МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлгээний хэл найруулгын онцлог

Нийтэлгээний хэл найруулгын онцлог

             Нийтэлгээний хэл найруулгад сонин, нийгэм, улс төрийн сэтгүүл, суртал нэвтрүүлэг, радио телевизийн нэвтрүүлэг, баримтат киноны тайлбар, хурал цуглаан, баяр ёслолын элдэв арга хэмжээнд хэлэх үгийн хэл найруулга зэрэг хамаарна.

            Бичлэгийн бусад төрөлтэй харьцуулахад сонины хэл найруулга нь хамгийн энгийн, ойлгоход хялбар, цөөн үгээр өргөн агуулга гаргасан байдгаараа ялгарч байдаг.

            Сэтгэл хөдөлгөх уран үг, өвөрмөц хэллэг, хэлний яруу хэрэглүүрийг зохистой ашиглавал уншигчдад нөлөөлөх үр өгөөж төдий чинээ их болдог. Уран яруу хэрэглүүрийн үүргээр зөвхөн үг хэллэг, хэлзүйн хэлбэр хэрэглэгдээд зогсохгүй сонины гарчиг, догол мөр, бичлэгийн аяс, (товчоолон, томьёолох, хүүрнэн өгүүлэх, шүүн хэлэлцэх гэх мэт), оруулсан үг, ишлэл, түүнчлэн гадаад үг ярианы янз бүрийн хэв маяг орно.       

          Нийтэлгээний найруулга нь бүх нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио телевизэд үйлчилдэгтэй холбоотой. Онцлог нь гэвэл:

А. Бүх нийтийн мэдээллийн хэрэгслийн гол хэрэглүүр

Б. Албан ёсны шинж чанартай байдаг

В. Мэдээ, шуурхай тайлбар, тойм, ярилцлага, сурвалжилга, сурвалжилсан тэмдэглэл, найруулал, өгүүлэл, илтгэл зэрэг хэлбэртэй.

Г. Нийгэм – улс төрийн үг хэллэгтэй

Д. Учир зүйн нягт уялдаатай

Е. Сэтгэл хөдлөл, үнэлэлт дүгнэлт, уриалж дуудсан, дүр дүрслэлтэй байдаг.

            Нийтэлгээний найруулга нь судалгаа шинжилгээний тунгаан бодсон аястай, нийгмийн чухал асуудлыг хөндсөн, задлан шинжилсэн, нэгтгэн дүгнэсэн, шийдэх арга замыг заасан, үйл явдлын нягт уялдаатай, шинжлэх ухааны нэр томьёог өргөн ашигладаг зэрэг шинж чанараараа шинжлэх ухааны зохиолын найруулгад ойр байдаг.

            Нийтийн өмнө хэлж байгаа үгийн найруулга бол үнэн магад, тодорхой баримт, бодит шалтгаан нарийн үндэслэл зэрэг шинжээрээ хар ярианы найруулгаас ялгардаг. Ийм болохоор бас шинжлэх ухааны зохиолын найруулгад ойр талтай. Түүнчлэн нийтэлгээний найруулгын маш чухал шаардлага бол өргөн олон түмэнд зориулагдаж байдаг болохоор хамгийн ойлгомжтой байх ёстой.

            Нийтэлгээний найруулга нь уншигч, сонсогчийн маш өргөн хүрээг хамардаг учраас бичигч, өгүүлэгч нараас “соёлт хүн” гэдэг ухагдахууныг өргөн утгаар нь ойлгохыг шаарддаг. Энэ бол эхийн чанарыг онцгой анхаарна гэсэн үг даруй мөн.

                                                                                                                                                                     

 Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2012 он 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

 

Top