МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ц.ӨНӨРБАЯН, Г.СҮХБАТ: Утга зохиолын хэлний үгзүйн найруулгын хэм хэмжээ зөрчих зарим тохиолдлыг ажиглах нь

 

Доктор (Sc.D) , профессор Ц.Өнөрбаян

Доктор (Ph.D), профессор Г.Сүхбат

Утга зохиолын хэлний үгзүйн найруулгын хэм хэмжээ зөрчих

зарим тохиолдлыг ажиглах нь

     Оршил болгож өгүүлэх нь: Юуны өмнө хэлний хэм хэмжээ гэж юу гэдэг талаар товч тайлбар зүүх нь зүйн хэрэг. Оросын эрдэмтэн В.М.Солнцев “хэлний үүргийн талаас хэл бол хүмүүсийн харилцааны чухал хэрэглүүр: бүтэц байгууламжийн талаас нь хэл бол нэгжүүдийн цуглуулбар, эдгээр нэгжийг ашиглах дүрэм журам, хэл бол тэмдгийн тогтолцоо: мэдээллийн онолын талаас нь хэл бол томьёолбор: хэлний оршин тогтнох талаас нь хэл бол авианы нэгжүүдийг “бүтээн бий болгох” нийгэм хамтын дадал дүйн үр дүн” гэжээ.

Эрдэмтэн Э.Пүрэвжав “Хэлний хэм хэмжээ нь нийгэм олноороо хүлээн зөвшөөрсөн харьцангуй тогтвортой дүрэм журам төдийгүй, хэлэхүйн ажиллагааны бодот байдал болон хэлний тогтолцоо, түүний хөгжлийн чиг хандлагыг тусгасан дүрэм журам юм гэж хэлж болно” /Э.Пүрэвжав. Монгол хэлний хэм хэмжээ. УБ., 1996,/ гэжээ.

     Үүний сацуу хэлэнд хатуу журамлах хандлагатай хэм хэмжээ гэдэг ойлголттой зэрэгцэн түүний хөдлөнгө шинж хэлний түвшин бүрд байдаг бөгөөд энэ нь хэлний хувьсал хөгжлийн гол түлхүүр гэдгийг хэлэх нь зүйтэй.

     Энэ тухайд эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг. 19-р зууны үед оросын эрдэмтэн Я.Х.Грот ийнхүү өгүүлжээ. “В начале слово допускается очень немногими: другие дичатся, смотрят недоверчиво как на незнакомца… мало помалому к нему привыкают и новизна его забываются: следующие поколение уже застает его в ходу и вполне усваивает его” /Я.Х.Грот., Народный и литературный язык,-“Филологические разыскания”, т.2. Спб.,1899, стр 17/

     Үүгээрээ хэл шинжээчид хэлэнд орж ирсэн шинэ үг хэллэг, үзэгдэлд харьцангуй уян хатан хандаж хэлний байх ёстой үзэгдэл хэмээн тайлбарладаг байхад хэлний пуристууд /хатуу дэг журамтнууд/ үүнээс өөр үзэл баримтлалтай байдгийг бид мэднэ ээ.

     Хэлний норм хэм хэмжээний тухай хөдлөнгө үзэл баримтлалтай уялдан хэлний хувилбарт чанарын тухай (вариантность) асуудал сөхөгдөж байгаа юм. Үнэхээр хэлний вариант буюу хувилбарууд “амьд” утга зохиолын хэлний бас нэгэн түгээмэл шинж болох хийгээд хэлний хувилбаржих үзэгдэл /варьирование/ гэдэг нь хэлний хөгжлийн (эволюци) зайлшгүй обьектив үр дүн байдаг. Тийм ч учраас хэлний энэхүү үзэгдэл ойлголтын тухай “язык изменяется, оставаясь самим собой”/хэл хувирч өөрчлөгдөж гэмээнэ хэл болдог/ гэж зүгээр ч нэг ярьсан хэрэг биш гэдэг нь туйлын ойлгомжтой.

     Хэл нь хүн төрөлхтний харилцах, мэдээлэх, хүчирхэг хэрэгсэл. Ийм ч учраас хэлний хүчээр хүний нийгмийн  харилцаа оршин тогтнож, бас хөгжиж хувьсаж байдаг. Нийгэм хөгжихийн хэрээр хэлний харилцааны үнэ цэнэ өсч, түүний хүртээмж өргөсөн тэлдэг. Өнөөдөр хэлний харилцаанд орон зай, цаг хугацааны бэрхшээл багасч, харин түүний мөн чанарт ихээхэн өөрчлөлт гарч байна. Энэ нь хэлний дотоод хүчин зүйл, хөгжлийн хууль зүй тогтолд гарч байгаа өөрчлөлт юм.

     Хэлний дотоод мөн чанар хууль зүй тогтол нь түүний хэлзүйн байгуулалд нарийн туссан байдаг. Хэлзүйн байгуулал нь хэлний дархлааг тээдэг чухал талбар учраас аль ч хэлний хэлзүйн байгуулалд нийтлэг шинж түгээмэл. Гаднын хүчин зүйлийн нөлөө хэлний дотоод байгуулалд тусах нь бага. Хэрвээ хэлний дотоод байгуулалд гадаад хүчин зүйлийн нөлөө тусаж эхэлбэл, тухайн хэлний дархлаа суларч мөхөх аюул бий боллоо гэсэн үг. Иймд хэлийг хайрлан хамгаалах хамгийн гол талбар нь хэлзүйн байгуулал болно.

     Үүнээс үүдэж хэлзүйн найруулга, түүний хэм хэмжээнд тавих шаардлага гарч ирдэг зүйн хэрэг. Найруулгын хэм хэмжээ гэдэг нь бичиг зохиолын хэлний хөгжлийн тухайн цаг үеийн хамгийн түгээмэл хэрэглээг журамласан жишиг шалгуур билээ. Тэгвэл, хэлзүйн найруулгын хэм хэмжээ гэдэг нь хэлний нэгжүүдийн тухайн үе шатны хамгийн түгээмэл зөв хэрэглээг журамласан жишиг юм.

     Орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэлзүйн, түүний дотор үгзүйн найруулгын хэм хэмжээнд холбогдох бүх асуудлыг бид энэ илтгэлд хамруулж тайлбарлах боломжгүй учраас хэлний хэм хэмжээг зөрчсөн байж болох, та бидний анхаарал татсан цөөн тодорхой үзэгдлийн тухай ярих гэсэн билээ.

     Нэг. Үгзүйн найруулгын хэм хэмжээ, хөгжлийн хандлага хоёрын зөрчлөөс хэм хэмжээг зөрчих тохиолдлууд гардаг. Үүнд

1.Нэг үгийн бүтцэд олон тооны нөхцөлийг давхарлан хэрэглэн  хэлзүйн хэм хэмжээг зөрчих тохиолдол монгол хэлэнд түгээмэл болжээ.

Охин – охид – охидууд

Би – бид – бид нар, биднүүс

Хүн – хүмүүс – хүмсүүд

2.Нэг үг олон тооны өөр хэлбэртэй хэрэглэгдэх тохиолдолд тухайн хоёр хэлбэр нь утга өнгө аясаараа ялгаатай байна.

Уулс – уулнууд

Залуус – залуучууд /залуучуул/

Ах нар – ахас /ихэс/

3.Монгол хэлний нэг нэр үг Н-тэй, Н-гүй үндсээр хэрэглэгдэх тохиолдол түгээмэл болжээ.

Хана – ханын – хананы

Цаг – цагийн – цагны

Хог – хогийн  - хогны

Нэр – нэрийн – нэрний

Гар – гарын – гарны

Амжилт – амжилтад – амжилтанд

Дүгнэлт – дүгнэлтэд – дүгнэлтэнд

Үүнийг жинхэнэ нэр Н-жих үзэгдэл гэж ч нэрлэж болмоор.

4.Нэг ижил үгэнд залгаж байгаа тийн ялгалын хувилбарууд заримдаа алдаа болохгүй харин ч утга ялгаж байгааг харгалзан үзэх ёстой мэт санагдана.

Модны дотор – модон дотор

Ширээний дээр - Ширээн дээр

5. Хүүхэд залуусын мессежийн хэлийг ажиглаж байхад залгавар бүтээврийг хэлбэрийн хувьд хэм хэмжээг зөрчих тохиолдол багагүй байгаа бөгөөд гэвч үүнийг нэг талаас ажиглахад ярианы хэлэхүйн үнэлэмжийн хийгээд баймжийн тодорхой ялгамж утга үзүүлсэн тал ажиглагдаж байна.

Renchin Chultemsuren: Тэгдэг юм. Би 90 насны хуралд нь Эрхүү очиж байсан

gurrinchen: тийм таны зургууд байна лээ

коридорт үзэсгэлэн гаргасан байна лээ

Renchin Chultemsuren: аан тэр үед би монголын гол илтгэгч байлаа

gurrinchen: тийм байхаа/тийм байхөө/

Renchin Chultemsuren: За тиймэрхүү байна. Манай Сүмч ойрдоо яриагүй байна

gurrinchen: хичээл ихтэй байгаа дөө / байгаа даа

Очно доо – очно дөө /эхнийх нь ямар нэг утгын илрэлгүй, найруулгын алдаа шинжтэй бол харин дөө нь өгүүлэгчийн үнэлэмжийг өгүүлсэн/

Очно шүү дээ – Очно ш дээ /өгүүлэгчийн зүгээс үйлд хандаж байгаа үнэлэмж, баймж утгын ялгаатай хэлбэрүүд/

Хоёр: 1. Хэлийг жишин адилтгах хуулиас шалтгаалж найруулгын хэм хэмжээ зөрчигдөх тохиолдол байна.

Шатаалга – Түүлгүүл - Хураалгуул

Угаалга – Угаалгуул

Үхшир – Санаашир

2. Нэр томьёожих үзэгдэл хэт давамгайлж, улмаар утга зохиолын хэлний хэм хэмжээнд нөлөөлж байна.

Өвдөлт өгөх

Асуулт тавих

Ач холбогдол өгөх

Гурав: Харь хэлний хэлзүйн илэрхийлэл монгол хэлэнд шууд тусч байна. Энэ нь нэрийн зарим нэг идэвхгүй дагавар бүтээврийн үүрэг хэтийдэж байгаа, мөн зарим нэг нөхцөлийг буруу хэрэглэх явдлаар илэрч байна.  Түүнчлэн харь хэлний хэлзүйн илэрхийлэл монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг эвдэж эхэлж байгаа тохиолдлууд телевиз радиогийн нэвтрүүлэг мөн орчуулгын номуудад илт үзэгдэж, улмаар нийгмийн хэл яриа, сонин нийтлэлийн найруулгад ч гэсэн түрж орох хандлагатай болсон харин хэл шинжээч бидний анхааралдаа авч хянан хязгаарлаж байх зүйл болсон болов уу.

 

НОМЗҮЙ

1.А.Н.Гвоздев “Очерки стилистики русского языка”.М.1965

2.О.С.Ахмановагийн “Словарь лингвистических термин”М,1966г

3.Ш.Барайшир “Утга зохиолын хэлний хэм хэмжээг баримтлахын учир”. Засгийн газрын мэдээ.1996

4.Ш.Гаадамба “Утга зохиолын онолын үндэс”УБ.1989

5.“Общее языкознание” ред: Б.А.Серебренников.,М,1970 стр 503

6.Б.В.Томашевский. Язык и литература. “Вопросы   литературоведение”.  М.,1951.стр177

7.Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ” УБ., 1996,11-р тал

8.Горбачевич.К.С “Нормы современного русского литературного языка” М.1978

9.Я.Х.Грот., Народный и литературный язык,-“Филологические разыскания”, т.2. Спб.,1899, стр 17

10.Н.Б.Мечковская “Общее языкознание: Сруктурная и социалная типология языков” М. 2003. стр 144-156

11./www.vedicivibration.com/

                                   Эх сурвалж: Монгол хэлбичиг цуврал,

Уб, 2013 он, 74-78 дахь тал

Top