МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Шинжлэх ухааны хэл найруулгын онцлог

Шинжлэх ухааны хэл найруулгын онцлог

     Шинжлэх ухааны зохиолын гол үүрэг нь дэвшүүлсэн таамаглалынхаа үнэнийг батлахад оршдог. Тийм учраас хэлний хэрэгсэл нь шинжлэх ухааны зохиолын мэдээлэх ба нөлөөлөх гэсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг байна. Шинжлэх ухааны зохиолын нөлөөлөх буюу итгүүлэн батлах тал нь их байдгаараа сонин нийтлэлийн найруулгаас ялгардаг. Шинжлэх ухааны зохиолын хэлээр илэрхийлэгдэж байгаа тэр агуулга нь хэдий чинээ учир шалтгааны дараалалтай, тодорхой, оновчтой байх тусмаа нөлөөлөх тал нь дээшилдэг. Учир шалтгааны дараалалтай, тодорхой, оновчтой байх шаардлага ямар ч найруулгад байх ёстой боловч шинжлэх ухаан маань өөрөө тийм шаардлагатай учир найруулгад онцгой чухал болох нь мэдээж билээ.

Учир шалтгааны дараалалтай байх шаардлага. Энэ нь шинжлэх ухааны зохиолын доторх зүйлүүд нь нарийн дэс дараалалтай байрласан өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой байх шаардлага юм.

      Логикийн үндсэн хуулиудыг нарийн мэдэх нь яруу сайхан найруулан бичихэд нэн тустай. Логикийн хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал шинжүүд болох тодорхой, зөрчилгүй, тууштай, үндэслэлтэй байдлуудыг илэрхийлдэг. Эдгээр хуулиудыг товчилбол:

Адилтгалын хууль нь янз бүрийн бодлуудыг адилтгаж болохгүй, бас адилхан бодлуудыг өөр өөр утгаар авч үзэж болохгүй гэсэн чухал шаардлагыг хангаж байх ёстой. Өөр өөр ойлголтыг адилтгах нь ойлголтын өөрчлөлт гэдэг логик алдааг үүсгэдэг. Энэ тухайн ойлголттой зэрэгцэн, энэ ойлголтын хэлбэрээр өөр ойлголт хэрэглэдэг. Ийм өөрчлөгдөлт нь санамсаргүй ч эсвэл санаатай ч байж болно.

      Мөн ойлголтын өөрчлөлттэй төсөөтэй нэг алдаа нь сэдвийн өөрчлөгдөлт байдаг. Ийм алдаа баталгаа буюу няцаалтад дэвшигдсэн асуудлыг биш, харин дэвшүүлэхийн тулд гаргаж ирсэн өөр асуудлыг батлах буюу няцаахад гардаг байна. Адилтгалын хууль логик сэтгэхүйн чухал шинжүүдийн нэг болох тодорхой байдлыг илэрхийлдэг.

Зөрчилгүйн хууль нь үгүйсгэлцсэн хоёр бодомж нэг зэрэг үнэн байж чадахгүй бөгөөд ямар ч гэсэн нэг нь  худал байх ёстой гэж үздэг. Зөрчилгүйн хуулийн үндсэнд юмс үзэгдлийн чанарын тодорхой байдал, тэдгээрийн шинжүүдийн харьцангуй тогтвортой төлөв оршдог. Зөрчилгүйн хуулийг ухамсартай хэрэглэх нь өөрийнхөө болоод бусдын санаа бодол дахь зөрчлийг хэрэглэх нь өөрийнхөө болоод бусдын санаа бодол дахь зөрчлийг бүрэн илрүүлж арилгах, сэтгэлгээ дэх бүх төрлийн алдаа ба авцалдаагүй байдалд шүүмжлэлтэй хандахад тусалдаг.

Гурав дахийг үгүйсгэх хууль нь зөрчилт хоёр бодомж нэг зэрэг худал байж чадахгүй, эдний нэг нь заавал үнэн нөгөө нь заавал худал байна. Гурав дахь бодомжид байр байхгүй гэж илэрхийлдэг. Асуултад нарийн тодорхой хариулт өгөхөөс зайлсхийн бодит байдалд ерөөсөө байдаггүй ямар нэг гуравдагчийг эрж хайх эрмэлзэл нь уг зорилтыг заавал заавал зарчимгүй болгоно. Энэ хууль нь асуудалд тууштай хандахад тусална.

Хангалттай үндэслэлийн хууль нь аливаа зөв бодол хангалттай үндэслэлтэй байдаг гэж томьёолдог. Ямар нэг бодлын хангалттай үндэслэл зөв болох нь урьд шалгагдан зөвшөөрөгдсөн, өөр нэг бодлын үнэн зөв нь түүнээс үндэслэн гарч байдаг тийм зүйл юм. энэ хууль бол шалтгаан дагавар хоёрын бодитой оршигч холбоонууд бидний сэтгэхүйд туссан нь юм. Энэ хуулийн шаардлага бол аливаа бодомж юуны урьд үнэн зөв байхын тулд үндэслэлтэй байх ёстой гэж үздэгт оршино.

     Дээрх хуулиуд нь зайлшгүй бөгөөд түгээмэл шинж чанартай байдаг. Шинжлэх ухааны зохиол бүтээлийг туурвихад логикийн үндсэн хуулиудыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой юм. Шинжлэх ухааны зохиолын найруулгад тавигдах үндсэн шаардлагын нэг нь логик сайтай байх явдал байдаг.

Тодорхой байх шаардлага. Энэ нь уншихад ойлгомжтой, тодорхой байх шаардлага билээ. Ялангуяа шинжлэх ухааны хялбарчилсан зохиол, сурах бичгийг нийт уншигчдад маш ойлгомжтой, хялбар, энгийн байдлаар бичиж найруулах шаардлагатай байдаг. Харин эрдэм шинжилгээний зохиол нь заавал нийт уншигчдад ойлгомжтой байх албагүй боловч мэргэжлийн хүмүүст ойлгомжтой байх нь зүйн хэрэг билээ.

Оновчтой байх шаардлага. Энэ шаардлагын гол нь илэрхийлэх гэсэн санаагаа цөөн үгээр, онож өгүүлэхэд оршдог. Шинжлэх ухааны зохиолын доторх ухагдахуун нь нэг утгатай, тэмдэглэж тэмдэглүүлж буй хоёр зүйл хоорондоо зөрөхгүй байх ёстой. Тийм учраас ялангуяа эрдэм шинжилгээний зохиолд үгийг дүрслэх болон яруу хэрэглүүрийг тэр бүр ашигладаггүй, үгийг ихэвчлэн шууд утгаар хэрэглэдэг, нэр томьёог нэг утгаар хэрэглэх зэрэг нь хатуу тогтсон байдаг.

Мөн эрдэм шинжилгээний зохиолыг зохиоход дараах шаардлагуудыг анхаарах хэрэгтэй гэж үздэг. Үүнд:

  1. Мэдлэгийн ямар нэг хүрээнд хамаарахгүйгээр эрдэм шинжилгээний зохиол бүтээж болдоггүй.
  2. Өмнөх судалгааг заахгүйгээр эрдэм шинжилгээний зохиол бүтээхийг хориглох
  3. Зохиогч санаа бодлоо тогтсон нэр томьёоноос гадуур илэрхийлэхийг зөвшөөрдөггүй зэрэг шаардлагатай. Нэр томьёо бол уг нь шинжлэх ухааны бүх зохиолд адил утгаар хэрэглэгдэх ёстой. Иймд эл найруулгад нэр томьёог зөв хэрэглэх асуудал чухал байр эзэлдэг.

       Шинжлэх ухааны зохиолын найруулга оновчтой, ойлгомжтой энгийн байх шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө хэрэглэх үгээ зөв сонгон авах хэрэгтэй юм. Тэгэхэд ойролцоо утгатай олон үгнээс илэрхийлэх санаагаа хамгийн оновчтой, ойлгомжтой гарган чадах үгийг сонгон авч, хэл зүйн талаар зөв хэлбэржүүлэн, өгүүлбэрт зохих газар байрлуулах явдал тус болно.

Шинжлэх ухааны найруулга бусад төрлөөс ялгарах өөрийн онцлог шинжтэй байдаг. Үүнд:

Найруулгын энэ төрөл учир шалтгааны ухагдахуун, хийсвэр ойлголт, нэр томьёо их ордог нь найруулгын бусад төрлөөс ялгаруулах тал мөн.

       Шинжлэх ухааны өгүүлж байгаа зүйлийг тодорхойлох хүчин зүйл бол агуулгын тал юм. Шинжлэх ухаан нь ертөнцийн тухай шинэ эрдэм мэдлэгийг нэмж, туршлага, танин мэдэхүйн тогтолцоог бий болгох, хуримтлуулах төгөлдөр хэлбэр, нийгмийн дотор мэдлэгээ солилцох хамгийн оновчтой, хэмнэлттэй арга, тухайн мэдлэгийг дамжуулах болон ухаарах хамгийн үр ашигтай арга боломжийн нэг билээ. Шинжлэх ухааны шинэ мэдлэг гэдэг бол ердийн шинэ зүйлийг бус, харин ертөнцийн тухай бүтээлч шинэ мэдлэгийг хэлнэ.

Энэ найруулгад баталж нотолж бичсэн зүйл их байдаг. Үүгээр бусад найруулга, ялангуяа уран зохиолын найруулгаас их ялгаатай ажээ.

      Энэ тухай Белинский “1847 оны оросын уран зохиолын тойм” хэмээн номдоо “философич силлогизм дүгнэлтээр, яруу найрагч дүр дүрслэлээр үзүүлдэг боловч хоёулаа л нэг юмны тухай өгүүлдэг. Улс төр – эдийн засгийн ухааны хүн бүртгэл тооцоог зэвсэг болгон нийгэм дэх тийм анги бүлэг, тийм тийм шалтгаанаас болоод тэгж их доройтсон гэж уншигч сонсогчдын оюун ухаанд хүргэж баталдаг. Яруу найрагч бол бодит байдлын  амьд хурц дүрслэлийг  зэвсэг болгон нийгмийн тийм нэг анги бүлэг, тийм тийм шалтгаанаас болоод тэгжих сайжирсан, тэгж их доройтсон гэж үнэн зөв зургаар уншигчдын  уран сэтгэмжинд үйлчилтэл дүрсэлдэг.

    Нэг нь баталж, нөгөө нь дүрсэлж, хоёулаа ятгаж үнэмшүүлдэг. Гагцхүү нэг нь логик дүгнэлтээр, нөгөө нь уран дүрслэлээр үзүүлдгээрээ ялгаатай” гэж бичсэн байдаг.

       Утга зохиолын хэлэнд олон талаараа хүчтэй нөлөөлдөг найруулга юм. Учир юу вэ гэвэл, шинжлэх ухааны зохиолын найруулгын хамрах хүрээ асар өргөн байдаг.

         Шинжлэх ухааны зохиолын найруулга бол

А. Аливаа тогтолцоо, баримт, судалгааг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, мэдээлэх

Б. Албан ёсны шинж байдалтай

В. Өгүүлэл, илтгэл, сурах бичиг, ганц сэдэвт зохиол цөм хамаардаг.

Г. Үгсийн сангийн хувьд мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо их хэрэглэдэг.

Д. Учир шалтгааны нарийн дараалалтай байдаг.

Е. Нөлөөлөх буюу итгүүлэн батлах тал нь их байдаг.

Ё. Утга санаа тодорхой, нэгтгэн дүгнэсэн байдаг.

Ж. Хэлний хэрэгсэл нь шинжлэх ухааны зохиолын мэдээлэх ба нөлөөлөх гэсэн зорилгын хэрэгжүүлэхэд чиглэсэн байдаг.

       Энэ найруулгын хагийн түгээмэл онцлог шинж бол эхийн учир шалтгааны нягт уялдаа юм. бүтэн эх төдийгүй эхийн хэсэг бүр тун нарийн дэс дараатай байх ёстой юм.

       Шинжлэх ухааны зохиолд мэдээлэх баталж нотлох нь гол байдаг учраас түүнд уран дүрслэлийн аргуудыг ашиглах хэрэгцээ төдий л гардаггүй. Ялангуяа эрдэм шинжилгээний зохиолын найруулгад хэлний яруу хэрэглүүрүүдийг хэрэглэдэггүй. Харин шинжлэх ухааны сурталчилгааны зохиолд зохих хэмжээгээр ашиглаж болдог.

      Ер нь шинжлэх ухааны зохиолын найруулга голдуу бичгийн хэлбэрээр байдаг онцлогтой. Ярианы хэлбэрээр ч байж болдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тэр нь урьдчилан бэлтгэсэн (илтгэл, лекц),  бэлтгээгүй (шинжлэх ухааны сэдэвтэй ярилцлага, маргаан) хоёр янз байдаг.  

 

                                                                                                   Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2012 он 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. 

Top