МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Төрийн гурван өндөрлөг” хэмээх нэрийдлийн тухайд

 

“Төрийн гурван өндөрлөг” хэмээх нэрийдлийн тухайд

          Монгол Улсын Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай “Хэвлэл мэдээллийнхэн маань юу л гээч “хэлгий даадай” болоод байна даа. Төрийн гурван “өндөрлөг” гэх юм. Тэгвэл намлаг нь хэн бэ? ... Хэцлэг, ухаалаг, толгодлог, дошлог, довлог, даваалаг, гүвээлэг гэж байх нь ээ. Мань мэт нь хонхорлог байхад гомдохгүй ээ. Төртэй улсын хашсан албатай хүний ёсоор нь хэлж болмоор...” хэмээн хэлсэн байдаг.

         Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга хэмээх төрийн дээд албан тушаалтай гурван хүнийг “Төрийн гурван өдөрлөг” гэж нэрлээд нэгэнтээ тогтсон нэр томьёо мэт болгожээ.

         Үүнийг манай улсын цахим хуудсанд нийтэлсэн мэдээ, нийтлэлийн гарчгаас шууд харж болно. Мөн телевизийн мэдээ, нэвтрүүлэгт ч их хэрэглэж байна. Тухайлбал, дээрх жишээнд

           Төрийн гурван өндөрлөг золголоо.

           Төрийн гурван өндөрлөг их тэнгэрт золгов.

           Төрийн гурван өндөрлөг ахмадуудтайгаа золголоо.

           Төрийн гурван өндөрлөг үнэт эдлэлээрээ “баян”.

           Төрийн гурван өндөрлөг талбайд сур тавьлаа (тавилаа).

          Төрийн гурван өндөрлөг 33-38 сая төгрөгийн орлоготой гэх мэтчилэн үйлийн эзнийг дандаа “төрийн гурван өндөрлөг” гэж нэрлэн бичсэн бол нэгэн адтай сэтгүүлч энэхүү “өндөрлөг” хэмээн нэрлээд байгаа хүмүүсийн биеийн өндрийг монгол эрчүүдийн дундаж өндөртэй харьцуулсан тохиолдол ч байх юм.

          ”Өндөр” хэмээх нь доороос дээш чиглэсэн хэмжээсийг тодотгох тэмдэг нэр;

          “-лөг (-лаг4) нь махлаг, модлог, нууцлаг, оюунлаг, өнгөлөг, сэхээлэг, тохилог, тэжээллэг, тэнхээлэг, ухаалаг, хүнлэг, цардууллаг, чадварлаг гэх мэтээр “язгуур, үндсийн утгаар илэрч буй юм үзэгдэл, шинж байдлыг агуулсан (заримдаг)” болохыг илтгэсэн тэмдэг нэр бүтээх дагавар юм.

         Гэвч сүүлийн үед хатуулаг, эмэгтэйлэг, эрэгтэйлэг, шинэлэг гэх мэтээр тэмдэг нэрийн үндсэнд залгаж, үг бүтээх дагаврын байрлалын тогтолцоог зөрчих цөөн тохиолдол гарах болжээ” (mongolkhel.mn). Энэхүү өндөрлөг хэмээх нь ч дээрхийн адил юм. 

          Тиймээс Д.Пүрэвдорж гуайн хэлдгээр хашсан албатай, алдар нэрээр нь дуудан хэрэглэх нь хэлний зүй тогтол, найруулгын хувьд оновчтой болох юм.

Top