сүүдэртэй нь хамт илэрхийлсэн хавтгай зураг шиг зүйл санаанд амархнаа буух биз ээ.

     Гэвч уг шүлэг зөвхөн үүнийг л өгүүлэх гээгүй нь бас мэдрэгдэнэ. Тэгвэл чухам юуг илэрхийлсэн гэж хэлж болмоор байна вэ?

     Энэ шүлэгт “ишгэн үүл” гэсэн нь үүлний хэлбэр дүрс маш амархан хувиран өөрчлөгдөхийг ишгэний харайж дүүлэх, үсэрч цовхчих адтай хөдөлгөөнтэй нь зүйрлэн нэрлэжээ. ‘’Хурган үүл” хэмээх түгээмэл адилтгал нь үүлний хувирч өөрчлөгдөх агшин болгондоо үүсгэн мэдрүүлэх дүрсийг нь тэмдэглэсэн бол “ишгэн үүл” нь үүлний хөдөлгөөнийг нь тэмдэглэж байгаагаараа ялгаатай байна. Чингээд уг дүрсэлсэн нэрлэлтийн нэг нь юмын хөдлөнги шинжид нь, нөгөө нь зогсонги шинжид нь хамаатай байна. Оршихуйн зохирлын үүднээс зогсохоос ангид хөдлөх, хөдлөхөөс ангид зогсох гэж үгүй гэх буюу зогсох, хөдлөх хоёр нь юмын орших арга болно гэж үздэг.

     “Ихэр хөх нуур” гэдэг нь хаа нэгтээх холбоо нуурыг нэрлэж болох ч, харин энд хүний нүдийг хэлж байгаа юм биш биз гэсэн нэг сэрэгдэл үүсэх боломжтой. Хэрэв ийн үзээд цааш лавшруулбал, ишиг нь нулимс биш биз?! гэсэн бас нэг таамаглал гарч болох юм. Үүнийгээ дээш доош, хойш урагш мөр ахиулан гүйлгэж үзвэл, “ишиг сүүлээ годгонуулан давж байгаа уул” нь хацрын хос товгорыг хэлж байгаа юм биш үү! гэж “гүтгэх” боломж өгч байна. Өөрөөр хэлбэл, “ихэр хөх нуур” хэмээгдэгч нүднээс ар араасаа хэлхрэн гарах нулимс “уул” хэмээгдэгч хацрын товгорыг илсхийн давж, хоромхон зуур уруудан одох нь ишиг “сүүлээ годгонуулан” толгод давж, далдрах мэтийг сэрэхүй мэдрэхүй, эргэцүүлэл ухаарал хоёрт нийтгэн цогцлоосон юм уу гэлтэй санагддаг. Энэ нулимсны зарим дусал энгэр, хормойд, зарим нь газар шороод дусах нь дамжиггүй. Энгэр өвөрт дуссан нулимс цагаан толбо болж үлддэг. Нулимс аманд орвол гашуу амтагддаг. Тэгвэл хөлстэй адилдуу, нэг төрлийн давсархаг шингэн байдгаас тэр юм болов уу. Нарны гэрлийг хүртэх хувьтай, энэ ертөнцийн юм болгон сүүдэртэй байх учиртай ажээ. Энгэр өвөрт цахиртан цайрч толботсон энэ нулимс бас л сүүдэртэй байх нь гарцаагүй хэмээн санана. Тэгээд ч энэ ертөнцөд угаасаа буй болоогүй, эсвэл байсан ч гэсэн одоо үгүй болсон юм болгон сүүдэргүй болно гэдэг. Б.Лхагвасүрэн гуай нэг шүлэгтээ энэ ертөнцөөс хүн хальж одох (үхэх)-ыг “сүүдрээ дарж унана” хэмээн өгүүлсэн нь бас л содон сонин илэрхийлэл болсныг дурдах нь зохистой болно.

     Чингээд ‘'Их үдийн халуунд аахилан тэнгэрт зогсогч”-ийг асгарах борооны үүл хэмээн гүймэгхэн үзээд өнгөрч болох ч чухамдаа бол баяр бахдалын ч юм уу, уйтгар харууслын бодолд автсан нэгэн хэмээн бас “гүтгэн” ойлгож болно. Ийн үзвэл, бодол санаашрал ар араасаа эрчлэн хөврөхийн хэрээр алаг хоёр нүд нь аяган дотроо хар цагаанаар “ийш тийшээ хөлхөж”, дотор сэтгэлээ онгичин цонгичин уудлахуйяа зүрх хурдан хурдан цохилж, чээж давчдан амьсгаа түргэсэж, бүх бие халуу оргин өөрийн эрхгүй, нулимс цийлгэнэж байснаа бөмбөрөн дуслах нь дамжиггүй.

     Үүнийг “ишгэн цагаан үүл хур дуудаж майлна” хэмээн давхар давхар хийсвэрлэн зүйрлэж өгүүлээ юү хэмээн эргэцүүлж болно.

    Тэнгэрийн салхи бол байгалийн үзэгдэл. Иймээс салхи тун олон янз байх нь мэдээж. Зарим зохиолчийн бүтээлд салхийг өнгөтэй болгож, “хар салхи. цагаан салхи. шар салхи, хөх салхи” гэх мэтээр нэрлэсэн байх нь ч бий.

     Энэ шүлэгт “Туулайчлан ирэх салхи” гэсэн бас нэг өвөрмөц зүйрлэл байна. Б.Явуухулан гуайн нэгэн шүлэгт “...Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана...” гэж гардагийг санаж байгаа байх. Туулайн гүйж харайх, дэгдэж ойлох нь их л хөнгөн шингэн, хөл нь газарт хүрч байгаа юм уу, үгүй юм уу гэмээр сэмхэн сэвхэг байдгийг гайхалтай оноож зүйрлэсэн байна. Ингээд салхи нь “тулайчилж ирсэн”, харин үүл нь “хурган” биш, “”ишгэн“ юм бол тэр үүл “хөгжсөндөө” болоод “Тургилан дэгдэж сүүлээ годгонуулан уул давах” нь гарцаагүй юм байна хэмээн бодогдох биз ээ. Гэхдээ үүнийг бид үүл биш, нулимс хэмээн өөрөөчлөн хэлэлцэж байгаагаа эргэн тэмдэглэе.

     Тэгснээ “Сэмхэн цагаан бас нэгэн үүлэн нуурнаас гарч” гэдэг нь нулимсан дусал өөрийн эрхгүй, ар араасаа нүднээс (“ихэр хөх нуураас”) гарч бөмбөрөн хацрын хоёр товгорыг давж уруудахыг "Сүүдэр болон уул илж хойноос нь дагана” хэмээн өгүүлжээ гэмээр байна.

     Энэ шүлэг төгсөхдөө “Хар цагаан хоёр ишгэн үүл Газар тэнгэр хоёроор зэрэг тэнэнэ” гэсэн байгаа.

     Хүний сэтгэлийг бас олон өнгөтэй гэдэг. Хүн баярлаж бахархах, эсвэл гашуудаж харуусахдаа уйлдаг. Тэгвэл баяр бахдалын нулимс нь хар, гашуудал харууслын нулимс цагаан өнгөтэй байдаг байж болох юм. Ер нь хүний амьдрал бол баяр гуниг, зовлон жаргал хоёрын ээлжилсэн орчил юм гэж ойлгодог.

     Чингээд "газар тэнгэр хоёроор зэрэг тэнэж байгаа хар цагаан хоёр ишгэн үүл” бол "Их үдийн халуунд аахилан тэнгэрт зогсогч” -ийн туулсан амьдралынх нь сайн муу, сайхан муухай, баяр гуниг, жаргал зовлонгийн хувилгаан үр нь, дүр нь юм байна хэмээн “мушгин” хэтийдүүлж болох юм.

     Зохиогч энэ шүлгээ бичихдээ түүнийг ийн ойлгож болох, эсвэл тийн ойлгож болохгүйг ч сануулсан байх ёсгүй. Харин түүнийг янз янзаар тусган хүртэж, янз янзаар ойлгон тайлах боломжийг бидэнд ил орхисон гэж үзнэ. Жинхэнэ УРАН зохиолын амь сүнс, сүр сүлд нь хэлний илэрхийллийн хамгийн дээд эрэмбийн хийсвэрлэл болох Адилтган зүйрлэх, Зүйрлэн адилтгах (Метафорчлох) сэтгэлгээгээр оньслогдсон байх учиртайг тэмдэглэе.

Монгол Улсын гавьяат багш, профессор Ж.Баянсан

 

 

Top