МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Инээдэм биш ханиадам

          Өнөө үед бид эх хэлнийхээ хэдэн хувьд нь гадны үг хэллэг хэрэглэдэг болох талаар тодорхой судалгаа алга байна. Нэмэгдсэн үү гэхээс, хасагдсан гэх боломж лав байхгүй. Эх орондоо төрөлх хэлээрээ ярьж байгаа атал Hi залуу (хайя залуу гэвэл монгол хүнд “морь минь сайн уу” гэж ойлгогдоно, адууг хайя гэдэг болохоор), намайг sorry (намайг соръё гэж ойлгогдоно, юун ч соруулах дуртай юм), танай бэби Баттай copy-дчихсан юм шиг адилхан юм аа, энэ үдэш nice байна, today юу хийх вэ?, шоудах уу?, тэр Болдын улаан фэн шүү дээ… гэж ирээд л ярина. Монголын үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар Мөрөн хотод суудаг Д-гээс Улаанбаатар хотод суудаг танил анддаа ийм нэгэн цахим мэндчилгээ илгээсэн байна. 

Алсалж буй снейк жилээ

Амжилт бүтээлээр үдэж

Ирж буй хорс жилээ

Инээд хөөрөөр угтаж

Төрлөөрөө төвшин найс

Бултаараа буянтай хаппи

Айл хотлоороо нуль парти

Алт мөнгө авдраар фүүл

Хямдралыг шаанс болгож

Эвридей энх тунх

Энитайм эрүүл саруул

Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэнээ. Хөгжилтэй гэхлээр багадах, хөгийн гэхлээр ихдэх ийм мэндчилгээ бол орчин үеийн монгол хэлний шинэ хэрэглээ гэгчийн сонгодог үлгэр жишээ болоод байна. Адаглаад цагаан сараараа шүү. Энэ маань инээдэм биш ханиадам, ирээдүйн монгол хэлний журам болчих вий гэж мэдрэгдээд ярьж байна. Тэгээд ч цагаан сарын бэлгэ дэмбэрлийн үг маань

Бензeндээ бензинтэй

Виза картандаа валюттай гэсэн шүү болж байгаа юм байж. Миний ингэж бичиж байгаа маань хүртэл нэмж гай тараад үүнийг уншиж буй зарим нэгний амны уншлага болчих вий гэж хүртэл зовниж л сууна. Харин миний нүүр номд  дэвхийлж байгаа нөхөд маань арай ч тэгэхгүй болов уу гэж итгэж байна.

          Бусад оронд эх хэлээ хамгаалах талаар ямаршуу яриа хөөрөө өрнөж байдгийг сонирхуулахад илүүдэхгүй болов уу. Энэ нь их бага гэлтгүй бүх л газар өрнөж байдгийг томоохон их гүрэн манай урд хөршид иймэрхүү нэгэн маргалдаан болсоор байна. "Хятад хэлэнд англи үг хольж хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Эх хэлний цэвэр ариун байдлаа хадгалахын тулд тийм хэрэглээг түргэн таслан зогсоох хэрэгтэй" гэж Хятадын шилдэг орчуулагчдын нэг нь мэдэгджээ. Оkay, bye-bye, nice, modern, guitar, DVD, MP3, CEO гэсэн англи үгс хятад хүний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг үг болсон гэнэ. Үүнд анхаарлаа хандуулахгүй бол хэдхэн жилийн дараа хятад хэл эрлийзжихэд ойр байна гэж Орчуулагчдын олон улсын холбооны дарга Хуан Юй хэлжээ. Эх хэлэндээ англи үг хэт их хэрэглэх нь хятад хэлний ирээдүй устаж мөхөх аюулд хүргэж болзошгүй гэж Хуан Юй ярьсан байна. Хятад улс Өрнөдийн соёл, хэлний урсгалаас өөрийн хэл, соёлоо хамгаалах зорилгоор Хятадын кино театрууд жилд гадаадын ердөө 20 киног л дэлгэцнээ гаргахыг зөвшөөрдөг аж. Үүнээс гадна дотоодын цахим сүлжээ хэрэглэгчид Youtube, Facebook, Twitter зэргийг хэрэглэхийг хоригложээ.

          Гэвч бид иймэрхүү хориглох аргаар Хятадтай ижилсэх албагүй л дээ. Хятад шиг хэт их гүрэн дээрх цөөхөн үгний төлөө ийн бухимдаж байхад амандаа багтахгүй, хэлэндээ шингэхгүй харь үгтэй болчхоод буй бид хэрхэх ёстой вэ? Одоо хятадууд ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн гарч ирэнгүүт түүнийг нэрнээс нь эхлээд заавал хятадчилж, хэл сэтгэлгээндээ уусгаж, танилцуулга бичиж хэвшүүлж байж худалдаанд гаргадаг журам тогтоод байна. Гэхдээ хятадууд ийм байтугай юмыг эвийг нь олж дөнгөх улс. Бидний зовох асуудал биш. Хөөрхий хэдэн монголчууд бид л харин яах ёстой талаар өөрийн саналыг нийтийн сүлжээнд (сошиал-д) гаргаж, хамгийн зөв арга нь “мэдлэг шингээсэн монгол хэл бүтээх” нэг гарц байна уу даа хэмээн олж хараад ийнхүү өдөр бүр нэг юм бичиж суудаг болсон билээ. Өндрөөс буусан үерийн өөдөөс мунхаглан сарвалзаж байгаагаа мэдэж байна аа... Гэхдээ амаа хамхин, гараа хумхин сууснаараа юу хожих сон билээ дээ. Энэ санал сэдэл маань хол ойрын монгол түмнийхээ дэмжлэггүйгээр хаа хүрэх сэн билээ. Харин бид эрслэн нэгдэж, тал бүрээс нь дэмнэж байвал тэр их үерийн хаалт хэрэм нь болж чадах сан...

                                                                                                                                                      Доктор (Sc.D), профессор С.Дулам

Top