МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Н.Нарангэрэл: Булавч хар, будавч хар

Н.НАРАНГЭРЭЛ

(Оюутны шүүмж)

 

Булавч хар, будавч хар

     Монголын үе үеийн урлагийн мастерууд ард түмнээ ая дуу, яруу шүлгээр таслалгүй тэжээн тэтгэсээр ирсэн билээ. Их найрагч Б.Явуухулан:

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэдгийг мэдэж

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай (Алаг дэлхийд төрсөн минь учиртай)

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө (Хар ус нуурын шагшуурга)…

гэж монголын ард түмэн дуу хуургүйгээр амьдрах боломжгүйг тов тодорхой илэрхийлж шүлгийнх нь үг бүрээс аялгуу хөг, хэмнэл айзам мэдрэгдсэн монгол хэлний гайхамшигт чадлыг илтгэсэн дууны шүлгүүдээ бичиж үлдээжээ. Сүүлийн үед энэ мэт чих баясгаж, сэтгэлд чимэглэн нэмсэн сонгодог дуунууд ховордож байгаа учраас дууны яруу найргийн талаар энэ өгүүлэлдээ хандлаа.

     Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ж.Бадраа, Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа, Ч.Дагвадорж, Ж.Саруулбуян, З.Түмэнжаргал, Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Н.Баянмөнх нарын зэрэг сэтгэлгээний ур маяг, шүлэглэх арга барилын хувьд жигдэрсэн ард түмний дунд хүндлэгдэх, олон шилдэг дуу зохиосон байна. Сүүлийн жилүүдэд рок поп, хип хоп, зохиолын уянгын гэх тодотголтой дуу руу хошуурч улмаар энэ дууг дуулдаг дуучид олширч дууны яруу найрагт олон хүн хүч үзэх болжээ. Ж.Бадраагийн (Халуун элгэн нутаг) дуу нь чамин тансаг өнгө аясаараа ялгарч цагийн сорилтыг даван өнөө үед ч ард түмний сонсох, аялах дуртай дуу хэвээрээ байгаа билээ.

     Б.Лхагвасүрэнгийн “Эрээн нуур” дуу орчин үеийн нийтийн дууны хүрээнд цоглог хөнгөн аялгуу сэтгэл татан буйгаас гадна Л.Мөнхтөр найрагчийн Зүүд хүртэл жаргааж сэрдэг, Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин (Зөөлөн зөөлөн замбуулин), Ш.Гүрбазарын “Монголын үнэртэй салхи”

Шуурга нь хүртэл сонсголон энэр энэрэхүйн дуу

Шувууд буцах чимээ намрын нуураа

Дэргэд шивнэсэн горхи намайг орхиж холдоход

Дагаад гүймээр урсгал нь санаанд хоцорно

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн

Гүйгүүл цэнхэр салхи минь монголын үнэртэй гэсэн эх орноороо бахархах монгол үндэсний сэтгэлгээг тусгасан. Дэргэд шивнэсэн горхи, Дагаад гүймээр урсгал, Гүнж анирхан чимээ, Гүйгүүл цэнхэр салхи гэсэн уран дүрслэлийн хувьд өвөрмөц дууны шүлэглэлийн хайрцаглалтыг эвдэж чадсан бүтээл болжээ. П.Хэрлэнтуяа “Зөвхөн чамдаа” зохиолын дууны хитийг (FM радио, бусад хэвлэлээр) тэргүүлж буй дуунд:

Сүн өвс бодолд бөхөлзөхөөр нь

Сүүдрээ нууж алхмаар байна

Гэнэдүүхэн залуу насны минь

Гэмшихээс айгаагүй хайр минь гэж буй нь яруу найрагчийн сэтгэлд нууцлагдан буй догдлолыг шууд л уудлаад хэн бүхэнд ойлгогдохуйц маягаар хэлчихдэггүй. Энэ тухайд “Асар нарийн мэдрэмжээр хөглөгдсөн, шүлэг эрчим хүч шингэсэн үгсээр тэр далд нууцыг илэрхийлдэг” (Г.Аюурзана) хэмээсэн. Сүн өвсийг бодолдоо бөхөлзтөл, сүүдрээ нуугаад алхмаар мэдрэмж төрж байгаа нь яруу найраг юм.

     Өнөө үед залуус хөгжмийг мэдрэх уран сайхны сэтгэлгээний хэв маягаараа рок поп, хип хоп гэх мэт урсгалын дууг чих тавин сонсох боллоо. Харин монголын энэ чиглэлийн дууны шүлгийг Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, До.Цэнджав, Д.Ган-Очир, Ц.Хулан, Х.Чилаажав нарын зэрэг хүмүүс үүрч яваа нь ил байна. Ш.Гүрбазар

Үес үесхэн бороо нь хүртэл

Үүлэндээ эрхлээд уйлаад л байна

Үд дундын нас минь хүртэл

Үнэнд саатаад урсаад л байна

Зэл зэлийн шувууд нь хүртэл

Зунаа тойроод ганганаад байна

Зэрэглээ намхан тал минь хүртэл

Хүүгээн хараад өндөлзөөд байна… (Санааны чимээ)

гэж бие биедээ дассан дахин хагацмааргүй байгаа сэтгэлийг бодлоор дүрсэлжээ. Ц.Хулан “Жаргаж үзээгүй зул дурлал минь” дуунд

Дэвэн дүүлэх шувуухай чи

Далавчгүй бол тэнгэрт яанам бэ?

Дэврэн догдлох сэтгэл минь

Хайргүй бол газарт яанам бэ?... гэж итгэхгүй байгаа сэтгэлээ өөрөөсөө лавлан асуусан, үнэнд эргэлзсэн мэт хийсвэрлэлээр хүч нэмэгдүүлэн бичжээ. Харин бусдын оюуны өмчийг янз бүрийн арга замаар сэм авах (plagiarism) явдал уран зохиолд тохиолддог ч энэ явдал монголын яруу найрагт газар авч байна. Бусдын зохиолыг бүтнээр авах буюу хэсгээр эсвэл санааг нь сэмхэн хуулан авч өөрийн зохиолд ашиглах буюу өөрөөрөө овоглох, гадаадын зохиолчийн зохиол бүтээлийг хуулаад өөрийн зохиол мэтээр хэвлүүлэх (Галбаатар Д, Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, 118 дугаар тал, 2002, Токио) нь зохиолын хулгайд тооцогддог. Уран бүтээлч , үзэгч олны эрх ашгийг ноцтой хөндөөд буй асуудал бол оюуны бүтээлийн хулгай юм. Манай үндсэн хуульд “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, үндэсний баялаг мөн” гэж заасны үнэ цэнийг ухаарах хэрэгтэй болоод байна. Манай улс 1993 онд Зохиогчийн эрхийн хуулийг баталсан. 1995, 1999 онд засаж сайжруулсан юм билээ.

     Гадаадынхан ч манай оюуны бүтээлийг хулгайлж буйд бид цэг тавьж чадаагүй л өдийг хүрч байна. “Тосонгийн өндөр” хэмээх дууг бүтээлдээ ашигласан гадаадын хамтлагтай манайхан заргалдаад юу ч олж долоогоогүй. Тухайн цагтаа л ашиг сонирхолд нь нийцэж байвал улс төр ч ямар нэг талаас нь юуг ч, яаж ч ашиглах эрмэлзэлтэй байдаг. Цаг үе нийгмийн үзэл сурталд нийцүүлж улс төр түүнийгээ ашигтай байдлаар тайлбарлаж ирсэн. Жишээ нь:

Гунан гунан хар нь ээ

Гуян дээрээ дарсан тамгатай даа хө

Гуян дээрээ дарсан тамга нь ээ

Гурван номын үсэгтэй дээ хө

Тайган тайган хар нь ээ

Ташаан дээрээ дарсан тамгатай даа хө

Ташаан дээрээ дарсан тамга нь

Таван номын үсэгтэй дээ хө

Дөнөн дөнөн хар нь

Дөрөөн дээрээ дарсан тамгатай даа хө

Дөрөөн дээрээ дарсан тамга нь

Дөрвөн номын үсэгтэй дээ хө гэж монголын уламжлалт зан үйл хийгээд буддын шашны номын ёсон дэлгэрч байсан үеийг тусгасан ардын сайхан дууг

Гурвалжин маягийн хэлбэртэй дээ хө

Таван хошуу хэлбэртэй дээ хө

Дөрвөлжин маягийн хэлбэртэй дээ хө гэж өөрчлөлт оруулсан нь улс төрийн зорилгын үүднээс цэвэр ашигласан жишээ юм.

     Монгол ардын дуу “Эр бор харцага”-т “Шигүүргэндээ хүчтэй” гэснийг монгол бичгээ сайн мэдэхгүй (шигүрэг) шүүрч авдаг гэсэн утгыг умартсаны улмаас жигүүргэндээ гээд дуулаад хэвшсэн байх нь сонин.

     Өнөө үед хүмүүсийн дуулах дуртай зарим нэг дуу нь ардын болоод арай түрүү үеийн дууны шүлгийн хэлбэр агуулгатай адил байгаагаас дууг сонсож байхад өөр дуу санаанд харван орж ирэх нь бас хачирхалтай байна.

Шивээний толгой ганхаад байна хө

Сэрүү орохын тэмдэг юм уу даа

Сэтгэл санаанаас минь гараад байна

Шинэхэн болохоор тэгдэг ч юм уу хө гэж дуулдаг.

Б.Явуухулан:

Шувуун сүүдэр ороод байх чинь хө

Шинэхэн гийчин ирэх юм уу даа хө

Шаазгай гадаа шагшаад байх чинь хө

Сураг чимээ дуулгах нь юм уу даа хө

Байн байн зовхи чинь

Татаад байх чинь хө

Баярлах гомдохын аль нь бол хө

Би чинь хувьдаа зэхээд суух чинь хө

Бүсгүй хүний сэтгэл ч юм уу хө

Үүрээр зүүдэнд ороод байх чинь хө

Уулзаж учрахын совин юм уу хө

Үгэнд хүрээд амраг минь ирээсэй

Үүдээ нээгээд угтах юм сан хө (Совин билгийн дуу) 1966 онд бичсэн шүлэг нь Т.Бат-Оргилын үг “Аж богдын харуул” дуунд:

Зүүн чих минь хангинаад байх чинь хө

Зүрхний амраг минь дурсаа юм болов уу

Баруун чих минь хангинаад байх чинь хө

Багын найз минь дурсаа юм болов уу… гэж шүлгийн өнгө аяс, аялгуу хөг ижилсэж байгаа нь илэрхий зүйл болжээ.

Монгол ардын “Хүрэн толгойн сүүдэр” дуу:

Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дүүрээд хүүшилнэ дээ хө

Хүний бага чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр

Араа дүүрээд хүүшилнэ дээ хө

Амраг жаахан чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө дууны шүлгийн бүтэц

Б.Дагданбазарын:

Ар цармын цэцгүүд

Алаглан ганхаад байна уу даа хө

Алс нутгийн чамдаа

Аргагүй л дасаад байна уу даа хө… (Ар цармын цэцэг)

хэмээн ижилссэн байна. Монгол ардын дуу “Гандан уулын цэцэг”:

Гандан уулын цэцгийгээ

Гандана ч гэмээ нь санасан ч үгүй дээ хө

Ганьхарсан хоёр сэтгэлийг

Гажна гэмээ нь санасан ч үгүй дээ хө хэмээн шүлэглэсэн дуу нь Д.Алтангэрэлийн (Бурхан бумбын орон) дуутай хэлбэрийн хувьд ихэрлэжээ. Магадгүй зохиогч үг нь ондоо ш дээ гэж мэтгэж магадгүй. Энэ хоёр дууг нэг аясаар дуулж болно. Тэгэхээр ардын дуу юу, Алтангэрэл зохиолчийнх уу гэдэг нь маапаантай.

Сэрүүн булгийн усыг рашаан чинээ бодсонгүй дээ хө

Сэгсгэр буурал ээжийгээ бурхан чинээ санасангүй дээ хө гэж хэлбэрийн хувьд ижилсүүлжээ.

Алтан шаргал бөгжийг минь

Аваад битгий хаяарай

Амрагийн хэлсэн үгийг

Алсдаа битгий мартаарай (Хээтэй мөнгөн бөгж)

дуу нь Ө.Балчиндоржийн үг:

Алхан тамгатай хээрийгээ

Арилжаалж битгий зараарай

Амрагаа гэсэн сэтгэлийг

Алсдаа битгий мартаарай дуу нь хэлбэр бүтэц болоод үгийн хувьд ч таарч байна. Б.Явуухулан:

Монголын дорнод тал

Талбиун болоод цэнхэр

Монгол хүний сэтгэл

Талаа дагаад тэнэгэр… (Монголын дорнод тал) шүлэг

З.Түмэнжаргалын

Ямар уудам юм бэ

Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ

Монгол хүний сэтгэл… (Монголын тал нутаг) гэж шад бүрийг хооронд нь солбиж үгийг ялимгүй өөрчилсөн байна. Үүнийг дараах байдлаар солбиулан тавихад:

Б.Я: Монголын дорнод тал

З.Т: Монголын тал нутаг

Б.Я: Талбиун болоод цэнхэр

З.Т: Ямар уудам юм бэ?

Б.Я: Монгол хүний сэтгэл

З.Т: Монгол хүний сэтгэл

Б.Я: Талаа дагаад тэнэгэр

З.Т: Яасан уужуу юм бэ гэж ижилсжээ. Гэтэл ингэсхийгээд “амаа татсангүй” харин ч бүр цагаандаа гарч Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн:

Адуучин аавын хүү билээ

Агтын тоосонд төрсөн билээ

Алимнаас ургасан алим билээ

Аминаас ургасан амь билээ… гэж (Хөх даалимбан тэрлэг, 1969) найраглалд шүлэглэсэн байдаг. Б.Лхагвасүрэнгийн “Ээжийнхээ ачийг яалаа даа” дуунд:

Амиа хувааж төрүүлсэн

Ээжийнхээ ачийг яалаа даа

Ухаанаа асгаж ургуулсан

Ээжийнхээ ачийг яалаа даа… гэж шүлэглэсэн байдаг. Гэвч дээрх хоёр шүлгийн үг, бүтэц байгуулалт болоод санаа нь З.Түмэнжаргалын (Эжийгээ баярлуулж яваарай) дуунд:

Аминаас тасарсан амь билээ чи

Биенээс салаалсан биехэн билээ чи

Ухаанаас ургасан ухаан билээ чи

Уяралтайхан ээжийгээ хүндэлж яваарай гэх мэтээр додомдсон нэр зүүж будаа идсэнийг дуучин Т.Баясгалан арай нэг өөр аяар ард түмний дунд амьдруулж зохиолын дууны хитийг тэргүүлжээ.

     Зохиолч З.Түмэнжаргал, зохиолч Б.Лхагвасүрэнгийн дуун дахь “амь, бие, ухаан” гэсэн тулгуур гурван үгийг гурвууланг нь авсан нь уламжлал гэхэд ахдах бөгөөд ерөөсөө хуулбарлаж аваад л шууд дуу болгочихсон нь тодоос тод баримт юм. Мөн

Хотоор адуун байвчиг

Хоогий минь яаж гүйцэхэв

Хошуугаар ах нар байвчиг

Аавыг минь яаж гүйцэх вэ

Зэлээр адуун байвчиг

Зээрдий минь яаж гүйцэх вэ

Зэрэгцээ эгч нар байвчиг

Ээжийг минь яаж гүйцэхэв ардын дуунаас шавь нь багшаасаа суралцаж байгаа мэт

Рашаан булаг олон чиг

Сэлэнгий минь яаж гүйцэхэв

Ачтан буянтан олон чиг

Аавыг минь яаж гүйцэхэв гэж хэлбэрийн давталт хийсэн нь тод байна. Монголын яруу найраг …”гүйцнэ гүйцэхгүй” гэсэн олон дуутай болчихсон нь нэгийг аялж байхад нөгөө нь сэтгэлд харваад ухаан санааг самууруулаад болохоо байх нь.

Манж монгол хиа нар байвч

Мянганбууг минь гүйцэхгүй

Манж монгол хатад байвч

Магад Дарийг минь гүйцэхгүй (Уртын сайхан хүрэн),

“Учирдаг нь олон боловч

Ээжийг минь гүйцэхгүй…

…Таньдаг нь олон боловч

Ээжийг минь гүйцэхгүй…

…Энхрийлдэг нь олон боловч

Ээжийг минь гүйцэхгүй” (Өндөр засгийн шил),

Д.Баярбаатарын шүлэг

Хатуу ч гэлээ хад чулуу

Амьдралыг яаж гүйцэхэв дээ

Эрхлүүллээ гэхдээ хорвоо

Ээжийг минь яаж гүйцэхэв дээ (Ээжийг минь яаж гүйцэхэв дээ) гэж бөөн бөөнөөр нь ихэрлүүлж Монголын яруу найраг товойж харагдах өнгө аясаар “яруу” биш “ядуу” болж байгаад шаналж, шархирч байна. Мөн тэрээр “Амин хайрын эх орон” дууны шүлэгтээ:

 Алтайн их уулсаас

Дорнын их тал хүртэл

Алтан говиос умрын

Хөглөгөр ногоон ой,

Хөвч хүртэл

Цэлгэр уудам нутаг

Хангайн монгол

Говийн монгол

Цээжинд лугших зүрх миний эх орон гэж гоё аялгуутай дуу буй. Гэвч Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн 1980-аад онд бичсэн “Эх орны дуулал” шүлэгт:

Алтайн их хайрхны

Мөнх цаст оргилоос

Аварга халимын

Сэрвээ шиг Буйрын

Мөнгөн долгио хүртэл

Аралт тэргэнд хотойсон

Монгол Шарын даваанаас

Алтан элс молцоглосон

Овоон ингэний ус хүртэл

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орон хэмээн түүнээс илүү яруу тод, уран дүрслэлтэй шүлэглэсэн шүлгээс дүрслэлийг нь бууруулж зээлджээ. Их найрагч Б.Явуухулангийн олны танил болсон нэгэн шүлгийн:

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана… (Мөнгөн хазаарын чимээ) шүлгийн эхний мөрийг тэр чигээр нь аваад:

Өнчин дэрэн дээр нойр хулжин

Өнийн ирээдүйг зөгнөн байхад нь

Өөрийн эрхгүй чи минь бодогдож

Өр зүрх минь чам руу тэмүүлнэ… “Цэргийн бодол” гэж хэн нэгэн сэвгэр лүү санаашран тэмүүлсэн өнгө аясаар ижилсүүлжээ. Монгол ардын дуу “Уртын сайхан хүрэн”-д:

Мартъя гэж санахнаа

Зүүдэнд минь илхэн үү дээ хө гэж шүлэглэснийг Н.Пүрэв “Цэцгэнд төөрсөн эрвээхий” хэмээх нэрээр олонд танил болсон, дуучин Чулуунбаатарын дуулсан нэгэн дуунд:

Мартъя гээд бодлоо чиг

Марал зүүдэнд тормолзоно гэж ихэрлүүлжээ.

Б.Явуухулан:

Чи минь л дэргэд байхгүй бол

Би, шөнийн тэнгэр саргүйтэй адил

Чи минь л дэргэд байвал

Би, шүүдэр гялалзсан цэцэгтэй адил шүлэг нь Дүгэрийн үг, СТА Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нарын хамтран дуулсан “Сэтгэлийн хур” дуунд:

Нуур нь амгалан бол

Шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал

Би жаргалтай… гэж ижилссэн байна. Үүнийг хуулсан хулгайлсан гэх нь хаашаа юм, лавтай давтсан нь үнэн билээ. С.Хишигсүрэн (Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна) шүлэгтээ:

Урсах мөрөн сөрж өгсье

Ургах нарыг угтаж тосъё дууны дахилт нь Б.Төрийн “Учралын уянга” дууны:

Хэрлэн мөрний урсгалыг

Өгсөж явъя хоёулаа

Хэцүү амьдралын хөндийг

Сэрж л давъя хоёулаа… санаатай ах дүүгийн барилдлага ижилссэн лугаа нь хачирхалтай.

Цагаантай тэмээ нь ачааны чимэг

Цацагтай сэвгэрүүд гэрийн чимэг

Ингэтэй тэмээ нь ачааны чимэг

Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг… гэж Монгол ардын дуунд дуулдгийг Х.Лхагвасүрэн “Ингэн тэмээний дуу” хэмээн шинэ нэр хайрлаж, бадаг мөр нэмж, дэлгэрүүлж өөрийн нэрээр овоглосон байна.

Суусан сургууль минь нэг билээ

Сурагчийн ширээ минь ижил билээ

Нэг л үүлний бороогоор ундаалсан

Нэг л хаврын цэцэг билээ бид шүлгийг Мөнхбат найрагч:

Таван хаврын яргуй болж нэг л хөндийд ургасан

Таван намрын навчис болж нэг л модноос салаалсан гэж үгийг нь ялимгүй өөрчлөн ашиглажээ.

Даяаршлын эрин зуун гэж зөвтгөж болох ч энэ явдлыг бодолцох, таслан зогсоох цаг нэгэнт болжээ. Монгол хэлний чадал их, шинэ найрагчдын мэдлэг нимгэн болоо юу даа.

     Дууны шүлэг бичдэг яруу найрагчид үг найруулгын алдаа мадагтай бүтээл гаргах боллоо. Л.Алемберг “Ярьж бичиж байгаа хүний ухаан авьяасын илэрхийллийн хамгийн ховор, хамгийн өвөрмөц чанарыг найруулга гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Найруулга зүйчид үг илүүдсэн, үг дутсан, үг буруу сонгосон, яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон, нэг үгийг олон давтсан, өнгө аяс гажуудсан, баримтын, логикийн үгийг буруу хэлбэржүүлсэн зэрэг олон алдаа байдгийг сануулсан нь оюутан надад биш харин яруу найрагч ах эгч нарт хамаатай.

     Утга учиргүй, логик (алдаатай, эсвэл хэлзүйн) мэдлэг дутуу дулимгаасаа болоод үгээ буруу хэлбэржүүлсэн, нэг бол бусдын сэтгэлгээг дуурайн даган давтсан, хооронд нь эвлүүлсэн нийлүүлсэн ийм л шүлэг яруу найрагтай дууг бид мандуулж байна.

     Өдгөө ихээхэн нэрд гараад буй дуучин Т.Баясгалангийн дуулсан Н.Баянмөнхийн шүлэг, Н.Сэр-Одын ая “Ботгоны дуу” болон “Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу” гэдэг дуу байна. Үнэхээр нэг л содон, уянгалаг, зөөлөн, намуухан аялгуутай энэ дууг бид аялах, сонсох дуртай.

Ээжээ санан, хүлээж буй нялх үрийн тухай өгүүлсэн “Ботгоны дуу”-ны:

“Зэрэглээнд өндөлзөх алсаасаа

Зэрвэсхэн тормолзох нь ээж минь үү дээ

Бүлээн сүүгээ ивлүүлсээр

Бөн бөн тэшүүлсээр ирэв үү дээ” гэсэн бадгийн сүүлийн хоёр мөрийг дахиад нэг уншаад үзээрэй. Бэлчээрт явсан ингийг хэн нэг хөндлөнгийн этгээд “ивлүүлсэн” гэсэн утга гарч байгаа юм. Уг нь бол “бэлчээрээс ивлэсээр” ирэх ёстой.

Дээрхтэй мөн адил ээжээ санан дурсаж, хайрлан бахдаж буй утгыг илэрхийлсэн “Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу” дууны шүлэг байна.

Нөмгөлж гэрлээ задгайлах сарны гивлүүргэнд

Нүдэн болор шүүдэр өнжүү хийгээд задрахад

Зөөлөн шаргал гунигаараа навчис дэнсэлж мэлмэрлээ

Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ

гэдэг бадагт нялх балчир үе улмаар ээж нь хэрхэн асарч хүн болгосон тухай буюу дурсамжийн утга илэрч байгаа юм. Үүнийгээ батлаад,

Бороон цайвар хөшгөөр өвгөн уулсыг шүргэнэ

Бодлын хээтэй хурмастаараа шувуудын дуу гансрахад

Арзтай цэнхэр горхиор асга нь тэндээ харзаллаа,

Ангир шаргал уургаа амлуулж зүүдэллээ ээжээ гэсэн бага насны үеэ зүүдлэн байгаа өгүүлэмж өрнөдөг юм. Гэтэл энэ бадагт эхийнхээ ангир уургийг хөхөж буй хүүхдийн дүр бус, ээждээ өөрийнхөө “ангир шаргал уургаа амлуулж” буй хачин дүрийг урласан нь өөрийн эрхгүй гайхшрал төрүүлнэ. Уг нь “ангир шар уургаа амлаж зүүдэл”-сэн бол гайхах зүйлгүй.

“Хөлгүй цэнхэр нуур” гэдэг сайхан аялгуутай нэг дуу буй. Уг дууны:

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өндөлзөөд хоцрох нутаг минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана гэснийг Монголын уламжлалт арга билгийн ухааны ойлголт, дүрслэлээс харж болно.

     Арга билгийн үүднээс эцэг бол аргын тал байдаг. Харин эхийн тал нь билгийн тал болдог. Уул аргад багтана. Ус билгийн талд хамаарна гэсэн үг юм. Тийм учир “уул шиг нөмөртэй аав”, “хангай шиг түшигтэй аав”-ын дүрслэл Монголын уран зохиолд нэгэнт хэвшжээ. Мөн л алдаатай боловч, бидний сайн мэдэх нийтэд дэлгэрсэн нэгэн дуунд “хөндлөн судалт уулс нь аавтай минь аргагүй л адилхан” гэж гардаг.

Ус ариутган цэвэршүүлдэг чанараараа ээжтэй нэгэн адил билгийн тал болдог. Арга билгийн энэхүү ойлголтоо уг дууны шүлгэн дээрээ аваад ирвэл

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь шаргалтана

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өндөлзөөд хоцрох нутаг минь цэнхэртэнэ гэвэл утгын хувьд илүү нийцэх мэт. Гэхдээ энэ бол эхний асуудал нь бөгөөд дараачийн ажиглагдсан нэг зүйл нь, уг дуунд дүрслэгдсэн өнгө юм. Тэгэхээр нуур нь дуунд байгаа шиг шаргалтах биш (хэдийгээр ус өрөмтдөг авч энэ нь өөр зүйл) цэнхэртээд (дууны нэр нь “Хөлгүй цэнхэр нуур”), намар нутаг нь цэнхэртэх бус шаргалтвал учир зүйд бүр илүү нийцтэй мэт санагдана. Тэгэхээр арай зөв дуулъя гэвэл:

Үнсээд угтах ээж минь үгүй ч

Өрөмтөөд хоцрох нуур минь цэнхэртэнэ

Өмөлзтөл санах аав минь үгүй ч

Өндөлзөөд хоцрох нутаг минь шаргалтана гэж дуулах болж байна даа. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Далантай, СТА Т.Баясгалан нарын хамтарч дуулдаг “Эрхлэн жаргах чи бидэн хоёр” дуунд:

Эгшиглэн дуулах (“дуугарах” баймаар)

хуурын чавхдас хосоороо

Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа

Хайр хайрандаа дэлгэрч жаргая хоёулаа

Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа гэж жинхэнэ, амраг хайрын сэтгэлт залуусын хүслийг илтгээд, цааш нь:

…Алган дээрээ сарыг мандаая хоёулаа…

Дуу шиг цэнхэр оддыг мандаая хоёулаа

…Хөх тэнгэрт солонго мандаая хоёулаа хэмээсэн хайрын гэгээн мөрөөдлийг тусган үзүүлсэн байдгийг бид мэднэ.

     Энэ дууны агуулгыг тэлж бодвоос зөвхөн нар, сар, одыг мандуулж, гэрэлтэй гэгээтэй сайхан амьдарна гэсэн утгаас илүүтэй нар, сар, од, солонго адил түшигтэй, нөмөртэй, гэрэл, гэгээтэй, ачтай тустай, гоо үзэсгэлэн төгөлдөр үр хүүхэдтэй болж сайн сайхан аж төрье гэсэн өгүүлэмж тодордог авч, сонгон авсан зүйрлэлийнхээ учир зүйг зөрчсөнөөс болж, тэнгэрээр татдаг солонгыг Тэнгэрт мандаагаад, Тэнгэрт түгдэг оддыг бас л мандаагаад, уран сайхны хэтрүүлэгтэйгээр “худлаа” яриад байх жишээтэй. Тухайлбал З.Түмэнжаргал:

Хурц алтан нарыг ээ

Хуруугаар хааж л болох уу даа

Хувьхан заяаны амрагаа

Хуураад л хайрлаж чадах уу даа ай хө

Ганцхан заяаны амрагаа

Мэхлээд л жаргаж болох уу даа ай хө “Алтан нар” гэж тун ядмаг үгээр санаагаа буруу илэрхийлжээ. Авьяаслаг залуу яруу найрагч Ц.Бавуудорж:

Гэр дүүрэн гэгээ татуулсан

Гэргий зандан бүсгүй чи минь дээ

Гишгэсэн газраа цэцэг ургуулсан

Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй

Замиланг гийтэл мишээл цацруулсан

Завилсан зандан амраг чи минь дээ

Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн

Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ

Бөртэ сарыг дуултал уяраасан

Бүүвэй зандан хонгор чи минь дээ

Эсгэсэн торгондоо уянга дагуулсан

Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ “Тэнгэрийн бүсгүй” дуундаа “зандан” гэдэг үгийг эм хүйсэн дээр хэрэглэж ижий зандан гэсэн байгаа юм. Зандан гэдэг үгийг үнэр гэж үзвэл гэргий зандан үнэр, гэзэгтэй зандан үнэр, завилсан зандан үнэр, бүүвэй зандан үнэр гээд учир зүйн хувьд нийцтэй бус байна.

Пүрэвийн “Намрын өнгө орлоо ээжээ” дуунд:

Нэг л шөнө үүлс хошуураад

Намираа бороо шаагина гэсэн нь логикийн хувьд ерөөс хэн ч бодсон намираа бороо огтхон шаагьдаггүй, харин аадар бороо, үгүйдээ нэлээд усархаг борооны чимээ шаагих шүү дээ. Гэтэл дээрх дуунд бүр эсрэгцүүлэн бичсэн нь дуунд ая хийх хөгжмийн зохиолч, дууг дуулж буй дуучин гээд гээндээ ч гоондоо байна. Энэ нь зохиолч төдийгүй утга зохиолын нэр хүндэд ямартаа ч ашигтай сайн зүйл биш. Үүнтэй адил зүйл Л.Жаргалсайханы үг, ая “Сөгнөгөрийн гол” дуунд ч мөн л давтагдсан.

Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол

Шөнөдөө намуухан шаагина… гэсэн нь уг гол шөнө болгон урсгал нь ширүүсч шаагиад байдаг гэсэн санааг л уншигчдад өгнө. Тэгэхдээ Би уран зохиолд стандарт тогтоох гэсэнгүй. Уран зохиол онгодоор бүтдэг. Бодит байдлыг яг тэр чигээр нь дүрслээд байвал тэр уран зохиол биш. Намираа бороо буух явцдаа шаагьсан байж ч болно. Тухайн хүний сэтгэлд яаж бууж байна гэдгээс бас хамаарах байх. Тэрнээс яг тийм байх ёстой гээд стандарт тогтоочихвол хэл хөгжихгүй. Хэл гэдэг бол өөрөө уян хатан байж хөгжих ёстой билээ л.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн П.Сандуйжавын “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” дуунд:

Өрөвдөх л юм даа чамайгаа

Өрөвдлөө гээд ч яахав дээ

Өдөр өдрийн уртыг

Өнгөрөөж яаж туулъя даа… гэсэн бадагт “өөдгүй эр”-ийн үгийг хэлж дараагийн бадагт дээрх арга барж цөхөрсөн, туулж ядсан мөнөөх санаагаа улам бүр гутрангуй болгож уруудуулан өнгөрөөж яаж “хорвоог” барах вэ гэснээрээ амьдралаас уйдаж залхсан өнгө аястай үхээнц дуу болжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:

Нуур нуурыг харлаа гэхэд

Давстай давсгүйг нь мэдээнэ үгүй еэ “Мэдээнэ үгүй сэтгэл” гэсэн байна. Дуу уран сайхантай, аялгуу хөг хэмнэлтэй байх ёстой. Дууг дуулж байхад үндсэн агуулгад нь давс хужрын тухай хэг ёг үгс орж ирэх нь хэт энгийн дүрслэл рүү унагаж байна. Дууны яруу найраг гэж уг нь байх ёсгүй. Харин одоо бол захиалгатай болчихсон болохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болоод байна.

Д.Алтангэрэлийн үг:

Сэгсгэр буурал ээжийгээ

Бурхан чинээ санасангүй

Дүнхэр буурал аавыгаа

Бурхан чинээ санасангүй гэж “Бурхан бумбын орон” гэж дүрсэлсэн байна.

     Үнэндээ “сэгсийсэн мам чөтгөр шулам”-ын тухай багаасаа үлгэрээс сонсож тэр нь өдий хэр сэтгэл оюунд байгаадаа би өөрөө зохиолчийн гоо сайхны хэм хэмжээ алдсан дүрслэлийг буруу ойлгоод байж мэдэх ч нас ахисан буурал ээжүүд сэгсийж байх нь барагтай үгүй агаад эрт дээр үеэс хүн чулуу хөшөө болоод, уйгарын үед хамаарах турфаны цуглуулгаас олдсон зургийн дүрслэлээс монгол эмэгтэйн гоо сайхныг үзэж болно. Ер нь л эмэгтэй хүн үс гэзгээ хямгатай байлгаж үзүүрийг нь задгай тавихгүй, өглөөд мандах наранд ч үсээ самнахгүйгээр гадагшлахыг хүртэл цээрлэдгийг “Ертөнцийн гурав”-т гэзгээ самнасан эхнэр нэг цэмцгэр гэж тодотгосон.

     Энэ мэтчилэн Баярбаатарын “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” дуу нь нэрээсээ эхлээд явган шог ярианд орж “Дууг дуулсан эмэгтэй” (дуучин Т.Баясгалан)-г танай ээж ч их хурдан гэнэ, мөн хадам ээжүүдийн дуу гэхчлэн егөөдөл гарч байгааг бодууштай л юм даа. Уг дуунд “хатуу гэлээ ч зөөлөн үгийг тань сонсмоор байна аа ээжээ” гэжээ. Яахаараа хатуу үг зөөлөн болоод байгаа нь логикийн хувьд эргэлзээтэй л байна. Ш.Гүрбазарын “Үүр битгий цайгаасай” дуунд:

Өглөө битгий болоосой

Өөрийнхөөрөө чамайг хайрлая би хайрлая… гэж урлагийн алтан тайз дээрээс орилох нь жудаггүй, энэ шүлэгт уран яруу чанар огт алга. Гала хамтлагийн дуулсан:

Зугаатай мөчөө би чинь дурсаад

Зүүд нойрондоо чамайгаа зүүдлээд

Хайрт чамдаа хар сарнай бэлэглэе

Хайрын чинь тэр нулимсыг

Хар сарнайтай зүйрлэе… гэжээ. Үнэнч хайрын бэлгэдэл хар бус, европ дахинаа улаан сарнай монгол ёсонд цагаан уул цэцэг байдаг. Хайрыг хар сарнайтай зүйрлэх нь гоо зүйн хувьд таатай бус. Нямцэрэнгийн шүлэг:

Алтлаг хархан гэзэг нь

Ар нуруундаа чимэгтэй

Халхын сайхан хүүхнүүд наран адил жавхаатай

Ханилан суухад ялдамхан

Насан мөнхийн түшигтэй (Халхын сайхан хүүхнүүд) гэж МУГЖ Б.Батсүх тун ч эвлэгхэн хоолойгоор уянгалуулан дуулж ард түмний сонорт хүргэсэн. Алтлаг (шаргал) өнгө хархан болохоор учир зүйн хувьд алдаатай харин алтлаг шархан гэзэг гэвэл тохирох ч халхын хүүхнүүд будаг түрхээгүй л бол шар гэзэггүй л дээ. Баянмөнхийн шүлэг, Ч.Бат-Эрдэнийн дуулсан:

Дэврүүн багын гэгээн хайраа

Дээдлэн дурсах балчир нас минь… (Гэгээн хайр) дуу нь бага насны хайрыг балчир насанд дурсахгүй …өөрөөр хэлбэл дээдлэн дурсаж байгаа хайр балчир насанд тохиохгүй…

Мөнхбатын шүлэг, мөн Ч.Бат-Эрдэнэ олны сонорт хүргэсэн:

Хөөрхий чинийхээ найланхай аашинд

Хөөр баяслын магнай тэнийнэ (Хайрын хишиг) Хөөрхий зайлуул тэр муу амьтан гэж егөөдөн хэлдэг хэллэгийг дуу болгон шүлэг бичээд хөөр баяслын магнайг нь тэнийлгэж байгаа хүн нь хөөрхий байхлаараа уруудсан шинж ажиглагдаж байна.

С.Оюуны үг, Т.Баясгалан, МУГЖ У.Далантай нарын хамтран дуулсан:

Хайр хайрандаа дэлгэрч жаргая хоёулаа

Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа (“Эрхлэн жаргах бидэн хоёр”) гэж дуулж буй нь шөнийг хамт өнгөрөөж нар гаргахыг л харъя гэсэн утгатай мэт бодогдоно. Дуучин Жавхлангийн дуулсан:

Норсон гэзэг нь аясаар задраад

Нойрмог хорвоо хэндээ ч битгий хэлээрэй… хэмээх дуунд байгаа нэгэн алдаа нь норсон гэзэг нойтон дээрээ л зунгааралдана уу гэхээс хэзээ ч аясаараа задрахгүй.

     Монгол хэлний дагаварт утгыг өөрчлөх буруутгах эд шид байдаг. Тиймээс үгэнд дагаврыг буруу залгавал утга нь гажуудна. Дуучин Болдын дуулсан нэгэн сайхан хайрын дуунд:

Хос далавчаа дэвэн дэвсээр

Чамтайгаа би тэнгэр лүү ниснэ

Тэнд-ээс чамдаа хайртай гэж хэлээд

Тэнгэр-ээс цэцгээр бороо оруулна гэж бичжээ. Хайртай хүнтэйгээ хамт тэнгэрт оччихоод, өөр нэгэн этгээд рүү хайртай гэж хэлээд тэнгэрээс цэцэг илгээгээд байгаа нь ч их маапаантай. Тэндээ чамдаа хайртай гэж хэлээд тэнгэрээс цэцгээр бороо оруулсан бол гайхах зүйлгүй.

Д.Ган-Очирын шүлэг, Бат-Эрдэнийн ая, Болормаагийн дуулсан:

Сэтгэлд хөглөгдсөн нууцхан хайр

Уяан дээр нь дүүхэлзэх нь сайхан

Хурын усыг хундаганд дүүргээд

Хувааж уугаад хоёул согтох шиг

Хувь заяаны учралууд чамтайгаа

Хуурын чавхдас шиг ижилсэн хөглөгдөнө (“Гэгээн хайрын дуу”) Хувь заяаны учрал-ууд чамтайгаа гээд хоёул согтож байгаа мөртлөө учралууд гээд олон хүнтэй хувь заяагаа зэрэг нэг агшинд холбож, бүгдээрээ хуурын чавхдас шиг ижилсэн хөглөгдөж байгаа мэт болгожээ. Л.Гаваасүрэнгийн шүлэг…

Өөрийнхөө хайранд өлгийдөөд

Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө… өтлөхөд нь гэж нас хөгшин байхад нь жаргааж чадлуу даа гэсэн л утга байна. Өтөлтөл нь гэсэн бол дөхөмтэй болох байсан ч байж магад. Том Жагаагийн ая, үг “Сөгнөгөрийн гол” дуунд ч мөн

Учрал мөнгөн сарны дор чи минь

Ундар-шгүй хайрын ундраа даа хө… гэжээ. Ундаршгүй юм яахлаараа ундраатай болчихоод байгаа нь ч маапаантай. П.Сандуйжавын үг:

Мөрөөдөх л юм даа чамайгаа

Мөрөөдлөө гээд ч яахав дээ

Мөнхийн энэхэн орчлондоо

Мөнхрөх ч биш дээ хоёулаа (Мөнхрөх ч биш дээ хоёулаа) уг шүлэгч орчлонг мөнх гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бол доо. Дүгэрийн үг, ая “Сэтгэлийн хур” дуунд:

Хос шувуу-д нуурандаа шөнөжин дуулах юм

Ижил шувуу-д тэнгэртээ халин нисэх юм… хос, ижил (хоёр) гэсэн үгээр шувууг тодотгосон мөртлөө шувууд гэдэг үгийн ард олон тооны (д) дагаврыг давхардуулан залгажээ.

Шүлэг яруу найргийн үг хэллэг ерөнхийдөө зарчмаасаа гажиж, дэвшүүлж буй санаагаа бэлэн тогтсон чимэг үгээр додомдон бичдэг болсон нь уран сайхны сэтгэлгээний их ядуурал юм.

     Уран зохиолд бие биеэсээ өвлөх уламжлах зүйл байсаар ирсэн, тэрийг үгүйсгэхгүй. Явуугийн шүлэгт өргөн цагаан тал гэж байхад бусад олон зохиолчдынход олноор ихэрлээд, энэ яриа хэтрээд бүх юм нь эв ижил, ав адил болоод будлиантай зүйл ихэдвэл төөрөгдөл гэх үү, хулгай гэх үү бөөн аюул болно. Сүүдэр шиг харлаад байгаа зүйлийг гэгээрүүлэх өөр өөрийн өнгө аястай юм гаргамаар байна найрагчид аа. Хэзээ яруу найрагчид биеэ даагаад явах юм. Багшийгаа дагаад бичиж байгаа хүнийг буруу гэхгүй, Лхагвасүрэнгийн шавь л юм байгаа биз. Суралцаж байгаа юмаа, биеэ боловсруулж байгаа юмаа ном болгохгүй байвал сайн байна. Бүх зүйл нь бараантахгүй ялгарч байвал сайхан сан. Шүүмжлэгчдийг доромжилж байна. Уран зохиолын голдрилыг өөрчилж чиглүүлж хянадаг хүмүүс тэд. Учир зүйгээс нь холуур ярьдаг байх ёстой тэд.

     Гэвч ийм зүйлийг хараад гараа дугтуйлан сууж чадахгүй болж. Шүүмжлэгчид хилийн цагдаа биш. Өмч хувааж байгаа юм шиг энэ нь Явуугийнх, энэ нь Бавуугийнх гэдэг хүмүүс ч биш. Энэ мэт олныг өгүүлж болох ч утга зохиол анхлан судлагч би бээр зохиолчийн ур чадварыг үгүйсгэх гээгүй чухамдаа уншигч олондоо л сайн бүтээл хүргээсэй, урлаг, уран зохиолын нэр хүндийг өргөж л яваасай гэж бодсондоо цөөн үгийг хэллээ.

Ц.Мөнхийн дэг сургууль ном

Хуудас 362-380

Эх сурвалж: Монгол хэлбичиг цуврал,

12 боть, 168-186 тал

Top