МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Эрдэм шинжилгээний өгүүлэл

МУБИС - ийн “Лавай” эрдэм шинжилгээний сэтгүүлээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна. 

СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ

         МУБИС-ийн <<Лавай>> эрдэм шинжилгээний бичигт өгүүлэл бичиж буй зохиогчид энэхүү зөвлөмжийг баримтална. 
Нэг. Судалгааны өгүүллийн бүтэц

      Сэдэв буюу гарчиг: 

         Өгүүллийн гарчиг нь үндсэн текстээс өөр шрифтээр бичсэн байх бөгөөд бүгдийг том үсгээр бичсэн байна. Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон байх ёстой.

    Зохиогчийн хаяг:

         Ажил, албан тушаал, цол зэрэг,  зохиогчийн овог, нэрийг бичнэ. Мөн хэвлэлийн шаардлага хангасан зургаа ирүүлнэ.

   Хураангуй /Abstract/:

         Хураангуй нь судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн орос болон англи хэлээр 8-12 мөр байвал зохино.

  Түлхүүр үг:

         Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.
 Удиртгал:

         Өгүүллийн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж, түүнээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.

Үндсэн хэсэг:

        Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол, аргазүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэд заавал математик боловсруулалт хийж бичнэ.

Судалгааны үр дүн:

         Энэ хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

Судалгааны хязгаарлагдмал байдал:

           Судалгаа нь ямагт хязгаарлагдмал хүрээнд явагддаг учраас энэ талаар дурдах хэрэгтэй. Мөн энэ судалгаанд ямар ямар асуудлыг аль талаас нь хөндсөн хийгээд ямар чиглэлээр цаашид судалгаа хийх боломжтой байгааг энэ хэсэгт дурдана.

Дүгнэлт:

                Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ. 

Иш татсан бүтээл, ашигласан материал:

              Энд зөвхөн өгүүлэлд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна. Ишлэл, зүүлт хийх журмыг баримтална. 

Хоёр. Бүтээлд тавих шаардлага

              А. Техникийн шаардлага

Фонт - Times New Roman
Үсгийн өндөр - Size 10, 
Мөр хоорондын зай - “1” буюу “Single”
Цаасны формат - А4 (210 х 297mm)
Ашигтай талбайн хэмжээ margins  Top - 1.5 cm,  Bottom  - 1.5 cm, Left - 3 cm, Right - 1.5 cm 
хэмжээтэй, бичвэрийн өндөр 24 см байвал зохих бөгөөд бүтээл нь 1хх-аас хэтрэхгүй, номзүй, ашигласан бүтээлийн жагсаалт, хавсралттай байж болно. 

            Б. Өгүүлэлд тавих шаардлага:

Шинжлэх ухааны зохих түвшинд бичигдсэн 

Тухайн салбарын онол, практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх

Агуулга нь сэдэвтэйгээ уялдсан байх

Эрдэм шинжилгээний хэл найруулгын зохих шаардлагыг хангасан байх

Өгүүлэлд шинэ санааг дэвшүүлсэн байх

Тулгамдсан асуудлыг дэвшүүлсэн эсвэл шинэ туршилт судалгааг нэвтрүүлсэн

Ишлэл зүүлтийг зохих журмын дагуу хийсэн байх

Дүн шинжилгээ хийж тодорхой дүгнэлт гаргасан байх

Зөв бичих болон найруулгын алдаагүй байх

В.Номзүйд тавих шаардлага:

          Зохиогчдын нэрийг цагаан толгой үсгийн дэс дарааллаар хийх Эрдэнэбат. Ш., Хөгжмийн онолын сурах бичиг,  Уб., 1971. 4-р тал. гэсэн дарааллаар номзүйг хийх

 

Top